АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн Д.Даваадоржтой ярилцлаа.


-Таны хувьд нийгмийн идэвх оролцоо өндөртэй залуу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Д.Даваадорж гэдэг. Нийгмийн идэвх оролцоо өндөртэй залуу гэж өөрийгөө дүгнэдэг. Учир нь нийгэмд өрнөж байгаа болж бүтэж байгаа асуудлаас авахуулаад болохгүй бүтэхгүй асуудалд өөрийн дуу хоолойгоо илэрхийлж, оролцоогоо хангадаг. Өнгөрсөн хугацаанд хувийн хэвшил, төрийн байгууллага болоод олон улсын хөрөнгө оруулалттай компаниудад ажилласан туршлагатай. Сүүлийн гурван жил Шанхай хотын Шанхай их сургуульд компанийн засаглалын чиглэлээр суралцаж байна. Дипломынхоо ажлыг “ Монголын арилжааны банкуудын засаглал” сэдвээр бичиж байна.

-Яагаад уг сэдвийг сонгох болсон юм бол?

Засаглал гэдэг бол хүнд сурталгүй, ил тод, санхүүгийн тайлангаа ил тод байлгахын хэлбэр. Банкуудын удирдлагууд компанийнхаа засаглалыг өөрсдийн хамаарал бүхий этгээдээс үл хамааран ил тод удирдаж байгаас хамаарч тухайн компанийн засаглалын индекс өсч байдаг. Дипломынхоо сэдвийг судалж байхад манай улсын олон банкууд олон улсын хэмжээний компанийн засаглалыг хэрэгжүүлдэггүй нь анзаарагдсан. Удирдлагын багаа өөрсдийн ойр тойрон, хамаатан садангуудаасаа бүрдүүлдэг,авлига ашиг сонирхлын зөрчилтэй зэрэг нь манай улс олон улсын санхүүгийн хар, саарал жагсаалтад ороход нөлөөлсөн болов уу гэж би харж байгаа.Үүнийг дагаад авлигалын шинжтэй гэмт хэргийн тоо өсч байгаа учраас мөнгө угаах, терроризмтэй тэмцэх арга барилаараа дэлхийд сүүл мушгиж байгааг ойлгосон.

-Авлигалын асуудал гэснээс та Ерөнхийлөгчийн захирамжаар АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр томилогдоод удаагүй байгаа шүү дээ?

-Энэ сарын 7-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн 15 гишүүнийг шинээр томилсон. Эдгээр 15 гишүүнд салбар салбарын төлөөлүүд томилогдсон. Тэр дундаа анх удаа залуучуудын төлөөллийг багтааснаараа илүү онцлог байсан. Авлигалын эсрэг хуульд Олон нийтийн зөвлөлийн талаар тусгасан нэг бүлэг бий. Энэ бүлэгт зааснаар авлигалын эсрэг дуу хоолойгоо хүргэдэг, нийгмийг төлөөлж шударга ёсны төлөө тэмцдэг иргэдийг уг зөвлөлд оруулж ажиллах талаар заалт бий. Миний хувьд залуу насныхаа дийлэнх хугацааг сурч боловсроход зарцуулсан. Дээр нь өдий болтол олон салбарт ажилласан туршлагыг минь харгалзан үзэж уг албан тушаалд томилсон гэж ойлгож байгаа.

-Гадаад суралцаж байгаад эх орондоо ирэхэд ямар санагдаж байна. Цаашид авлигалын асуудалд хэрхэн анхаарч ажиллах бодолтой байна?

-Гадаадад сурч байгаад эх орондоо ирэхэд асуудлыг арай өөр хэмжээнд хардаг юм билээ. Бид холоос “Монголд болохгүй байна” гэж орилохоос илүүтэй өөрсдөө оролцож байж үүссэн асуудлыг шийдэх ёстой юм билээ. Үүний эхлэл АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд орсноор илүү бодит ажил хэрэг боломж боломжтой болсон гэж харж байгаа. АТГ-ын Олон нийтийн зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаан жилийн хугацаанд бүрэн эрх нь хэрэгжих хугацаанд үйл ажиллагаа явуулна. Хэрэв уг зөвлөлийн гишүүн ямар нэгэн байдлаар улс төрийн албан тушаалд томилогдохоор бол үүрэгт ажлаасаа чөлөөлөгддөг. Энэ эрх үүргийг харгалзан олон нийтийн төлөөлөл болж ажиллаж чадах юм бол нийгэмд үзүүлэх үр нөлөө нь асар их. Авлигалын эсрэг суртал ухуулгыг олон нийтэд сурталчилан таниулах, төрийн байгууллагын алба хаагчдыг шударгаар ажиллах боломжийг нь дэмжих, шударгаар ажиллахыг шахах, хамтран ажиллах гэх мэт олон үүрэг оролцоо биднийг хүлээж байна. Өдий хүртэл АТГ-ын дэргэд олон Олон нийтийн зөвлөл ажиллаж байсан байх. Сайн ч ажилласан ч байх. Гэхдээ иргэд энэ зөвлөлийн талаар төдийлөн мэдээлэлгүй байгаа нь тэднийг хэрхэн ажилласныг илтгэж байна гэж ойлгож байна. Манай улс НҮБ-ын авлигатай тэмцэх Авлигалын эсрэг конвенцод нэгдэн орсноос хойш манай улсын ил тод байдал, авлигалын асуудал ямар хэмжээнд байгаа нь бид бүгдэд болоод олон улсын хэмжээнд харагдаж байгаа.

-Өнгөрсөн хугацаанд манай улсын авлигатай тэмцэх ажил, арга барил байгаа хэр оносон гэж та үзэж байна?

Авлигатай тэмцэх олон улсын туршлага, компанит ажлын талаар судалж байна.Манай улс 20 жилийн өмнө буюу 2020 онд авлигалын индексээрээ дэлхийд 160 орчимд жагсаж байсан. Авлигалын индексээр улс орнууд 100 оноо авбал тухайн улс орон ямар ч авлигалын асуудалгүй орны тоонд ордог. Харин 80-аас дээш оноо авбал цэвэр засаглалтай улс орны тоонд ордог. Тэгвэл манай улс тухайн үед 100 онооноос 18.5 оноо авч дэлхийн улс орнуудаас сүүл мушгиж байсан. Харин энэ оны байдлаар манай улсын авлигалын индекс 38 оноогоор 111 дүгээр байранд жагсаж байна. Хэдийгээр энэ тийм ч хангалттай оноо биш ч гэлээ 20 жилийн өмнөхтэй харьцуулахад манай улсын авлигатай тэмцэх ажилд тодорхой хэмжээний ахиц дэвшил гарсан гэж бодож байна. Цаашид бид тодорхой асуудлуудыг шийдвэрлэж чадвар энэ гурван орон тооноос хоёр оронтой тооруу шилжих бүрэн боломжтой. Эхний 50 улсын нэг болох зорилт манай улс тавьсан хэдий ч энэ бүх нийтийн оролцооноос шууд хамаарна.

-Та зургаан жил АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр ажиллахдаа хийхийг зорьж байгаа ажлынхаа зах зухаас хуваалцаж болох уу?

-Энэ хугацаанд төрийн албаны үргүй зардлыг багасгаж, хүнд суртлыг багасгаж, авлига хээл хахуулийн асуудлыг бууруулахыг зорьж байна. Энэ гурван зорилтдоо хүрэхийн тулд мөн гурван зорилго тавьж байгаа. Би нэгэнт залуучуудын ду хоолойг төлөөлж ажиллаж байгаа учраас өөрсдийн сигментийн залуучуудад авлигалын хор уршгийн талаар сурталчлан таниулахыг зорьж байна. Тухайлбал, залуу бизнес эрхлэгчид бизнес эрхлэхийн тулд 10 гаруй тооны тусгай зөвшөөрөл авдаг. Энэ 10 гаруй зөвшөөрлийн ард ийм тооны бүлэг авлигалын сүлжээ үүсчихсэн байгаа. Үүний хажуугаар хяналт, шалгалт нэртэй байгууллагууд бий. Тэгэхээр үүний ард мөн л авлигалын сүлжээ бий болчихсон байгаа нь нууц биш. Хүн өөрийгөө авлигал авч байгаа, өгч байгаа, авлигал өгөхийг шаардаж байгаагаа ерөөсөө ойлгодоггүй. Хийсэн ажлынхаа төлөө шан харамж авдаг байдлыг халах ёстой. Монголчууд эртнээс гарыг нь цайлгана гэж авлигалыг өөгшүүлсээр ирсэн. Энэ гар цайлгах гэдэг ойлголтыг миний хувьд хүүхдийн сэвлэг үргээх, хүндтэй найр хурим дээр ахмад настнууд зочдын гарыг цайлгах гэж ярьж болно гэж боддог. Гэтэл төрөөс цалин авч хийж байгаа ажлынхаа шан харамжид гар цайлгах гэсэн ойлголт байгааг ерөөсөө ч ойлгодоггүй. Энэ байж болохгүй асуудлыг таслан зогоох ёстой. Бид энэ авлигалын асуудалтайгаа хэдий нь эвлэрчихсэн байна.

-Төрийн албан хаагч үндэслэлгүй хөрөнгөжиж түүнийгээ тайлбарлаж чадахгүй байгаа тохиолдол олон байна шүү дээ?

-Насаараа төрийн алба хашиж байсан, ямар ч бизнес эрхэлж үзээгүй хүмүүс өнөөдөр улаан цайм их хэмжээгээр хөрөнгөжчихсөн, түүнийгээ тайлбарлаж чадахгүй, холбогдох байгууллагаар шалгуулаад гэм буруугаа хүлээгээд шүүхээс холбогдох ял шийтгэлээ хүлээгээд явж байгааг та бид харж байна. Бидэнд мэдэгдэж ил гарч байгаа нь хэд билээ. Гэтэл мэдэгдээгүй, олон нийтэд ил болоогүй авлигалын асуудалд оролцсон төрийн албан хаагчид хэд байгаа бол. Бид энэ асуудалтай тэмцэж байхгүй бол түүний хор уршиг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд очно. Тиймээс миний хувьд авлигалын эсрэг мэдээлдэг цахим апплекейшн бий болгохыг зорьж байгаа. Уг апплекейшныг бүх насны иргэд ашиглах боломжтой. Өнөөдөр төрийн суртал ухуулгыг иргэдэд хүргэхийн тулд их хэмжээний зузаан зузаан ном товхимол, сонин сэтгүүл хийж байна. Энэ бүхэн эргээд төрийн зардал, иргэдийн татварын мөнгийг үргүй зарцуулж байгаа хэрэг. Энэ бүхнийг бүгдийг нь цахимжуулах хэрэгтэй. Хүний оюун ухаан, техник технологи өдрөөс өдөрт хөгжиж байна.Технологийн суурин дээр дэлхий нийтийн хөгжил явж байна. Залуучуудын хэрэглээ л гар утас, технологи гэж ойлгож болохгүй. Хүний оюун ухаан 15 секундэд видео мэдээлэлд анхаарч, 5-6 секундэд гар утасныхаа мэдээллийг шинэчилж байна. Иргэдийн анхаарал, оюун ухаан ийм богино хугацаанд төвлөрч байхад бид төрийн мэдээллийг аль болох сонирхолтой, хүртээмжтэй байдлаар богино шторк, постер ашиглан хүргэж байх ёстой. Түүнээс биш 100-200 хуудастай тайлан, ном товхимол одоогийн залуучууд уншихгүй, ойлгохгүй, тэдний толгойд буухгүй. Тиймээс цахим апплекейшн ашиглан уг асуудлыг шийдэх боломжтой.

-Сонирхолтой л юм. Хэрхэн яаж ажиллах вэ?

-Авлигалын эсрэг апплекейшныг ашиглалтад оруулснаар авлигалыг мэдээлнэ, авлигалын эсрэг үйл ажиллагааг сурталчилан таниулна, авлига авсан албан хаагчдын талаарх мэдээллийг зураг хөрөгтэй нь олон нийтэд мэдээллэнэ. Одоо цагт авлига авсан ганц нэг албан хаагчдын зургийг бариад жагсдаг, орилдог арга барил хоцрогдсон гэж бодож байна. Технологит суурилсан энэхүү апплекейшны хэрэглээ нь энгийн хялбар байх бөгөөд мэдээ, мэдээлэл явуулна, авлига авсан алба хаагчдын талаарх мэдээллийн функц гарч ирнэ, авлигалын эсрэг шудрага бус үйл явдал болсон бол иргэд түүнийгээ холбогдох байгууллагууд руу мэдээллэнэ, олны танил нөлөөлөгч залуус бага хэмжээний шторк хийж байршуулна. Энэ апплекейшн бол миний АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүний хувьд хамгийн түрүүнд хийх ёстой гол ажил гэж харж байгаа.

-Авлигатай тэмцэхдээ хүүхэд залуусын оролцоо хэрхэн хангах вэ. Хүүхдүүдэд залуучуудад багаас нь авлига өгдөггүй, авдаггүй байх хүмүүжил төлөвшүүлэх нь чухал байх?

-Тийм шүү.Биднийг дунд сургуульд сурч байхад Иргэний нийгэм, хүмүүжлийн цаг зэрэг хичээлүүд ордог байсан. Үүний үр дүнд бид багаасаа нийгмийн оролцоо идэвх сайтай болж, төрийн байгууллагад хяналт тавих механизм түлхүү бүрдсэн гэж ойлгодог. Гэтэл өнөөдөр ерөнхий боловсролын сургуулиудад иргэний нийгэм рүү чиглэсэн хичээлүүдийн тоо багассан байна. Тиймээс эргээд энэ чиглэлийн боловсролыг хүүхэд залууст багаас нь суурьтай, системтэй олгох хэрэгтэй байна. Авлигачин төрөхийн эхлэл боловсролын салбараас эхэлж байна. Эцэг эхчүүд харьяаллын бус, сурлага муутай хүүхдүүдээ авлига өгч сургуульд оруулдаг, сургуульд тэнцүүлдэг. Хичээлийн бодит дүн нь муу байсаар байтал авлига өгч, авч өндөр оноо өгдөг. Түүнийгээ хүүхдүүддийнхээ нүдэн дээр хийдэг, түүндээ хүүхдээ татан оролцуулдаг. Ингээд хүүхэд багаасаа бүхнийг мөнгөөр шийдэж болох юм байна гэсэн бодол ой тойнд нь суучихдаг. Багшийн цалин бага учраас ангийн фондны мөнгө гэж цуглуулж байна. Түүгээрээ сургалтын хэрэглэгдэхүүнээ авдаг. Энэ бол авлигалын нэршлийг багахан өөрчилсөн төдий асуудал. Хүн Үндсэн хуулинд заасан сурч боловсрох эрхээ эдлэхийн тулд хэн нэгэнд ямар нэгэн татаас өгдөг байх албагүй.

-Авлигатай тэмцэх олон улсын туршлага юу байна вэ?

-2020 оны байдлаар Дани, Шинэ Зеланд, Финлянд, Сингапур, Швейд, Щвейцерланд, Норвеги, Нидерланд, Герман, Люксэнбург,Австрали зэрэг эдгээр 10 орон авлигалын индексээр эхний 10 байрны төлөө өрсөлдөж байна. Эдгээр улс орны авлигатай тэмцэж байгаа туршлагыг судлаад үзэхээр төрийн алба, засаглалын хэлбэр, иргэдэд үйлчилж байгаа арга барил нь бүгд цахимжчихсан байна. Цаасан хэрэглээг халчихсан. Дээрээс нь ил тод байдал нь өндөр байна. Эргээд эдгээр улс орны төрийн албан хаагчдын цалин хангамж өндөр байна. Авлига авах боломжгүй ил тод байдал, хяналт өндөр учраас хэн ч ийм асуудалд орооцолдож нэр төрөө гутаахыг хүсэхгүй байна. Авлигатай тэмцэх төрийн үйл ажиллагааг Улаанбаатар хотын 20 км радиуст харж болохгүй. Бид авлигатай тэмцэх жил, ийм уриа лоозон дэвшүүллээ гээд өчнөөн ажил хийдэг. Энэ зүгээр л уриа төдий болж үлддэг. Хөдөө орон нутгийн засаглалыг өөрсдөд нь даатгачихсан нэгдсэн хариуцлагын систем ажилдаггүй учраас дарга нар асуудлыг өөрсдийн дураар шийддэг. Аймаг, сум, багийн засаг дарга нар маш том толгойтой. Толгой болгон өөрсдийн гэсэн эрх ашигтай. Үүнээс үүдэн тэдний удирдлагад байгаа иргэд хохирч байна. Тиймээс хамгийн зөв шийдвэр бол цахим апплекейшн гэж харж байгаа. Хэсэг хугацааны дараа олон улсын жишигт нийцүүлэн апплекейшнаа хөгжүүлснээр олон улсын авлигалын эсрэг ил тод байгууллагууд хараад Монгол Улсын авлигалын эсрэг үйл ажиллагаанд залуучууд хамтарч ажилснаар өөрчлөлт авч ирж байгаа вм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх байх.

-Тухайн апплекейшнийг бүх нийтийн хэрэглээ болгоно гэдэгтээ итгэлтэй байна уу. Хөдөө орон нутгийнхан энэ асуудалд хойрго хандах байх даа?

-Манай улс технологийн дэвшлийг авлигалын эсрэг үйл ажиллагаанд төдийлөн сайн хэрэглэхгүй байга боловч өнөөдрийг болтол ашиглаж байгаа техник, технологийн багахан хөгжил бий болоогүй байсан бол манай улс ямар байдалд байх байсныг төсөөлөхөд бэрх. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим ажилд бид сайшаалтай хандах хэрэгтэй. Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснээр төрийн байгууллагуудын үргүй зардалд хяналт тавьж, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн хүүхдээ төрийн мөнгөөр гадаадад сургадаг, өөртөө машин авдаг болохыг ил тод болголоо. Е Mongolia төсөл хэрэгжсэнээр бид өөрсдийн хэрэгтэй бичиг баримтын лавлагааг авахын тулд хэн нэгэнд чихэр нобар авч гүйхээ больсон. Социализмын үед соёлын довтолгоо гэх мэт нийгмийг хамарсан томоохон нөлөөллийн арга хэмжээ болж байсан. Яг ийм арга хэмжээ нийгэмд өрнөж байх ёстой. Тэгэхээр заавал социализмыг санагалзлаа гэж буруутгаж болохгүй. Социализмын сайн сайхан зүйл бий. Энэ үед манай улс нийт иргэдээ дархлаажуулж, бичиг үсэгтэй болгосон. Тухайн үед манай улс бичиг үсэг тайлагдалтаараа дэлхийд сүүл мушгиж байсан бол энэ довтолгооны дараа бичиг үсэг тайлагдалтаараа дэлхийн топ 20 улсын нэг болсон. Хүн ам цөөн учраас бидэнд давуу тал байна. Гучин хүн 300 хүнд, 300 хүн нь 3000 хүн гэх мэтээр биедээ нөлөөлөх бүрэн боломжтой. Тиймээс технологийн дэвшлийг хот хөдөөгүй, хөгшин залуугүй ашиглах боломж бүрэн байна. Иргэдийг соён гэгээрүүлэхгүй, мэдээ мэдээллээс хол байлгах далд ашиг сонирхол хэн нэгэнд байж магадгүй. Гэхдээ технологийн хурдыг хэн нэгэн хүний бяцхан хүсэл дийлэхгүй. Технологи асар хурдацтай хөгжиж байна. Цаашлаад бид авлигын эсрэг апплекейшнаа E Mongolia –тай холбож үндсэн нэг цэс нь болгохоор төлөвлөж байна. Уг апплекейшн хэрэглээнд нэвтэрснээр төрийн үргүй зардлыг бууруулахаас гадна иргэдийн цаг завыг ч хэмнэх боломжтой.

-Авлига өгөхийг шаардсан төрийн албан тушаалтнуудын мэдээллийг гар утсаараа илгээх боломжтой гэсэн шүү дээ. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Авлигатай тэмцэх үйл ажиллагаа төгөлдөржиж чадвал өөрийн хөрөнгөөр, өөрийн чадвараар бизнес хийж шударгаар хөрөнгөжсөн бизнес эрхлэгчдээ олон нийтэд сурталчилан таниулна. Тэдний бизнесийн манлайллыг залуучуудад үлгэр дууриалал болгох боломжтой. Үүгээр юу хэлэхийг хүсч байна гэхээр авлига өндөртэй нийгэмд иргэд хөрөнгө мөнгөтэй хүмүүсийг шалтгаангүй үзэн ядаж, тэднийг жигшиж байна. Тэгвэл бид хяналт шалгалтын хүрээнд ус тосыг нь ялгаж өгнө. Цаашлаад авлитай тэмцэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж авлига авсан, авлига өгөхийг шаардсан албан тушаалтнуудын талаарх мэдээллийг гар утсаараа илгээх боломж бүрдэнэ. Өнөөдөр хүн бүр АТГ-т ирээд тэр албан тушаалтан ийм авлига авлаа хэмээн мэдүүлэх байдал учир дутагдалтай байгаа. Харин гар утсаараа илгээдэг болсноор төрийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллаж, авлигалын эсрэг дуу хоолойгоо нэгтгэх боломжтой болно. Манай төрийн байгууллагынхан өөрсөдтэйгөө гэрээ хийж, өөрсдөдөө алга ташиж, арга хэмжээ зохион байгуулдагаа болих хэрэгтэй. Бид нийгмийн тэгш бус байдлыг арилгахын төлөө үндэс сууриар нь бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгш бус байдал алга болсноор төр цэвэрших эхлэл тавигддаг. Тэгш бус байдал алга болсноор авлигатай тэмцэх ажил төгөлдөрждөг. Нийгмийн тэгш бус байдал улам гаарах юм бол бид цаасан дээр авлига гэж бичээд базаад хогийн сав руу хаяж байгаатай л адил асуудал болно.

-Нийгэмд дуу хоолойгоо идэвхтэй хүргэдэг залуучууд үргэлж шүүмжлэлд байнга өртдөг. Тэднийг нийгмийн идэвхтэй гэхээс илүү хэн нэгний эрх ашгийг хамгаалж байна гэж хардах хүн цөөнгүй шүү дээ?

-Манайхан нийгмийн идэвх оролцоо сайтай залуусаа “Төрийн төлөө оготно боож үхнэ, Чамаар л дутав гэж, Яасан хэнхэг юм бэ, Нийгмийн хонгор царайлчихаад...” гэх мэт үгээр урам зоригийг нь мохоож, оролцоогоо хангаж, өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн нэгнийг ичээж, чөдөрлөдөг. Сүүлдээ эргэн тойрныхоо энэ мэт шүүмжлэлээс эмээсэндээ үгээ хэлдэг, үзэл бодлоо илэрхийлдэг залуусын тоо цөөрч байна. Үүнээс болоод шударга бус байдал нийгэмд гаарч байна. Хэрэв та бүхэн санаж байгаа бол хойд эцэгтээ хүчирхийлүүлж нас барсан охины араас талбай дээр иргэд тэмцэж лаа асаагаад өнгөрсөн. Гэтэл энэ тэмцэл тухайн үед ассан лаатайгаа хамт дуусчихсан. Бид яагаад ямар нэг асуудлыг хууль эрхзүйн орчинд нь өөрчлөлт оруулах хэмжээнд үндэс угаар нь тэмцэж чаддагүй юм бэ гэдгийг гайхдаг. Бид бодлогын хэмжээнд ажиллаж, бодлогын хэмжээнд тэмцэхгүй бол хэн нэгнээр хүчирхийлүүлсээр л байна. Хэн нэгэн авлига өгсөөр авсаар, хэн нэгэн үндэслэлгүй баяжсаар л байна. Өнөөдөр зарим хүмүүс миний амьдарлд энэ асуудал хамаагүй, надад нөлөөлөөгүй юм чинь гээд нийгмийн шударга бус асуудлын хажуугаар нүдээ аниад, чихээ дараад өнгөрдөг. Уучлаарай тийм зүйл байхгүй. Өнөөдөр биш ч маргааш танд нөлөөлөх л болно. Сүүлийн үед сайшаалтай нь манай залуучуудын хандлага өөрчлөгдөж байна. Гэхдээ зөвхөн сошиал орчинд. Шүүмжлэлтэй хандаж байгаа асуудалдаа бодитоор оролцох асуудалд хойрго хандаж байна. Өнөөдөр 5700 like 1000 шэйр авахыг нийгмийн бодит оролцоо гэж үзэхгүй л дээ. Тиймээс өөрийн оролцоогоо бодит болгохыг хүсдэг мянга мянган залуусын төлөөлөл болж ажиллахыг зорьж байна.

П.БАТЗАЯА