Замын-Үүд-Эрээн гарах чиглэлд өчигдөр Монгол Улсын 7804 дугаар аяллын ачааны галт тэрэгний 40 дүгээр вагоны рамын хөндийд ууттай зүйл нуусан байсныг хилчид илрүүллээ.

Нарийвчилсан шалгалт хийхэд галт тэрэгний рамын хөндийд нуусан ууттай долоон ширхэг нийт 10.125 кг байгалийн чулууг илрүүлжээ. Тээврийн хэрэгслийн шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан хилийн 0108 дугаар ангийн дэд ахлагч Ц.Ганбаатар, гэрээт хилчин, түрүүч Г.Энхболд нар дээрх зөрчлийг илрүүлсэн байна.

Үүссэн цагийн байдлын дагуу тус ангийн захирагчийн орлогч, хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тасгийн дарга, дэд хурандаа Ц.Ганбатаар ахлуулсан бүлэг хилийн тагнуул, гааль, хилийн мэргэжлийн хяналтын алба, төмөр замын байгууллагын ажилчидтай хамтран ажиллажээ.