Төв аймгийн Заамар суманд таван иргэн загасчилж байгаад автомашинтай усанд суун, хоёр нь усанд осолджээ. Нэгнийх нь цогцсыг олсон ба 53 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг үргэлжилж  байна.

Тодруулбал, Заамар сумын Төмөртэйн 2 дугаар багийн нутаг “Доргол” гэдэг газар “Прадо-150” загварын автомашинтай таван  иргэн загасчилж байгаад “Туул” голыг гатлах үедээ автомашин нь усанд сууж хоёр хүн голд осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн байгууллагаас өчигдөр /10.05/ өдрийн 22:21 цаг хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 96 км замыг туулан 01:45 цагт очиж, 3 цаг 45 минут ажиллан осолдсон газраас зүүн хойд зүгт 1 км-т “Туул” голын уснаас өнөө өглөө /10.06/ үүрээр 05:40 цагт Улаанбаатар хотын харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гарган Заамар сумын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн. Орхон аймгийн харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.