Монгол Улсын эдийн засаг өргөжин тэлж, гадаад  худалдааны эргэлт өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор Голомт банк монголын бизнес эрхлэгчдийг олон улсын худалдааны үйл ажиллагаанд эрсдэлгүй оролцох боломжийг олгох, мэдээллээр хангах зорилгоор, дэлхийд нэр хүнд бүхий “Clyde & Co” хуулийн фирмтэй хамтран “Олон улсын худалдааны санхүүжилт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтанд Голомт банкны  харилцагчид болоод  бизнес эрхлэгчид хамрагдсан байна.


“Clyde & Co” олон улсын хуулийн фирм нь өөрийн үйлчлүүлэгчдийн бизнесийн язгуур эрх ашгийг хангахад чиглэсэн үйл ажиллагааны  цар хүрээгээрээ  олон улсад  хамгийн томд тооцогдог хуулийн фирм  юм. Тус фирмийн дэлхийн өнцөг булан бүрт тархсан 37 салбарт, 1500 гаруй шилдэг хуульчид  ажиллан,  ашигт малтмал, дэд бүтэц, тээвэр, эрчим хүч, даатгал зэрэг салбарын хүрээнд хууль эрх зүйн туслалцааг мэргэжлийн өндөр түвшинд хүргэж байна.


“Clyde & Co” фирм нь Монголд бизнеийн үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой, эсвэл хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллах хүсэлтэй, компани хувь хүмүүст хууль эрх зүйн зөвлөгөө өгөхөөс гадна, компаниа хэрхэн өргөтгөх, хөрөнгийн  үнэлгээг хэрхэн хийх, олон улсын хөрөнгийн зах зээлд хэрхэн гарах талаарх мэдээлэл өгдөг юм.  Голомт банкны бизнес эрхлэгчдэд зориулсан “Олон улсын худалдааны санхүүжилт” сэдэвт сургалтыг “Clyde & Co” фирмийн хуульчаар 25 жил ажилласан, олон улсын худалдаа болон, таваарын зах зээлийн  чиглэлээр мэргэшсэн хуульч  Стефан Трикс явууллаа.


Энэ сарын 13-нд  манай  улсад  “Mongolia Trade and Commodity finance”  сэдэвт  олон улсын форум болох гэж байна. Энэхүү арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр Голомт банк ажиллаж байгаа бөгөөд, үүний өмнөхөн  энэхүү  сургалтыг зохион байгуулсан нь  бизнес эрхлэгчдэд олон улсын худалдааны санхүүжилтийн хууль эрх зүйн орчин ямар байдаг, олон улсын тавцанд бизнесийн үйл ажиллагаагаа хэрхэн өргөтгөх, эрсдэлээс хэрхэн сэргийлэх гээд суурь мэдлэгийг өгч чадсанаараа  чухал ач холбогдолтой боллоо.