Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.

Тэрээр "Сүүлийн өдрүүдэд буюу гурван долоо хоногт PCR шинжилгээний эерэг тохиолдлын тоо зөвхөн нийслэлд биш орон нутагт ч буурч, дельта хувилбарын давлагаа дуусаж, халдварын тархац буурч байна. Дэлгэсэн орны тоо долоо хоногт 5000-аар багасаж байгаа ба оргил үедээ 20 мянган гаруй ор хүнтэй байсан одоо 9795 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Ерөнхий сайдын уриалгыг санаж байгаа бол энэ сараас эхлэн урлаг, спортын арга хэмжээнүүдийг нээсэн ба нэмэлт тунгаа хийсэн хүн үзэж болно, үгүй бол үзвэр үзэхээс өмнө түргэвчилсэн шинжилгээг хийлгэсэн байх шаардлагатай болсон. Тиймээс иргэд нэмэлт вакциндаа хамрагдаж эсвэл түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх дэглэмээ баримтлаад ямарваа нэгэн арга хэмжээнд оролцох боломжтой гэсний хүрээнд төрийн албан хаагчдаас бусад нь буюу хувийн хэвшлийн байгууллагууд нь шинэ жилийн баярыг цомхон хүрээнд тэмдэглэж болно гэж мэдэгдсэн. Гэхдээ хамгийн гол нь бид бүүстер буюу нэмэлт тунгийн хамрагдалтыг 50 болон түүнээс дээш хувьд хүргэх ёстой бөгөөд тэгснээр дараагийн шатлал руу шилжих боломжтой" гэлээ.