Орон нутаг руу зорих автомашины хөдөлгөөний хорионы дэглэм тавигдсан болон дулааны улиралд орон нутгийн зам дээр гарах зам тээврийн осол нэмэгддэг байна. Учир нь амралт зугаалгаар хөдөөг зорих хөдөлгөөн эрс ихэсдэг.

Жолооч нар хотоос гараад л хурд хэтрүүлдэг, согтууруулах ундаа хэрэглэдэг, хүн хэтрүүлэн тээвэрлэдэг, анхаарал нь сулардаг зэргээс үүдэлтэй аж. Холын замд техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж яваагүйгээс ч нэлээд осол гардаг байна.

Сүүлийн хэдэн өдрүүдэд дараалан орон нутгийн замд гарах осол гарч байгаа аж. Орон нутгийн зам дээр гарсан осол аваар ихэнх тохиолдолд хүний амь насыг авч оддог байна. Тиймээс жолооч та бүхэн автомашины аюулгүй байдлыг бүрэн шалгаж аян замдаа гарахыг сэрэмжлүүлэн энэхүү мэдээллийг бэлтгэж байна. 

Өнгөрсөн онд 985 зам тээврийн гэмт хэрэг бүртгэгдэж хэргийн улмаас 430 хүний амь нас хохирч, 2718 хүн гэмтэж бэртсэн гэсэн тооцоо гарсан байна. Үүнээс мотоцикл хөдөлгөөнөөс үүдэлтэй 479 осол, хэргийн улмаас 74 хүн амиа насаа алдаж 295 хүн гэмтэж бэртсэн бол хүүхэд өртсөн 543 осол бүртгэгдэж үүний улмаас 64 хүүхдийн амь нас хохирч 561 хүүхэд гэмтэж бэртсэн тоо байна. Түүнчлэн энэ оны эхний 2 сарын байдлаар мотоциклийн хөдөлгөөнөөс үүдэлтэй 20 осол хэргийн улмаас 11 хүний амь хохирч, 20 хүүхэд  гэмтэж бэртжээ.

Орон нутаг дахь цагдаагийн газрын алба хаагчид Олон улсын болон улсын чанартай авто замд цагийн менежментээр ажиллаж байна.