Монголоос бараа бүтээгдэхүүн орж ирдэг Эрээн хотын Хуйтун ложистикийн бүсэд ажилладаг хятад ажилтнаас аравдугаар сарын 13-ны өдөр ковид-19-ийн эерэг тохиолдол илэрч, шууд хавьтлын 33, дам хавьтлын 25 хүнийг тусгаарлажээ.

Аравдугаар 14-ний өдрийн 00.00 цагаас эхлэн нийт албан байгууллагын үйл ажиллагааг зогсоон 14-ний өдрийн 24.00 цаг гэхэд Эрээн хотын нийт иргэдийг эхний удаагийн PCR шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээнд 71164 иргэн хамрагдаж бүгд сөрөг гарсан.

Аравдугаар сарын 17-ны өдрийн байдлаар батлагдсан 2, сэжигтэй тохиолдол нэг байна. Шууд хавьтлын 33 иргэнээс өдөр бүр шинжилгээ авч байна. Эрээн хот руу авто замаар орох хөдөлгөөн нээлттэй, гарах хөдөлгөөн хаалттай, төмөр замын зорчигч тээврийн хөдөлгөөнийг  зогсоожээ.

Эрээн хот одоогоор цар тахлын бага эрсдэлтэй бүсийн тоонд орж байна. Эрээн хотод хөл хорио үйлчилж, албан байгууллага, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон, хүнсний жижиг дэлгүүрүүд хаалттай, зөвхөн дуудлагаар хүнсний зүйлийг гэрт хүргэж өгч байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор Замын-Үүд, Эрээн авто замын боомтын хөдөлгөөнийг бүрэн зогсоосон, төмөр замын ачаа тээвэр явагдаж байгаа бөгөөд хөл хорионы дэглэмээс шалтгаалан Эрээн өртөөнөөс ачилт хийгдэхгүй байна.

Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх хянах шуурхай штабаас аж ахуйн нэгжүүдэд өгч байгаа мэдээллээс үзэхэд, хоёр болон гурав дахь удаагийн бүх нийтийн шинжилгээг хийсний дараа хотын хөдөлгөөн чөлөөтэй болно гэжээ.

Ковид-19-ийн нуугдмал үе 14 хоног гэж үзвэл аравдугаар сарын 21 болон 28-ны үед 2 болон 3 дахь удаагийн бүх нийтийн шинжилгээг авахаар байна. Тиймээс энэ сарын 28-ны үед авах бүх нийтийн шинжилгээний хариунаас шалтгаалан хотын үйл ажиллагаа хэвийн болох эсэх нь шийдэгдэхээр төлөвтэй боллоо. Хятадын дотоодын хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр энэ удаагийн халдварыг “дотоодын” хэмээн нэрлэж байна хэмээн Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас мэдээллээ.