Шүүхийн шинэтгэл гацах уу? Үргэлжлэх үү?

 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжуудыг нийцүүлэх шаардлагын хүрээнд УИХ-аас Шүүхийн тухай багц хуулийг баталж, энэ оны гуравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. 

Гэвч багц хуулийн гол цөм нь болсон Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилт гацаанд ороод удаж байна. 

 

Нэхэн сануулахад:

 

• 2021.01.15 – УИХ-аас Шүүхийн тухай хуулийг батлав. 

 

• 2021.02.09 – Ерөнхийлөгч асан Х.Баттулга Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн зөрчсөн эсэхийг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргав. 

 

• 2021.04.28 – Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлт гарч, Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэв. 

 

• 2021.05.06 – УИХ Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж, 41 дүгээр тогтоолыг гаргав. 

 

Энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэх ёстой боловч өнөөг хүртэл хуралдсангүй. 

Үр дүнд нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн томилгоо гацаж, томилгоог хийх 120 хоногийн хугацаа дуусгавар болоод хоёр сар өнгөрч байна. 

 

Шүүхийн тухай хуулийг тойрсон гацааны гол зангилаа нь шүүхийн боловсон хүчин, шүүгчийн сахилга, хариуцлагын асуудлыг хариуцдаг Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг хэн томилох тухай асуудал. 

 

Угтаа бол Шүүхийн тухай хуулиар Ерөнхийлөгчийг шүүх засаглалаас холдуулж, томилгооны эрх мэдлийг нь хязгаарласан. Экс Ерөнхийлөгчид зориулсан гэгдэж байсан хуулийн энэ зохицуулалт одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өвлөгдөн ирсэн. 

Тийм ч учраас Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааныг тойрсон хүлээлт анхаарал татаж байгаа юм.

Товчхондоо, Үндсэн хуулийн цэц УИХ-ын 41 дүгээр тогтоолыг хэрхэх нь “шүүхийн хонгил”-ын түлхүүрийг хэн атгахыг шийднэ. 

 

Д.Дандархүү