Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3,963 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдол болж байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 240,042 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,383 нь нийслэл хотод,
  • 2,580 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 3,560 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны найман хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. 

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 976 хүн эндээд байна.

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20,439 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 29,639 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 13,771
  • Хүндэвтэр- 5,039
  • Хүнд – 1,363
  • Маш хүнд - 266 хүн байна.

Халдварын тархалт нэмэгдэх шалтгаан нь хүмүүсийн бөөгнөрөл үүсгэсэн арга хэмжээ, коронавирусийн дельта хувилбарын давлагаатай холбоотой гэдгийг мэргэжлийнхэн тайлбарлаж буй. 

Тиймээс иргэд олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, амны хаалтаа тогтмол зүүхийг сануулж байна.