Т.АМАРТҮВШИН

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нутагтаа найман тэрбум төгрөгөөр суварга босгох тухай мэдээлэл чих дэлсэв. Ч и н ва н Ханддоржийн өргөөний буурин дээр 22 давхар байшинтай тэнцэхүйц өндөр суваргыг найман тэрбум төгрөгөөр барихаар болж, шав тавиад амжжээ. Мөнгөтэй хүн “Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй” гээд орхиж болох ч, суваргыг ард түмний хандивын мөнгөөр босгох юм гэнэ. Булганчууд “Суварга барих шаардлагагүй, ажлын байр хэрэгтэй байна” хэмээн лоозон барин эсэргүүцэж, жагсав. Арга үгүй ч биз. Булган аймаг XI зуунд халуун усгүй, хамгийн хөгжил буурай аймаг болон үлдсэн. Ийм байхад, найман тэрбум төгрөгөөр суварга босгох нь зүйд нийцэх үү.

Саяхан л ард түмэнд адлуулж явсан Ц.Анандбазар нутагтаа суварга босгохоор ийнхүү даналзаж явна. Ингэхэд, охид бүсгүйчүүдийн эрхэнд халдсан, хүчирхийлсэн хэргээр хуулийн байгууллагад дуудагдсан эрхэм гишүүнд хариуцлага тооцох асуудал юу болов оо. МАН-ын Удирдах зөвлөл, УИХ-ын хэмжээнд ч түүнд хариуцлага тооцох асуудал яригдсан ч чимээгүй болчихлоо. “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг намын нэр хүнд унагасан гэж үзэж, хувийн асуудлаа шийдэх хүртэл намын болон УИХ дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байхаар шийдвэрлэлээ” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн МАН-ын зүгээс ийм мэдээлэл “сэвж” байлаа. Гэвч МАН түүнд хариуцлага тооцсон нь үгүй. Мөн УИХын гишүүн Ц.Анандбазарын нэр холбогдсон асуудлыг байнгын хороогоороо авч хэлэлцэх үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд өгч, уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулан, олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж үзэж байв. Гэвч УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо энэ асуудлаар хуралдаагүй хаврын чуулганыг завсарлуулсан.

Харин УИХ-ын гишүүн , тус байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Гэмт хэрэг үйлдсэн эсэхийг цагдаа, прокурорын байгууллага шалгаж байгаа бол үүнийг ёс зүйн хүрээнд шийдэхгүй бөгөөд эрүүгийн гэмт хэрэг шалган шийдвэрлэдэг журмаар хуулийн байгууллагууд шийдвэрлэх учиртай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд УИХ хөндлөнгөөс нөлөөлөхийг хуулиар хориглосон байдаг. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийн тухайд бол иргэний хүсэлтээр манай байнгын хороо шийдвэрлэх боломжгүй” хэмээн тайлбар хийж байв. Үндсэндээ УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ спикерийн өгсөн үүрэг, чиглэлийг биелүүлэхээс татгалзсан гэсэн үг.

Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ асуудлын тухайд “УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, С.Батболд нарын асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа. Өөрийн хүс элтээр гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах хэрэгтэй. Түдгэлзээд хуулийн байгууллагаар шалгуулаад, асуудлаа шийдэх ёстой” хэмээн мэдэгдэж байв. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө УИХ-ын дарга, МАН-ын дарга, намын Удирдах зөвлөл ч тэр Ц.Анандбазарт хариуцлага тооцохыг ийнхүү дэмжиж, намаас хөөж буй тухай сүржин мэдэгдэл хийж байсан ч биеллээ олсонгүй. Ингэж Ц.Анандбазарт холбогдох хуулийн болоод ёс зүйн асуудал ч “дарагдав” Хариуцлага тооцох ёстой УИХын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, МАН-ын Удирдах зөвлөл яагаад чимээгүй байна вэ. Ерөнхийлөгчийн сонгууль дууссан учраас Ц.Анандбазарын асуудал УИХ, МАН-ын удирдлагуудад хамаагүй болсон уу. Ард түмнийг “загасны ой санамжтай” гэж бодоо юу.

Хүчирхийлэл үйлдсэн, эмэгтэйчүүдэд зүй бус харьцсан парламентын гишүүний хариуцлагагүй үйлдлийг Монголын төр, хуулийн байгууллага нь өөгшүүлээд өнгөрүүлбэл, мөнгөтэй хүн хүчирхийлэл үйлдэж, хууль зөрчиж болдог юм байна гэдэг ойлголтыг нийгэмд бий болгоно. Парламентын гишүүн нь хамгийн их хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Ц.Анандбазарын үйлдэл бол нэг бус нэгжээд олон удаагийн бусармаг үйлд эл. Баримт, нотолгоотой, гэрчтэй ийм хэрэгт хариуцлага хүлээлгэлгүй орхих нь шударга ёсонд үл нийцнэ. МАН нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Д.Гантулгыг чөлөөлж, хариуцлага тооцсон шигээ Ц.Анандбазарт ч “төмөр нүүрээ” харуулах ёстой. “Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна” хэмээн мэдэгдэж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Та шударга ёсны “сэлэм”-ээ эргүүлээч. Ц.Анандбазарын үйлдэлд хариуцлага тооцохгүй бол ард түмний чинь итгэл найдвар алдрах гээд байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН