Ойрмогхон сонинд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Амжилт гаргасан багш сурагчдыг урамшуулах зарлиг гаргалаа” гэж мэдээлсэн нь миний сэтгэлийг догдлуулав.

Сүүлийн жилүүдэд хүч тамир, тэр дундаа жүдо бөхийг онцгой үнэлж одон медаль, алдар цолоо харамгүй хүртээсэн болохоор ингэж догдолсон юм биш байлтай. Саяын олимпод дал гаруй тамирчин оролцсоноос гурван жүдоч медальд хүрсэн нь манайдаа том боловч бусадтай харьцуулахад шалигүй л юм. Гэвч манайхан их баярлаж байлаа.

Тэднийгээ улсын баатар болгоно ч гэх шиг. Тэр нь ч юү вэ. Түрүүчийн амжилтдаа хүрээгүй хүнийг тэгж үнэлэх ёс байхгүй. Харин урамшил, шагналын орон сууц, улсаас тогтоосон мөнгийг өгөх ёстой. Манайхан 2008 оны олимпоос гурван алт, хоёр мөнгөн медаль авсанд хөөрөөд Сүхбаатарын талбайг хагартал баярлаж байснаа мартсан юм шиг. Гаднын нэг жүдоч, бөх муутай Монголын нэрээр олимпод ороод медаль авсанд юун их онгирдог юм бэ дээ.

Шагнал урамшлаа зарлаад олгох өдөр нь арай болоогүй байхад нөгөөх нь тэвчээр алдан гадагш гарчихаад Монголыг муу хэлэх үгээ шавхаж яваа нь дэлхий дайдад ил боллоо. Энэ мэт манайх хүч тамирыг хэт үнэлээд оюуны чадавхыг огоордгийн шинж байх гэж бодогдоод байна.

 

Манай монголчууд бол хэдий дээрээс хүний оюун ухааныг тэнгэрийн хишиг хэмээн үнэлж ирснийг МНТ, Лу. “Алтан товч", В.Инжинаашийн “Хөх судар” болон бусад бүтээлд бахархан тэмдэглэжээ. Чингис хаан, өвөг дээдсээсээ эхлээд өстөн дайсны ч оюуны хүч чадлыг дээдлэн үздэг байжээ. Гадаадад гарч анхны дайныг Хидан улсад хийхдээ бичгийн хүн Юлюй Чуцайг олзлон авчирч төрийн түшмэл болгон эрдэм чадлыг нь ашигласан, гадаад дотоодын байлдаанд дагуулан явж зөвлөлддөг байсныг түүх юунд мартах вэ дээ. Түүнчлэн Тататунгааг олзлоод уйгаржин бичиг авсан, эв түнжин хагарсан Хэрэйдийн бичгийн түшмэл Чингай чинсанг зөвлөхөөр томилж, Хорезмтай дайтахаар явахдаа Тулуйтай хавсарч ажиллах итгэл хүлээлгэж байсныг хүмүүс санаж байгаа. Тэрбээр их хааны эзгүйд улс орны аж ахуй, эдийн засгийг голлон хариуцаж атар газар хагалж тариа тариулж хот балгад байгуулж байжээ.

Их хаан дайн байлдаантай тэр хэцүү цагт хүний нутагт Чан чин аршийг урьж зөвлөгөө авахаа ч мартаагүй билээ. Монголын их хаан байлдааны хөлөөр харь нутгаас олзолсон уран дархчуул, уран барилгачид зэрэг нарийн мэргэжлийн хүмүүст анхаарч ашигладаг байсныг Хар хорум хотыг байгуулахад гадаадын олон мэргэжилтэн оролцсоноор мэдэж болно. Монголын анхны нийслэлийн барилгуудын хийц, мөнгөн модны оройд христийн шашны Лха тэнгэрийг залсан зэрэг нь эргэлзээгүй нотолдог байжээ. Чингис хаанаас хойш монголчуудын мэргэн ухаан саараагүйг амьдрал аяндаа илэрхийлсээр билээ. Өнөөгийн Монголыг XIII зууны үетэй харьцуулах аргагүй нь мэдээж. Харин Монгол Улсад Ардын засаг мандаж тусгаар тогтносон бүрэн эрхтэй болсноос хойш шинжлэх ухаан, соёл Урлаг цэцэглэн хөгжсөнөөр жишээ татахад урамтай билээ. Эртний түүхт Монгол, Улсад уламжлал нь тасралгүйгээр олон зууныг элээсээр ардын эрхт ёстой учирсан билээ.

Төр засаг эрдэмтэн, мэргэдээ хайрлан ивээсээр эх орныхоо оюуны сан хөмрөгийг баяжуулсны хүчинд харийн хар хүчний талхигдалд туйлдсан эх орноо ахар богино хугацаанд өндийлгөжээ.

 

1921 онд Судар бичгийн хүрээлэнг байгуулсан нь онход С.Жамьян, Л.Дэндэв, Д.Нацагдорж, Ц.Дамдансүрэн зэрэг өөрийн эрдэмтэдтэй шууд холбоотой боловч гадаад дахь монгол угсааны эрдэмтэн мэргэдийн тус дэмжлэг гарцаагүй нөлөөлсөн юм. Энэ бүхний ачаар шинжлэх ухаан салбарлан хөгжих зам нээгджээ. Эдүгээ Монгол Улсад төрөл бүрийн шинжлэх ухаан тэр дундаа сансар судлал хөгжиж байгаа билээ. Монгол хүнийг сансарт нисгэх бэлтгэл ажлын хүрээнд манай эрдэмтэд Зөвлөлтийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж байлаа. 

Эдүгээ олон улсын эрдэмтэдтэй холбоогоо бэхжүүлэн ажиллах хэмжээнд хүрчээ. Энэ бол уламжлал нь хуучин, ажил нь шинэ юм. Энэ далимд түүхийг сөхвөл монголчууд дэлхийтэй олон мянганы өмнө холбогджээ. Тэнд дайн дажны хажуугаар сайны үр цацсан нь ч бий бөлгөө. Үүнийг монголчуудын хүрсэн газрын амьдрал нотолдог байжээ. Тэнд монголчууд очоод соёл түгээсний захын жишээ гэвэл монгол угсааны эрдэмтэн, бичиг соёл урлагийн зүтгэлтнүүд төрж алдар суугаа мандуулж байснаас илэрхий. Орост татаар угсааны Н.В.Гоголь /Гөхөлт/, И.С.Тургенов /Түргэнжав/ зэрэг зохиолчдын “Амьгүй албат”, “Сорончиний яармаг”, “Байцаагч түшмэл”, “Эмзэг хүү”, “Муму” зэрэг гайхамшигт уран зохиол нь Оросын утга зохиолыг баяжуулсан төдийгүй дэлхийд алдаршуулсан билээ. Энэчлэн эртний Татар угсааны улааныхан овгийн хүүхдүүд дэлхий дайдад үлэмж алдартай билээ. Тэдний нэг хүү эзэн хааныг егүүтгэх хуйвалдаанд оролцож, амь сүйдсэнийг төрсөн дүү нь сонсоод “Би тийм замаар явахгүй" гэж хэлээд дэлхийн хувьсгал санаачлан хэрэгжүүлснийг хүн төрөлхтөн андахгүй биз ээ.

 

Жирийн монгол хүн ч Оросын түүхэнд онцгой байр эзэлсэн жишээ бий. Сэлэнгэ нутгийн баян айлын зарц эмгэний Хоньч гэх жаал хүүг оросын худалдаачин хоёр хөл махаар наймаалцаж аваад нутаг буцжээ. Мсюквад очоод жаал хүүгийн нэрийг сольж овогтоо оруулаад дэлгүүрийн худалдагч болгожээ. Хөвгүүн, энэ насандаа хийж үзээгүй ажилдаа хурдан дасаж аливаад чадамгайгаа харуулсан учир эзэн нь ийш тийш явахдаа ар талдаа санаа зовохгүй болжээ. Нэг удаа дэлгүүрийн эзэн гадагш явсан хойгуур Петр хаан эднийд ирж хэдэн сольсонд жаал хүү асуусан болгонд  чадмаг хариулж, барааныхаа үнийг нэг бүрчлэн мэдэхийн хамт орос хэлийг сайн сурснаа харуулжээ. Хаан энд дахин ирэхэд мөнөөх жаал хүү туршлагажсан төдийгүй Оросын дотоодын усан замыг хөгжүүлэх тодорхой саналтай байгаа нь бүр гайхшируулжээ. Хаан хэлэх үгээ олохгүй байгаа шиг чи татаар монгол гэл гэж дахин лавлаад

-Би чиний саналыг маш их сонирхож байна. Даруй ирж тодорхой ярилцъя гээд сан гэнэ. Хаан ирнэ гэсэн хугацаандаа ирээд монгол хүүгийн боловсруулсан төсөлтэй нягтлан танилцаад зөвшөөрч ажиллах нөхцөлийг нь бүрэн хангана гэсэн үгэндээ хүрчээ. Сердюков дотоодын гол мөрнийг холбох суваг татаж онгоц чөлөөтэй явах зам нээгээд зогссонгүй Оросын усан замыг дэлхийтэй холбож хосгүй гавьяа байгуулсан учир хааны итгэмжит түшмэлийн зэрэгт өргөмжлөгджээ.

Энэ зэргээр гадаад орнууд манай эрдэмтэн мэргэдийг ашигласаар ирсэн нь эртнээс эхлээд эдүгээ ч үргэлжилж байгаа билээ. Энэ нь манайх өөрснийхөө хүнийг судалж халамжлан ашиглаж чаддаггүйтэй холбоотой юм. Сураг сонсоход авьяаслаг содон математикч, физикч, химич олон хүн гадаадад гараад байхад тэднийгээ татаж аваад ажиллуулж чаддаггүй нь харамсалтай байна. Таньдаг хүнээрээ л жишихэд магадлын онолч Б.Монхор Унгарт цол хамгаалах гэж яваад тэндээ шингэсэн дуулдаж байх юм. Ганц энэ биш сортоотой гэсэн болгон гадаадад гараад явчихсан юм шиг. Тэднийгээ аль болохоор эх орондоо татаж хүчийг нь ашиглууштай. Монгол хүн насаа ахихаар эх нутгаа санагалздаг онцлогийг нь бас бодож болно.

Өрнөдөд Монголын суу билигт хөвгүүд охидын байгуулсан гавьяа дорно дахинд ч давтагдаж байлаа. Өвөрлөгч нутгийн хөвгүүн тархи нь тоогоор дүүрэн гэж хэлэгдэж байсан Мянгат огторгуйн дуран авай бүтээж одот тэнгэр судлах цамхаг босгож дорнодод шинжлэх ухааныг баяжуулжээ.

 

Бүтээлээрээ алдаршсан монгол түүхч, гүн ухаантан, хэл шинжлэлч, утга зохиол, шашин судлагч, яруу найргийн онолч олноор төрснөөс тэдний заримын нэрийг Чойжодсэр, Гунгаажалсан, Дандар лхаарамба, Лувсанданзан, Ишдан-занваанжил, Дандаа чинсан буюу Дэмчигдорж Б.Цэнд гүн гэх мэтчилэнгээр дурдахад аяндаа ойлгомжтой. Бас цэргийн зүтгэлтэн зохиолч Ванчинбалын хөвгүүн Инжинааш, Гулрансааг дурсахад “Хөх судар” гурамсан роман, тансаг яруу найраг санаанд орох нь мэдээж билээ.

Ардын засаг мандсанаас хойш шинжпэх ухаан эрчимтэй хөгжиж эхэлсэн нь өөрийн эрдэмтэдтэй шууд холбоотой боловч гадаад дахь мэргэдийн тус дэмжлэг гарцаагүй нөлөөлсөн юм. Тухайлбал, Жамсрангийн Цэвээнийг эхлээд дурдъя. Энэ хүн бол МАН-ыг байгуулахад эхнэр Бадамжавтайгаа хамт зүтгэж намын хөтөлбөр, дүрэм журмыг боловсруулж, дараагаар нь шинжлэх ухаан, бичиг соёлыг хөгжүүлэхэд асар их тус болсон хүн билээ. Түүний орчуулсан бүтээл онцгой. Залуу Д.Нацагдоржийг дэргэдээ авч К.Марксын “Капитал" болон А.С.Пушкиний шүлгүүдийг орчуулахад сургахын хамт өөрөө Ж.Верний “Арван таван наст ахмад”, Леон Кахуны “Хөх монголын хөх туг” романыг орчуулсныг хосгүй орчуулга гэж эдүгээ үздэг юм. Уйгагүй эрэл хайгуул хийж аман зохиол судлах ажлыг Цэвээн гуай гардан хийдэг байжээ. Түүнийг энд түмэн туургагүй ажил хийж байхад эх орон нь араас нь зулгаасаар байжээ. Энд би ганц баримт дурдъя. Номын санч Сурмаажав

-Цэвээн гуайг хойноос дуудаж гэнэ. Намайг хүрээд ир гэж хэлүүлжээ. Мань хүн гунигтай сууж байна. Яаж ч сайхан байхав дээ. Бадамжав та хоёр наашаа суу гээд номынхоо санг хяламхийнгүүт “Энд Монголд хэрэгтэй ном олон бий. Хэргийг нь хийхгүй нь дээ, муу Цэвээн. За яахав. Энэ номууд Монголдоо байх юм чинь. Намайг Ленинградад багшлуулахаар урьсан гэнэ. Тэд ч яахав, тийм аргатай юм чинь. Юү ч гэсэн эхлээд багшлуулах нь. Тэгээд юү ч болох билээ. Намайг нааш нь ирүүлэхгүй байх магадгүй. Сураг дуулангуут та нар миний номыг данслаад номын санд өгчихөөрэй гэж захилаа. Нэг л мэдэхнээ, хөөрхий түүний хэлсэн ёсоор болж баригдаж гэж дуулуут бид хоёр бүх номыг нь данслаад авсан. Манай номын сангийн монгол номын фонд чинь Цэвээн гуайн номын сан юмаа гэж ярьж билээ.

 

 

 Үргэлжлэл бий.

 

Х.ЗАНДРААБАЙДИЙ 

Эх сурвалж: "Монголын үнэн"сонин