УИХ-ын гишүүн асан М.Зоригт болон УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, зохиолч Ж.Саруулбуян тэргүүтэй Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийнхөн мэдээлэл хийж, "Андлалын Хөшөө"-г нураасантай холбоотой байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр М.Зоригт: "Та бүхэн бүгд мэдэж байгаа. Хэдхэн хоногийн өмнө “Андлалын өргөө” цогцолборыг буулгасан. Тэр бичлэгийг хараад би үнэхээр цочирдсон. Арай ч дээ, Монголчууд бид чинь юу болж байна вэ? Яахав, өмнө нь энэ хөшөөг муулж сайлж байхыг нь бол ойлгож байсан. Би өөрөө тэр хөшөөг очиж үзсэн. Нөгөө л хулгайлдаг цавчдаг, хүрзнийх нь ишийг ч аваад явчихдаг өнөөгийн Монголын дүр төрх тэр хөшөөн дээр байж л байсан нь үнэн. Гэхдээ муу ч сайн ч Монголын ондоошил, эх түүхээ хүндлээд хойч үедээ үлдээх өв болж байгаад нь баярлаж байсан. Монголчууд бид цөөхүүлээ. Дэлхий даяар хамж цуглуулаад 10-хан сая.

Өвөг дээдсээс заяасан эх орноо, тусгаар тогтнол, нэр хүндээ үеийн үед бид авч явах ёстой. Үүний тулд бусдаас ялгарч байх ёстой. Бид өөрийн түүхтэй, соёлтой, хэлтэй, газар нутагтай. Гэтэл тэр түүхийг хоорондоо хэмлэлдсээр байгаад нэг өдөр үгүй хийх нь. Тэр хөшөөг нурааж байгаа бичлэгийг үзээд миний бие махбодиос нэг зүйл зулгаагаад аваад явчих шиг л болсон.

 

Тэр дор нь Батноров сумын засаг дарга руу ярьсан, Б.Бат-Эрдэнэ гишүүн рүү ярьсан. Утаснууд нь холбогдоогүй. Хэнтий Аймгийн Засаг дарга Ц.Идэрбаттай ярьж асуусан. Хөшөөг нураасан нь үнэн гэж хариулсан. Тэр өдөр Монголчууд маань юу болов оо? Нэг нэгнээ хэмлээд, бах нь ханаад, дур тавих нь тавиад л... Үүний цаана юу болоод өнгөрч байгааг хүмүүс ойлгож, ухамсарлаж байгаа юм уу? Тэр БОАЖ-ын сайд эмэгтэй төсвийн мөнгийг аваад ирсэн гээд илтгээд байдаг. Цаана нь юу алдсанаа тэр сайд ухамсарлаж ойлгож байгаа юм уу? " гэсэн бол 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: " Монголчуудын өвөг дээдсийн соёл түүх бол дэлхийд нэр мөрөө үлдээсэн, гайхамшигтай зүйл. Үе үеийн төрийн тэргүүнүүд, ард иргэд хамтран түүхээ хамгаалж, баталгаажуулж явж ирсэн юм аа. Хамгийн сүүлийн жишээ бол 2016-2020 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд Хэнтий нутгаас сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ гишүүн өөрөө санаачлаад, би болон бусад гишүүд санал хүсэлтээ хэлээд, олон улсын харилцаатайгаар энэ том төслийг боловсруулсан юм.

 

Тухайн үеийн Засгийн газрын гишүүд Хэнтий аймагт очиж үзээд, хариуцлагагүй уул уурхай газар авсан энэ үед түүхийн өлгий болсон газар нутгаа хадгалж авч үлдсэн Хан Хэнтийчүүддээ баярлалаа. Зөвхөн баярлаж талархаад зогсохгүй Монгол төрийн бодлого ийшээ чиглэх ёстой юм байна. Түүхэн аялал жуулчлалын бүс болгох шийдвэрийг нэн тэргүүнд гаргах ёстой юм байна. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх ёстой гэсэн юм.

Тийм ч учраас энэ бүтээн байгуулалтуудыг хэн нэгэн санаагаараа ийм юм хийнэ гэж гаргаагүй. Олон эрдэмтэд, судлаачид, уран бүтээлчдийн дунд сонгон шалгаруулалт хийж байж эхэлсэн юм. “Андлалын өргөө” байсан газар буюу Хүлэг Боорчи, Тэмүүжин нарын анд бололцсон энэ түүхийн баталгаат газарт ганц гадас ч болтугай хатгаад авах юмсан. "хэмээсэн юм.

Мөн Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийнхөн цаашид төрийн ямар ч оролцоо, санхүүжилтгүйгээр бүтээн байгуулалтын ажил хийнэ,ингэхдээ дэмжиж буй иргэдээс хандив цуглуулна гэв.