/Эргэцүүлэл/

 

Саяхан манай сонины нэгэн дугаарт Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Ганбаатарын өгсөн “Цэргийн алба хэзээ ч зөөлөн байж болохгүй” гэсэн гарчигтай ярилцлага нийтлэгдсэн юм. Удалгүй эл ярилцлагыг манай редакц өөрийн нүүр хуудастаа байрлуулснаас гадна www.sonin.mn сайт нийтлэн олон нийтэд түгээжээ. 

Мэдээж гарчгаасаа эхлээд өнөө цагт хүмүүсийн анхаарал татахаар уг ярилцлагыг сонин, цахим сүлжээнд нийтэлбэл хүмүүсийн хандлага хэр байх бол гэсэн бидний битүүхэн хүлээлт байсан. Өөрөөр хэлбэл, 70:30 гэсэн харьцаатай байх болов уу гэж таамаглаж байв. Далан хувь нь гарчгийн утга санааг дэмжээд үлдсэн 30 хувь нь эсрэг бодолтой байна гэж таамагласан хэрэг. Гэтэл цахим орчинд нийтлэгдсэн даруйдаа тус харьцаа эсрэгээрээ эргэсэн юм. Далан хувь нь цэргийн албыг шүүмжилж, тэр ч байтугай зөөлөн байх хэрэгтэй гэв. Зарим сэтгэгдлүүд дотор “Тэнд очсон хүмүүс юу ч сурдаггүй, хүний алаг үрийг авч явчихаад тамалсаар байгаад л халдаг”, “Монгол шиг ардчилсан оронд эрх чөлөөт иргэн нь болж төрчхөөд цэрэгт очоод дэглүүлнэ гэж юу байхав” гэх зэргээр бичсэн сэтгэгдлүүд ихэнх хувийг эзэлж байлаа. Үнэхээр харамсалтай биш гэж үү. Өнөөх эзэн Чингис хаанаараа омогшин бахархаж, цээжээ дэлддэг, чонын удамт, хөх тэнгэрээс гаралтай монгол эрчүүд гэж өөрсдийгөө нэрлэдэг манай залуус ийм сэтгэлгээтэй болчихсон гэж үү. Эх түүхийн эзэд болсон дайчин эрчүүдийн залгамж халаа энд хүрээд бүдгэрч байна гэж үү. Ганц өдөр хоолгүй явж, гуравхан км газар гүйж үзээгүй, ийм л сэтгэл зүй, бие бялдрын хүмүүжилгүй залуусаар дүүрсний дохиог тэр сэтгэгдлүүд бидэнд харин ч хэлээд өгөх шиг боллоо. 

Энэ бол өнөөгийн бидний ардчилсан нийгмийн бас нэгэн гажуудлуудын нэг. Монголчууд бид ер нь аливаа гаднын зүйлсийг өөриймшүүлж, хэлбэр дүрсийг нь өөрчилж авдаг онцлогтой ард түмэн (харь хэлний үгсээс эхлээд). Тухайлбал, тэртээх Энэтхэгийн их мөрнөөс үүссэн Буддын шашны өөрчлөгдсөн нэгэн урсгалыг Төвөдөөс авахдаа дахин өөрчилж, өөрсдийн соёл, ахуйгаа нэвт шингээсэн өвөрмөц нэгэн шарын шашинг үүсгэсэн. Ном хурах ёс, адис жанлав хүртээх, цам харайх, тэр ч бүү хэл лам нарын зарим өмсгөл зүүсгэл гээд олон зүйлээрээ Төвөдийн шарын шашнаас монголчуудын шашин өөр байдаг. Уул нь буддын шашны гол зүйл нь шашны философийг ойлгох, үнэн мөн чанарыг нь эргэцүүлэн тунгаах, нүглийг тэвчих зэрэг юм л даа. Үүнтэй адил ардчиллыг ч гэсэн бид өөрийн нутагт авч ирэхдээ зөвхөн нүдэнд харагдах гоё ганган бүхнийг нь дуурайж, хэлбэр төдий нутагшуулаад байна. Залуус бид гаднын орнуудын соёл, эдийн засагт хэт их уусаж байгаагийн илрэл ч байж мэдэх юм. Үүнээс улбаалж бидний даган дуурайдаг Америк, Солонгосын нийгэмд тэр цэргийн алба нь ч бас хүнлэг энэрэнгүй, зөөлөн байна уу, үгүй юу гэдгийг судалж үзлээ.  

 

Америкт манайх шиг хугацаат цэргийн алба гэж байхгүй. Цэргийн гэрээт албатай гэж ойлгож болох юм. Сонирхсон иргэн бүхэнд нээлттэй гэсэн үг. Тиймээс цэргийн анхан шатны сургалт бэлтгэл нь хэрхэн явагддаг талаар сонирхож үзлээ. АНУ-ын арми нь төрлийн зургаан цэрэгтэй. Үүнээс хуурай замын цэрэг, тэнгисийн явган цэрэг, агаарын цэрэг, эргийн хамгаалалт, тэнгисийн цэргийн бүрэлдэхүүн цэргийн анхан шатны бэлтгэл сургалтыг зохион байгуулдаг. Үүргээрээ манай цэрэгтэй хамгийн төстэй гэж хэлж болохоор хуурай замын цэрэг нь 10 долоо хоногийн турш армид шинээр элсэж буй хүмүүсийг карантилдаг ажээ. Тэд цэргийн албаны дүрэм, онцлог, эрх зүй, жагсаалын бэлтгэл хичээлд хамрагддаг. Тэднийг жагсаалын дарга ахлах бөгөөд элсэгчдэд бие болоод сэтгэл зүйн хат, хүмүүжил олгох гол үүрэгтэй. Цэргийн анхан шатны бэлтгэлд хамрагдахад өглөө  06:00 цагт босож гурван км-ийн зайд гүйж, хоёр минут гар дээр суниаж, хоёр минут босож суух дасгалыг гүйцэтгэснээр тэдний өглөө эхэлнэ. Дараа нь өглөөний хоолондоо орчхоод хээрийн байрлалынхаа эргэн тойронг цэвэрлэх болон бусад шаардлагатай аж ахуйн ажлыг хийнэ. Ингээд хичээл сургалтууд эхэлнэ. Галт зэвсэгтэй харьцах хичээлийг үндсэн буудагчийн болон саад бэрхшээлийг даван туулах гэсэн хоёр курсээр ордог. Курс, хичээл бүхний төгсөлд сорилын шалгалт авдаг. Ингээд цэргийн анхан шатны сургалтын төгсгөлд элсэгчид “Victory Forge” нэртэй гурав хоног үргэлжлэх төгсөлтийн сорилд хамрагддаг. Энд суралцагчид бүх олж авсан мэдлэгээ шалгуулдаг төдийгүй сорилын босго оноог давж чадахгүй бол цэргийн алба хаагч болж чаддаггүй ажээ. 

 

Харин тэнгисийн явган цэрэг болохыг хүсвэл бүр хүнд шалгуурыг туулах ёстой. Энэ нь 12 долоо хоног үргэлжилдэг бөгөөд нийтдээ гурван үе шаттай явагддаг. Усанд сэлэх, тулааны урлаг, химийн хорт утаанаас урьдчилан сэргийлэх дасгал гэх зэрэг олон төрлийн сургалт орно. Эдгээр нь маш хатуу шалгууртай учир элсэгчдийн дийлэнх хувь нь цааш тэнцэлгүй үлддэг ажээ. Төгсөлтийн сорилд элсэгчид цэргийн хэргийн мэдлэг, биеийн тамирын үнэлгээг хослуулсан 54 цагийн сорилыг даван туулдаг. Уг шалгалтын хамгийн хүнд хэсэг нь амьд гарах арга ухааны шалгалт байдаг ажээ.

 

Харин Өмнөд Солонгосын хувьд 18 нас хүрсэн бүх эрчүүд заавал цэргийн алба хаадаг. Тодорхой шалтгаануудыг харгалзан үзвэл 28 нас хүртлээ хойшлуулж болдог. Цэрэгт татагдахад гол шалгуур нь бие бялдрын хувьд эрүүл чийрэг байх ёстой. Эрүүл мэндээр тэнцээгүй ч гэсэн нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлдэг. Тэнцсэн хүмүүс дөрвөн долоо хоногийн турш карантилагдаж, цэргийн анхан шатны сургалтад хамрагдана. Америктай төстэй байдлаар цэргийн албыг нь зохицуулсан байдаг. Мөн л сэтгэл зүй, бие бялдрын өндөр ачаалал үүрүүлж цэргүүдээ сургаж бэлтгэдэг. 

 

Үүнийг уншихад хэнд ч “зөөлөн” санагдахгүй нь ойлгомжтой. Өнөөх чөлөөт нийгмийн үлгэр дуурайл болсон орнуудад цэргийн алба нь өөрийн гэсэн онцлог, сургалтын хөтөлбөр, түүнийгээ дагаж мөрддөг дэг жаягтай. Тэглээ гээд манай улс шиг нийгэм даяараа цэргийн албаа, эр хүнийг эр хүн болгож байгаа газраа муулж, эгдүүцэж, шахаж хавчаагүй. Энэ бол цэвэр үндэсний ухамсар, тусгаар тогтнолын үзэл санаатай холбоотой. Цэргийн баяр, Наадам болохоор эцэг өвгөд, эр цэргүүдээрээ бахархаж байна гээд бүгд тэмдэглэдэг атлаа цэрэгт алба хаа гэхээр би чадахгүй, зөвшөөрөхгүй гэдэг нь эдүгээ энгийн үзэгдэл болжээ. Бидний ирээдүй хойч үе ийм сэтгэхүйтэй байвал өнөөх дайчин түүх, уламжлал зөвхөн цаасан дээр үлдэх вий. 

 

 

Ахмад М.МӨНХЗОРИГ

Эх сурвалж: "Соёмбо" сонин