Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдаанд улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий аймгийн арслан Э.Ууганбаяраар ес давж түрүүллээ.

Б.БАТ-ӨЛЗИЙ, Э.УУГАНБАЯР НАР ТҮРҮҮ, ҮЗҮҮР БУЛААЛДАЖ БАЙНА

НЭМЭЛТ: 18.10 ЦАГ

Улсын харцага Б.Бат-Өлзий аймгийн арслан Т.Довчинсэмбээгээр найм давж, үзүүр түрүүнд барилдахаар боллоо. Улсын начин Ч.Батчулуун аймгийн арслан Э.Ууганбаярт өвдөг шороодов.

Улсын харцага Б.Бат-Өлзий, аймгийн арслан Э.Ууганбаяр нар түрүү, үзүүр булаалдаж байна.

Б.БАТ-ӨЛЗИЙ, Т.ДОВЧИНСЭМБЭЭ, Ч.БАТЧУЛУУН, Э.УУГАНБАЯР НАР ТУНАВ

НЭМЭЛТ: 17.50 ЦАГ

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх хүч үзсэнээс шөвгийн 4 бөх шалгарч үлдээд байна.

Тодруулбал, наймын даваанд улсын харцага Б.Бат-Өлзий аймгийн арслан Т.Довчинсэмбээг амлаж, улсын начин Ч.Батчулуун, аймгийн арслан Э.Ууганбаяр нар туналаа.

П.БҮРЭНТӨГС, Г.ЭРХЭМБАЯР, Э.ОЮУНБОЛД НАР УНАЛАА

НЭМЭЛТ: 15:20 ЦАГ

Хүчит 512 бөхийн барилдааны тавын даваа эхэлж, аваргуудад халтай даваа боллоо. Тодруулбал, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, Э.Оюунболд, заан Н.Жаргалбаяр нар учраа бөхдөө өвдөг шороодоод байна. Улсын аварга Э.Оюунболдын хувьд Өмнөговь аймгийн Ноён сумын харъяат, "Хилчин" спорт хороо, "Эрхэт Монгол" группийн бөх, аймгийн арслан Э.Нямаад өвдөг шороодлоо.

Барилдаанд улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх хүч үзэж байна.

Улсын аварга Э.Оюунболд болон улсын арслан Ц.Содномдорж нар допингийн шинжилгээ өгч буй талаар эх сурвалжууд мэдээлэв. Э.Оюунболд аваргын хувьд гурвын даваанд арслан Ц.Содномдоржийг амлан барилдаж, өвдөг шороодуулсан. Хоёр бөх барилдааны өмнө шөвгөрсөн ч, эс шөвгөрсөн ч допингийн шинжилгээ өгнө гэж МҮБХ-нд мэдэгдсэн тул ийн хоёул шинжилгээ өгч байгаа аж.

Ө.БАТ-ОРШИХ, А.ЦАЦАБШИР, О.ХАНГАЙ, УЛСЫН ГАРЬД Б.ГОНЧИГДАМБА НАР УНАЛАА

Барилдааны дөрвийн даваанд улсын аварга С.Мөнхбат аймгийн заан Э.Мөнхжаргалтай оноолт таарч, өвдөг шороодов. Мөн дөрвийн даваанд улсын гарьд Ө.Бат-Орших, А.Цацабшир, улсын харцага О.Хангай, улсын гарьд Б.Гончигдамба нар тус тус аймгийн начин, арслангуудад өвдөг шороодлоо.

УЛСЫН АВАРГА Э.ОЮУНБОЛД ДАВЛАА

НЭМЭЛТ: 11:55 ЦАГ

Улсын аварга Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржоор гурав давлаа.

УЛСЫН АВАРГА Э.ОЮУНБОЛД, Ц.СОДНОМДОРЖ НАР ТОЛХИЛЦОВ

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ.

Ам авахаас өмнө улсын аварга С.Мөнхбат, улсын аварга Ц.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж нар улсын аварга Э.Оюунболдыг аварга цолтой барилдахыг эсэргүүцэж, барилдаан саатсан юм. Харин Монголын үндэсний бөхийн холбооноос тайлбар хийсний дараа бөхчүүд ам авахад Монгол Улсын аварга Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржийг амлан авлаа.