Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд буюу Бямба гарагт зохион байгуулахаар болсон талаар СЕХ-ноос мэдээллээ. 

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өчигдөр 07:00-22:00 цагийн хооронд Хэнтий аймаг, СХД-т болсон. Энэ удаагийн нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тул ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүссэн.

Тус хоёр тойрогт нийт 148 хэсгийн хороо байгаагаас зөвхөн 17 хэсгийн хороонд сонгогчдын ирц хүрсэн байна. Ингэснээр 131 хэсгийн хороонд нэмэлт санал хураалт явуулах юм. 

Үүнтэй холбогдуулан өнөөдөр өглөө СЕХ хуралдаж, сонгуулийн ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах товыг тогтжээ. 

Харин нэмэлт санал хураалтын зардлын тухайд СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Хоёр тойргийн сонгуулийн нийт зардал 2.2 тэрбум төгрөг. Үүнээс СЕХ-ны шууд зарцуулах төсөв нь 1.8 тэрбум төгрөг. Тэгэхээр нөхөн сонгуулийн зардалдаа багтааж нэмэлт санал хураалтыг зохион байгуулна" гэлээ.