Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөж, эдийн засгийг байгалийн баялаг, уул уурхайд түшиглэсэн бус мэдлэгт суурилсан хэлбэрээр хөгжүүлэх бодлого баримталж байна.

Монгол улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд судалгаа, шинжилгээнд үндэслэсэн байх зарчим баримтлах болсон, шинжлэх ухаан технологийн хөгжлийг олон улсын хөгжлийн түвшин ирээдүйн чиг хандлагад нийцүүлэх зэрэг төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулах, шаардлагатай байна гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна.

Шинэчилсэн найруулга нь 9 зүйл, 61 хэсэг, 22 заалттай байхаар боловсруулжээ.

1998 оны бодлогод шилжилтийн эдийн засгийн дараах үед шинжлэх ухаан, технологийн салбарын нөөц, чадавхийг хадгалах замаар зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэхийг чухалчилсан бол энэхүү шинэчилсэн найруулгад энэ салбарт нэгэнт бий болсон хүч, нөөцийг бүрэн ашиглах, бүтээлч, цогц үйл ажиллагааг хангах зорилтыг дэвшүүлжээ. Монгол Улсын тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангах,  үндэсний чадамж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийн салбаруудыг өргөжүүлэн хөгжүүлэхэд шинжлэх ухааны үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилтыг шинэчилсэн найруулгын төсөлд чухалчилжээ.

Мөн энэ салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлт нь олон улсын жишигт нийцсэн үндэслэл, тооцоо судалгаанд суурилсан, үр дүн нь баталгаажсан, үнэн зөв мэдлэг, үр нөлөөтэй хэрэглээ байх зарчмуудыг шинээр оруулсан байна.

Шинжлэх ухаан технологийн кластер, парк, хотхон байгуулах, технологийн бирж, нэгдсэн мэдээллийн сан, лабораторийн орчныг өнөөгийн шаардлагыг хангах, салбарын хэтийн төлөв, олон улсын чиг хандагад нийцсэн байхаар төлөвлөжээ.

Эрдэм шинжилгээний ажилтны тоог нэмэгдүүлэхээс гадна чанарыг сайжруулах, гадаадад ажиллаж буй эрдэмтэн, судлаачдыг өөрийн орны судалгаанд оролцуулах, залуу судлаачдыг дэмжсэн тэтгэлэг, дэмжлэгийн тогтолцоог бий болгох зэрэг олон шинэчлэлийг төрөөс баримтлах бодлогын төсөлд тусгажээ.  

Энэ төсөл батлагдсанаар шинжлэх ухаан, технологийн салбар нь зах зээлийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц, эдийн засаг, нийгмийн эрэлт, хөгжлийн захиалгад нийцсэн өрсөлдөх чадвартай болж, хөгжлийн шинэ шатанд дэвших, хууль зүйн хувьд уг салбарт мөрдөгдөж буй эрх зүйн зарим баримт бичгийг бодлогод нийцүүлэн шинэчлэх эрх зүйн боломж бүрдэнэ. Шинжлэх ухааны парк байгуулагдаж, дотоодын нийт бүтээгдэхүүнд өндөр технологи, инновацийн бүтээгдэхүүний эзлэх жин нэмэгдэнэ зэрэг ач холбогдолтой гэж салбарын яам үзэж байна.