Монголчууд бид нас хүйс, эрэгтэй эмэгтэй, мэдлэг боловсрол, албан тушаал, хөрөнгө чинээ, үндэс угсаа, хот хөдөө хаана оршин буйгаас үл хамааран “ Оюун санааны хоосрол” –д гүнзгий нэрвэгдээд байна.

Энэ бол хүний дотоод ертөнц оюун санаанд явагддаг үйл явц бөгөөд хүнд дотоод хөгжил, оюун ухааны хөгжил, зүрх сэтгэлийн боловсрол дутагдсан хийгээд үнэт зүйл, мэдээлэл, мэдлэгийн дутмагшлаас үүдэлтэй үйл явц юм. Орчин үе, шинэ нийгэм, энэ цагт оршин амьдрахад хэрэгтэй тэр бүх зүйлс нь монгол хүний оюун санаанд бүрэлдээгүй байна, дээрх зүйлсээр нэн ихээр дутаад байна гэсэн үг.

 

Энэ явдал ертөнцийн суурь зарчимд эрс харшилж, эрс зөрчиж байна. Хэлбэр ба агуулга нэгдмэл нэг цул байдаг зүй тогтол ёсоор цаг үе, нөхцөл байдал, нийгэм хийгээд хүний оюун санаа, ухамсар сэтгэлгээ хоорондоо нэгдмэл нэг цул байх зарчимтай. Энэ зарчмын учрыг хэлье. Оюун санаа бол хэлбэрийн нөгөө тал агуулга, амьдрал, үйл ажиллагааны үндэс суурь нь. Улс орон, гэр бүл, нийгмийн дотоод амьдрал, үйл ажиллагааны үндэс суурь бол монгол хүний оюун санаа, ухамсар, сэтгэлгээ юм. Цаг үе, нөхцөл байдлын өөрчлөлт, ахиц дэвшил, ахуй орчин, хүн төрлөхтний чиг хандлага, технологийн хурдтай хөгжил энэ бүхнээс оюун санаа, ухамсарын хөгжил хоцрох ёсгүй байдаг билээ. Хэрвээ хоцорвол цаг үе, нийгмийн амьдралаас гээгдэж, сэтгэлгээ, амьдрах чадварын хувьд ширвэгдэн гологдож, нийгэм, хүмүүс, ажил төрөл, найз нөхөд, харилцаа бүх зүйлээс хаягдаж, сайн сайхан, хэвийн, зөв амьдарч, оршиж чадахгүйд хүрдэг аюултай. Энэ зарчмыг өөрсдийн амьдрал, үйлээр дэлхий дахинд батлан харуулж буй хүмүүс бол америкийн уугуул үндэстэн индианууд юм. Бас түвд үндэстэн. Эдний хувьд мухар сүсэгжсэн шашны итгэл бишрэл нь тэдний оюун санаа, сэтгэлгээг нь дундад зууны баларлаг үед уяж боомилсон явдлаас үүдэн цаг үе, нөхцөл байдал, шинэ үзэл, техник технологи бүх зүйлээс хоцорч, мөхөл рүүгээ мөлхөхөд хүргэжээ.Мөн шашны итгэл бишрэл гэдэг хөгжил дэвшилд хүргэгч хүчин зүйл биш учир бусад улс үндэстэнд тэдний гашуун хувь тавиланг давтахаас сэргийлсэн дохио сануулга юм шүү. 

 

Бүхий л төрлийн мэдээллийг сошиал, телевиз, фейсбүүк маш олон сувгаар авах бүрэн боломжтой мэдээллийн эрин зуунд, өөрийгөө хөгжүүлж боловсруулах бүх боломж нь хувь хүнд нээлттэй энэ цагт алив улс орон, ард түмэн, үндэстэн оюун санааны хоосролд түмэн олноороо нэрвэгдэнэ гэдэг ховор тохиолдол. Энэ явдалд цаг үе, нөхцөл байдал, нийгмийн шилжилт, гадаад хийгээд дотоод хүчин зүйл нөлөөлсөн байна.

 

Гадаад хүчин зүйл нь гучин жилийн өмнө явагдсан нийгэм, улс төр, эдийн засаг, оюун санааны шилжилт юм. Социалист дэглэм оршин тогтносон далан жилийн хугацаанд монгол хүний оюун санааны ертөнцөд ангич намч шинж чанартай, коммунист үзэл суртал хэвшин тогтсон юм байна. Задлаж харвал, коммунист үзэл санааны тулгуур үндэс нь ангич намч үзэл тул Япон, АНУ, Хятад импералист орнууд бол дайсан гэх үзэл, ард иргэд, баян чинээлэг хүн гэдэг ажилчин ангийг дарлагч, мөлжигч дарлагч ангид хамаарах тул тэднийг үзэн ядаж, хөрөнгө мөнгийг жигшдэг, арилжаа наймаа хийгсдийг дамын наймаачин, панзчин хэмээн жигших үзэл, баян хүнийг үзэн ядах сэтгэхүй, эрх баригч нам, нам төрийн удирдагчаа тахин шүтэх үзэл, төр бүхнийг зохицуулна гэсэн ойлголт, даргаас айх сэтгэлгээ, социализм байгуулж байна, ирээдүйд коммунизмд хүрнэ гэсэн итгэл үнэмшил бүхий үзэл байсан байжээ.

Нийгмийн шилжилтээр энэ үзэл суртал халагдаж, хэрэгцээнээс гарч, хог хаягдалд шилжив. Юмс өөрийн гэсэн цаг хугацаа, хэм хэмжээ, настай байдаг ертөнцийн харьцангуй чанар үйлчилж, өчигдөрхөн ард түмний замыг зааж, урам зориг өгч, туг дарцаг болж байсан коммунист үзэл суртал маргааш өдөр нь шинэ цаг, орчин үе, ахуй нөхцөлдөө гологдож, үеэ өнгөрөөсөн хуучирсан зүйл, хог хаядал болон хувирав. Оюун санааны ертөнцөд ч гэсэн эсэн бусын, элдэв дээдийн новш ноохой, төрөл бүрийн хур их хог хаягдал хуримтлагдсан байдаг. Үүрэг гүйцэтгэх чадваргүй, ард түмний оюун сэтгэлгээг хөтлөн дагуулах чадамжгүй,цаг үетэйгээ нийцэж зохицохгүйн учир хуучирч хоцрогдон үеэ өнгөрөөсөн, буруу замаар будаа тээлгэх, гарцгүй мухардмал байдалд аваачих, бурангуйлад унагах, цаг үеэс хоцроох, баларлаг харанхуйг эгүүлэн авчрах, оюун сэтгэлгээний хөгжил дэвшлийг уяж боомилох энэ мэт шалтгаан, нөхцөл болзлыг хангаж буй алив үзэл санаа, шашны сургааль, мэдээлэл, мэдлэг, зан заншил, уламжлалт зан үйл, мэдээлэл, мэдлэг гэдэг хог новш, хаягдал зүйлсэд тооцогдоно. 

 

Хуучирсан зүйлс халагддаг зарчим нь энэхүү учир, зүй тогтол, учир зүйд суурилжээ. Үзэл санаа гэдэг аливаа тогтолцооны үндэс суурь байдаг зарчим ёсоор бол социалист тогтолцооныхоо үндэс суурь нь байсан коммунист үзэл суртал тэгэхээр ардчилсан нийгэм, тогтолцооны үндэс суурь болж чадахгүй. Халагдахад хүргэсэн жам ёсны шалтгаан бол энэхүү учир зүй, зарчим юм. Халагдах үйл явцын цаана өөр бусад үйл явцууд далд хэлбэрээр явагдсан байх юм.Социалист үзэл суртал халагдана гэдэг дотоод үйл явц, утга, учир талаасаа болмонголчууд бид үзэл санаа, итгэл үнэмшил, итгэл бишрэл, ёс суртахуун, мэдээлэл, мэдлэгийн дутмагшилд орж, оюун санааны ертөнц хоосорч буй үйл явц билээ. Энэ үйл явцыг ингэж харна. Ертөнц, ахуйг хэрхэн харж, юунд итгэх, юуг болох юуг эс болохыг ялгаж зааглаж өгдөг ёс суртахуун, сэтгэлд урам зориг нэмэх, ирээдүйн итгэл найдвар өгөх, тэсэн үлдэх хүч, дотоод хөдөлгөгч хүч нэмэх итгэл үнэмшил, юуны төлөө амьдрах ёстойг заан чиглүүлж, ард түмнийг нэгтгэж, нэгэн зүг рүү харуулах, ирээдүй рүү замчлах туг дарцаг болох үзэл санаагүй болж байна гэсэн үг. Тэр үед улс үндэстэн бүхий л олноороо “ Оюун санааны хоосрол” – д өртжээ. Тухайн цагтаа бол зайлшгүй явагдах ёстой, жам ёсны үйл явц байлаа.

Хүмүүс бид эдгээр зүйлгүй орших хийгээд амьдарч огт чадахгүй. Одоо яах ёстой вэ? Дараагийн үйл явц залган үргэлжлэх учиртай. Тэр нь шинэчлэл. Хоосорсон оюун санааны ертөнцийг шинэ үнэт зүйл, үзэл санаа, мэдээлэл, ойлголт ухагдахуун, мэдлэгээр сэлбэн шинэчлэх үйл явц явагдана. 

Гучин жилийн хугацаанд монгол хүний оюун санааны ертөнц шинэчлэгдсэн үү? Дээрх суурь зарчим хэрэгжив үү? Хэлбэр гэгч агуулгаа тусгадаг зарчмаар хүмүүс бидний үг яриа, үзэл, үйл хөдлөл, хандлага нь дотоод ертөнцөө тусган харуулж, эзнийхээ тухай мэдээлдэг юм шүү. 

Оюун санаанд хэвшин тогтсон зүйлс халагдаж, тэр орон зайд нь шинэ үзэл санаа хэвшин тогтоно гэдэг урт цаг хугацаанд хэрэгжих ажил. Оюун санааны ертөнцийг зүй тогтол, бүрэлдэн тогтсон зүйлс, аяс, шинж, хувирал өөрчлөлт, шинж чанар, суурь зарчим, төлөв байдал эдгээр хүчин зүйлээр задлан харж, шинжихүйд монголчууд бид оюун санааны хувьд хувьд хоорондоо эрс тэс, хоёр туйлд хуваагдсан, газар тэнгэр шиг ялгаатай байдалтай болсон байна. 

Нэг туйлыг нь оюун санаа, сэтгэлгээний хувьд хөгжиж төлөвшсөн, дотоод ертөнцдөө гэрэл гэгээ, сайн сайхан, үнэ цэнэт зүйлсийг бүрэлдүүлсэн хүмүүс бүрдүүлжээ.Оюун санаа нь ахиж дэвшсэн, хувь хүнд хөгжил төлөвшил явагдсан, зүрх сэтгэл боловсорсон, оюун ухаан, ухамсар, сэтгэлгээний хувьд нас биед хүрсэн, ардчилсан, хүнлэг энэрэнгүй, оюунлаг үзэл хэвшин тогтсон хүмүүс шинээр төрж, бий болсон байна. Дараах шинжүүд тэдэнд хэвшин тогтсон байна. Нэр төрөө эрхэмлэдэг, өөрийн амьдрал ахуй хийгээд эрхэлсэн ажил албандаа хариуцлагатай ханддаг, ёс суртахууныг баримталдаг, итгэл үнэмшлээрээ алив зүйлд ханддаг, зарчимч, бусдын сэтгэл зүтгэл, идэвхи оролдлого, чадварыг дэмждэг, нийгмийн мэдрэмж хийгээд харилцааны соёл хэвшин тогтсон. Эдгээр үйлдэл хандлага бол тухайн хүний дотоод оюун санааны ертөнцөд бүрэлдсэн зүйлсийн гадаад тусгал юм.

Оюун санаа руу нь шагайвал, сайн сайхан, үнэ цэнэт зүйлс бүрэлдсэн байна. Тэнд нэгд, сайн сайхан, оюунлаг, хүнлэг, үнэ цэнэт зүйлс, хоёрт, энэ цагт оршин амьдрахад хэрэгтэй мэдээлэл, мэдлэг, гуравт, ардчилсан үзэл санаа, хүнлэг энэрэнгүй үзэл санаа.Амьдрал, ажил албандаа дагаж баримтлах үзэл санаа, ертөнцийг үзэх үзэл, итгэл үнэмшил,ардчилсан үзэл санаа, эрх чөлөө, эрх тэгш байдлын тухай ойлголт ухагдахуун, өөрийн ба бусдын өмнө хүлээх үүрэг хариуцлага, ёс суртахуун, нийгмийн мэдрэмж, үйлчилгээний утга учир, соёл, шударга ёсыг дээдлэх үзэл, авилгыг жигших мэдрэмж, хүнлэг энэрэнгүй үзэл, хөрөнгө мөнгөний тухай, амжилт бүтээлийн тухай зөв ойлголт, хамтач ёс, нэгдмэл үзэл санаа, үндэсний үзэл бүрэлдсэн байна. Энэ бол хүн төрлөхтний эрхэмлэн дээдэлдэг нийтлэг үнэт зүйлс хийгээд энэ цаг үе, орчин үеийн нийгэмд оршин амьдрахад хэрэгтэй мэдээлэл, ойлголт ухагдахуун бүрэлджээ гэсэн үг. Энэ үйл явцын утга учир, ач холбогдол, үнэ цэнэ цаглашгүй. 

 

Шинэ зүйл бүрэлдэж, оюун санаа шинэчлэгдэх үйл явц гэдэг энэ. Шинэ цагийн шинэ хүмүүс, шинэ үе. Шинэ хүмүүс гэдэг нийгмийн шилжилтээс хойш төрсөн хүмүүс, залуу үе, хорь, гучин настнуудыг хамааруулж явцуурч болохгүй. Тэднээс байна бас байхгүй байна. Учир нь энэ ойлголтыг нас биш тэдний дотоод ертөнц, оюун санаа, сэтгэлгээнд шинээр бүрэлдсэн зүйлс тодорхойлно. Энэ дагуу харна.Янз бүрийн насны хүмүүс энэ хэсэгт багтаж байна. Хүний дотоод ертөнц, үзэл, сэтгэл боловсрох гэдэг гучин наснаас хойш явагддаг үйл явц учир энэ хэсэгт мөнхүү гучаас дээш настнууд голлож байна лээ. Шинэчлэгдэж байж, бидний оюун санаа, сэтгэлгээцаг үе, орчин нөхцөл, байдалтайгаа нэгдмэл нэг, цул буюу уялдаж, зохицож, нийцнэ.Оюун санаанд шнээр бүрэлдсэн эдгээр зүйлс бол тэдний орших хийгээд амьдрахуйн үндэс суурь юм. Өөрийн амьдрал, үйл ажиллагааныхаа үндэс сууриа бүтээж бий болгосон байна гэсэн үг. Энэ хэсэг өөрөө өөрийгөө л хөгжүүлжээ.

Зүй нь бол, нийгэм шилжсэн онцгой тохиолдол учир төр засаг ард иргэдийнхээ дотоод хөгжилд анхаарч, нэгдмэл бодлогоор хөгжүүлэх учиртай байдаг юм байна. Шинэ нийгэмд иргэд дасан зохицох, амьдрах хийгээд орших чадамжтай болох ёстой.

Энэ зорилгоор ухамсар, оюун сэтгэлгээг хөгжүүлж, амьдрах чадамж олгох, нийгэмшүүлж, хүмүүжүүлж төлөвшүүлэх замаар шинэ нийгмийн хүнийг шинээр бэлдэж бүтээдэг зүй тогтолтой юмсанж. Феодалын нийгмээс социалист нийгэмд шилжихдээ алдаа оноотой ч гэсэн мухар сүсэгт живсэн, бичиг үсэгт тайлагдаагүй, халдварт өвчинд нэрвэгдсэн, тухайн цаг, нөхцөл байдал, орчин үе, дэлхий дахинаас хэдэн зуунаар хоцрогдон хаягдсан ард иргэдээ хөгжүүлж, боловсруулж, хүмүүжүүлж, шинэ цаг, шинэ нийгмийн социалист хүн болгон бүтээсэн байдаг юм билээ. Агуулга, зүй тогтлын хувьд ижил үйл явц явагдах учиртай байжээ. Шинэ орчин нөхцөл, шинэ зүй тогтол, учир бүхий шинэ нийгмийнхээ зүй тогтол, үзэл санаа, учрыг ойлгоно гэдэг амархан зүйл биш. Хуучин тогтолцоогоо халсан хэдий боловч социалист системд багтаж байсан улс орнууд шинэ нийгэмдээ дасан зохицож ядаж байна, зүй тогтол, үнэт зүйлсийг нь өөриймсүүлэн өөрийн болгож чадаагүй, хуучинтайгаа зууралдсаар явна. Шинэ бүхнийг авчирсан хүмүүс ч гэсэн бид яах ёстойгоо огт мэдэхгүй байсан гэж дурсан ярьсан байдаг. Энэ зүй тогтлыг мэдэхгүй өнгөрүүлсэн он жилүүдэд төр засаг хийгээд хэн нэгэн буруугүй ээ.

 

Нөгөө туйлыг оюун санааны хөгжил дэвшил явагдаангүй, шинэ зүйлс бүрэлдээгүй, хар бараан аяст ертөнцтэй хүмүүс эзэгнэжээ.Шилжилтийн үе дэх оюун санааны хоосрол бол үзэл санаа, итгэл үнэмшил, мэдээллийн дутмагшил жам ёсны үйл явц байв. Гэвч энэ дутмагшлыг шинэ үзлээр нөхөх, ард иргэдээ хөгжүүлэх ажлыг төр засаг, өөрийгөө хөгжүүлэх, зүрх сэтгэлээ боловсруулах, оюун ухаанаа хөгжүүлж шинэчлэх үйл ажлыг хувь хүн өөрөө хийж хэрэгжүүлээгүй бөгөөд энэ ажил үйл гучин жил орхигджээ.Үр дагавар нь боловсорчихжээ. 

Энэ хэсгийн оюун санааны ертөнцөд үзэл санаа, итгэл үнэмшил, үнэт зүйл, мэдээлэл, мэдлэг ер нь бол гэрэл гэгээт, сайн сайхан зүйлс бүрэлдээгүй хоосны дээр оюун ухаан, зүрх сэтгэл, мэдрэмж, сонирхол, зан чанар дээд зэргээр эвдрэн гэмтэж, хагас хугас эрэмдэг төлөв, байдалтай болчихсон байна. Дотоод дахь эвдэрсэн энэ үйл явц бидэнд харагдахгүй боловч бидний үйлдэл, үг яриа,зан чанар, хандлага, дүр төрх энэ бүхнээр дамжуулан гадагш тусч байгаа.Оюун санааны ертөнц, зүрх сэтгэл цэвдэгшин хатуурч, хайр энэрэлгүй харгис хатуу шинжийг олно гэдэг сэтгэлийн хоосрол. Зүрх сэтгэлгүй болжээ гэдгийн шинж. Оюун ухаан нь нас биед хүрээгүй бага балчир хэвээр, аливаад үнэлэлт дүгнэлт өгөх, зөв харах, задлан шинжлэх энэ мэт чадвар огт бүрэлдэж, бий болоогүйн учир хийрхчихжээ.Үйлдэл үг яриа, үзэл санаа чинь хий хоосон, утга учиргүй солиорол, галзуурал, дэмийрэл, балайрал, мэдэмхийрэл гэсэн үг бөгөөд үзэл санаа гэхэд үзэл санаа биш дэмийрэл байх жишээний. Оюун ухаан хоосны шинж. Ертөнцийн зүй тогтолд эрс харшлахын учир хов хоосон гэсэн нөхцөл, юм оршдоггүй бөгөөд харин хий хоосон гэх төлөв, нөхцөл оршдог юм билээ. Энэ бол хий хоосон агуулга бөгөөд нэг хэлбэр нь хийрхэл. Хийрхэнэ гэдэг хий хоосон зүйлийг бодитой мэт харж, хий хоосон зүйлд итгэж, хий хоосноос айж, хий хоосонтой харьцаж, хий хоосон зүйлтэй дайтна, хий хоосон дайсантай тэмцэж буй үйл юм.

 

Улс орон, нийгмийн үйл явдал, үйл явц, өөрийн хийгээд өрөөлийн амьдралд тулгарсан асуудлыг хийрхэн харж, хийрхүү хүлээн авч, хийрхлээр хариу үйлдэл үзүүлж, хийрхлээр өөрийгөө илэрхийлж, гомдол нь үзэн ядсан хийрхэл, уур нь ааглаж аархсан хийрхэл, хардалт сэрдэлт нь улайм цайм гүтгэж гүжигдсэн хийрхэл энэ мэтээр хийрхэлгүй зүйл нэг ч алга. Оюун ухаан эрэмдэгийн шинж. Бидний үг яриа, үйлдэл хандлага дахь хэт задгайрсан цадиггүйтэл, балмаджил, зэрлэгшил тэгэхээр төрх байдал эвдэрч хэмхэрхээд эрэмдэг болсоны шинж. Үргэлжлүүлбэл, зан чанар, төрх төлөв, сэтгэлгээ, үйлдэл хандлагад нийтлэг илэрч буй улангассан хийрхэл, хэт эрээгүй ашигч завшигч байдал, хайр найргүй бусдыг шимэгчлэн амьдрах хүсэл сонирхол, увайгүй нь дэндсэн бэлэнчлэх сэтгэлгээ, айж ичихийг умартсан хэт эрээ цээргүй, увайгүй ичгүүргүй байдал, болхи бүдүүлэг амьтан, балмаджан зэрлэгшсэн араатанлаг ба хэт эрээгүй увайгүй адгууслаг төрх, долигнуур бялдууч, зусарч зулгуйч зан, хий хоосон ихэрхэл, хэлбэрдэл энэ бүхэн эрэмдэг зэрэмдэг төрх, байдал. Эрэмдэг дүр төрх, төрх байдал бидний дотоод ертөнцийн шууд тусгал бөгөөд монгол хүн оюун санаа эрэмдэг байдалтай болжээ, мөн тэнд хоосон байна гэдгийн мэдээлэл. Оюун санааны эрэмдэг байдал гэдэг хамгийн хөгийн, арчаагүй, үлбэгэр үхээнц, өрөвдмөөр дорой хийгээд үнэ цэнэгүй, үзэшгүй муухай, эрүүл саруул бус, зүй ёсны бус, хүн бусын шинж, төлөв, байдал, хэв шинжүүд юм. 

Хүмүүс бид хар аяндаа бусдын төрх байдал, авир араншин, үг яриа, үйлдэл хандлагад тохирсон хариу үйлдэл үзүүлдэг. Дээрх төрх байдалд дур гутах, ой гутах, бөөлжис цутгах, сэжгийн санагдах гэх мэт хурц эсэргүүцсэн мэдрэмж төрдөг нь хэтэрхий муухай гэдгийг илэрхийлж, эрэмдэг байдалд дургуйцэж, тохирох хариу үйлдэл үзүүлж байгаа юм. Муу муухай гэдэг хэтрэхээрээ ой гутам ичгүүргүй увайгүй шинжтэй болж өөрчлөгдөнө. Сул дорой байдалд өрөвдөж хайрлах мэдрэмж төрөх учиртай атал эсрэгээр арчаагүй гэсэн жигших мэдрэмж төрж байгаа бол сул дорой бус үлбэгэр үхээнц гэсэн үг.

Монголчууд бидний хүсэл гэхэд улайм цайм шинжтэйн дээр ханаж цадахгүй сувьдаглал шунал болж, эрх чөлөө гэхэд цадиггүйтэл, дур зорго гэхэд балмаджил зэрлэгшил болж өөрчлөгдсөн байна.

Хүрээний бузрыг ухвал далай гэдэгчлэн монголчууд бидний зан чанар, авир араншин, дүр төрх, сэтгэлгээ хандлага хамгийн муу муухайн цуглуулга болжээ. Гучин жилийн өмнөх дутмагшил даамжирч гүнзгийрэхдээ ийм болгов, биднийг. Хүн ямар муухай, хөгийн, адгийн, үхээнц дорой, ой гутам болж өөрчлөгддөг тэр зүй тогтлыг бид өөрсдөөрөө нотлон харуулж, амьд жишээ болж байна. Дэлхий дахинд бид муу муухай жишээ болж, бидэнтэй харьцаж үзсэн хүн бүхний, улс орны жигшил, зэвүүцлийгхүргэж, хүн төрлөхтний адаг болж байна.

Эхний хийгээд сүүлийн хэсгийн эзлэх хувь хэмжээ нь барагцаалбал дал, ная ба гуч, хорийн харьцаатай байгаа байх гэж багцаалж, тоймлодог. Энэ тухай судалгаа мэдээж байхгүй. Энэ үзүүлэлт яг эсрэг нөхцөл байдалтай болох хэрэгтэй. 

(Үргэлжлэл бий)

 

Ч.ТУЯА