1990 онд БНМАУ зах зээлд орж ардчилсан засаглалыг сонгосноор социализмыг бүтээн байгуулж байсан Монгол орон өдгөө капиталист нийгэм байгуулахаар чадал мэдэн чармайж байна.

Ардчилсан капитализм нь социализм шиг нийгмийн бус хувийн өмчид тулгуурладаг атлаа социалист нийгэм шиг улсын баатар, хөдөлмөрийн баатар цол шагнадаг нь хачирхалтай.

Өдгөө Орос, Хойт Солонгос, Беларус, Монгол зэрэг хэдхэн орон л хөдөлмөрийн баатар хэмээх социализмын үеийн олныг бухимдуулсан цолоо олгосоор байгаа нь тун утгагүй. Капитапизм байгуулах л гэж байгаа бол Америк шиг баатаргүй л явъя. Гэтэл Монголын төр одонгоо улам олноор Орос шиг нэмэхээс бус хасахгүй байгаа нь гайхаш төрүүлнэ.

Сүүлдээ бүр хэтрээд Ард түмний баатар, гавьяат гэдэг утгагүй цол ч зарим хувь хүн бусдын дур сонирхол дээр дөрөөлөн бий болгож бизнес хийдэг болжээ. Оросод "Петербург хот, Ленинград мужийн коммунистууд" гэдэг байгууллага байна. Тус байгууллага октябрийн хувьсгалын жолоодогч Ленин таалал төгсөөд ерэн жил болсон тул 1918-1924 онд гадаадын түрэмгийчүүдийн халдлагаас Орос орныг хамгаалсан гавьяаг нь үнэлж ОХУ-ын баатар цолоор шагнахыг шаарджээ.

 Владимир Ильич амьд ахуйдаа гадаадынханд ч харамгүй өгч байсан Улаан тугийн одонгоор ч шагнуулаагүй. Зөвлөлт Хорезмын Бүгд Найрамдах Улсын хөдөлмөрийн одонгоор л шагнагдсан. Орос орны өмнө байгуулсан Лениний гавьяаг мартах ёсгүй. Өдгөө капиталист систем нурж эхэлсэн тул түүний гавьяаг үнэлэх хэрэгтэй хэмээн энэ байгууллага мэдэгдсэн байна.

Гэтэл Оросод "Общественный национальный комитет по подготовке празднования 60 летия почетного гражданина Санкт Петербурга Путина В.В." (Санкт Петербургийн хүндэт иргэн В.В.Путины 60 насны ойг тэмдэглэхэд бэлтгэх Үндэсний хороо) хэмээх төрийн бус байгууллага байгуулагдаад Путинд маршап цол олгох, Петербург хотын Кольцовын гудамжийг Путины гудамж болгох, Оросын хот болгонд түүний нэртэй гудамж гаргаж хөшөө босгохыг сэджээ.

Тус үндэсний хорооны тэргүүн хотын депутат асан Владимир Кучеренко "Ард түмнүүдийн найрамдал, улс орнуудын хамтын ажиллагааны төлөө байгуулсан асар их гавьяаг нь үнэлэн В.В.Путиныг улсынхаа баатар цолоор шагнахыг бид найрамдапт харилцаатай 13 оронд санал болгож байна" гэжээ.

Тэдгээр орон нь Армян, Азербайжан, Беларус, БНАСАУ, Казакстан, Вьетнам, Куба, Кыргызстан, Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Болгар ажээ.

Нөхөр Кучеренко "Молдав, Хятад оронд баатар цол байдаггүй нь харамсалтай" гэжээ. ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин 1952 оны аравдугаар сарын 7-нд төрсөн бөгөөд 2012 онд 60 настайгаа золгосон ч тэр үед Оросын ерөнхийлөгч байсан Дмитрий Медведев түүнд улсын баатар байтугай хөдөлмөрийн баатар цол шагнаагүй юм.

Тэрчлэн Ардчилсан Солонгос, Куба бүү хэл Кыргызстан, Беларус, Монгол хүртэл баатар цолоо олголгүй өнгөрсөн. Орос гүрний төрийн тэргүүн, гүйцэтгэх засаглапын тэргүүний албыг бүтэн 14 жил хашиж байгаа Владимир Путин өөрөө баатар цол шагнагдахаасаа нэрэлхсэн үү, эсхүл хүсээгүй юү ямар нэг зарга заальхай ч хийгээгүй.

Хэрэв хүссэн бол түүнд одооны ерөнхий сайд Дмитрий Медведев 2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгч байхдаа Батлан хамгаалах Яамны сайд, маршал Сергей Шойгуд Орос Улсын баатар цол олгосонтойгоо адил зарлиг сонордуулах байсан нь маргаангүй.

Гэхдээ ерөнхийлөгч Путин янз бүрийн одон медаль шинээр бий болгохдоо тун дуртай, маш сонирхолтой байдаг бололтой. "Эцэг эхийн алдар", "Урлаг соёлын амжилтын төлөө", "Цэрэг эрийн гавьяа" ч гэх шиг медалиудыг шинээр гаргаж ирсэн байна.

Жишээлбэл, энэ он гараад л гурван медаль буй болгож зарлигаа сонордуулан шагналын хур буулгасан байна. Монголоос ялгаатай Путины нэг тааламжтай чанар нь юун гэвэл шинээр бий болгосон медальд мөнгөн урамшуулал олгодог явдал юм.

Тухайлбал, гэр бүлээ бэхжүүлэн үр хүүхдээ хүмүүжүүлэхэд гавьяатай зүтгэсэн эцэг эхчүүдийг шагнадаг "Эцэг эхийн алдар" одонд 50 мянган рублийн урамшуулал нэг удаад олгодог ажээ. Тэгвэл манайд шагнадаг "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иас эхлээд Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гэхэд ганц удаагийн урамшуулал ч байхгүй хоосон будагтай төмөр л байдаг гэвэл тавласан болохгүй биз ээ.

Харин жилд цөөн хүнд шагнадаг Чингис хаан одонг л нэг удаагийн урамшуулал гэж 10 сая төгрөг дагалдуулан өгдөг гэнэ. Уг нь Монгол Улсын бүх одон медалийг мөнгөн урамшуулалтай болгох аваас алдар цол, одонгийн төлөөх увайгүй урапдаж гүйдэг хөөцөлдөөн гэгч байхгүй болж магад. Тэгсэн цагт шударга бус шагнал, бухимдал төрүүлсэн авилгал гэдэг зүйл алга болно.

1990 онд ардчилсан хувьсгалын төлөө боссон зуу зуун хүмүүс өнөөдөр одон шагнал авахаар уралдаад уралддаг болсон гэнэ. Жагсаал цуглаан, өлсгөлөнд оролцогчид хамгийн доодох нь "Алтангадас" одонгоор, дээдэх нь "Улсын баатар" цолоор шагнагджээ.

Баатар ба гавьяа цолыг нэхэн өгч болдоггүй хуультай гээд ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зоригийг Монгол Улсын Баатар цолоор нэхэн хөхүүлэхгүй өдийг хүрчээ. Тэрчлэн Т.Латип, Ж.Дорлигжав, Ё.Цэдэнбал (алиа Цэеэ), Б.Жамсран, П.Адарсүрэн зэрэг урлаг спортын олон алдартанд гавьяатын алдрыг нь хүртээхгүй өчнөөн арван жилийг үдэж байгааг ард түмэн андахгүй.

Ардчилсан үзэлтэн гэж өөрийгөө дөвийлгөн сайрхагчдын адлан муулдаг Ю.Цэдэнбал гэхэд 1961 онд авто осолд өртөн хөлөө хугалуулаад байхдаа өөрт нь хөдөлмөрийн баатар цол шагнах гэсэн БНМАУ-ын АИХТ-ийн дарга Ж.Самбуугийн саналыг шууд эсэргүүцэн татгалзаж байжээ.

Тэгэхэд Бал дарга дөнгөж 45 настай, ухаан санаа нь саруулхан, айж ичихийг мэддэг жинхэнэ засгийн жолоодогчийн сэтгэл зүтгэлтэй хүн явжээ. Мөн Монголын ардчилалд цус гаргуулалгүй тусалсан Ж.Батмөнх өөрт нь хөдөлмөрийн баатар цол олгоход ихэд цухалдан шууд болиулсан баримт байдаг.

Баатар цол, одон шагналын улайрал улангаслыг өөгшөөн хөгжүүлсэн хүн бол ЗСБНХУ-ын удирдагч Л.И.Брежнев байсан агаад өөртөө улсын баатар цол дөрвөнтээ, социалист хөдөлмөрийн баатар цол нэжгээд удаа, маршал цолны хамт шагнуулаад сэтгэл ханасан байдаг юм.

Брежневийн эл өвчин бусад социалист орны удирдагчдад ч халдварласан бөгөөд цочирдож бачимдмаар нь Ардчилсан Монгол Улсын ардчилсан ерөнхийлөгчид тэр хууч эмгэг бас халдварласан бололтой. Учир нь одонгийн бороо, цолны хурыг бөөндөхдөө тэр экс ерөнхийлөгч нараасаа огт дутахгүй улайрах болсон байна.

М.Амгалан

Эх сурвалж: “Болсон явдал” сонин