Б.ЛХАГВА

 Нийтийн тээврээр өглөө ажилд явах үед автобусны арын суудалд суусан хоёр хөгшин ярилцана. “Он гараад түлш, ус, цахилгааны мөнгө нэмэгдэнэ, тэр үед тэтгэврээр хэрхэн хүчрэх билээ” хэмээн  тэдний  халаглах дуулдав.

Саарал ордонд 3,8 тэрбум төгрөгний айрагны өргөө, 32 тэрбумын “Богд Зонхова” хөшөөний тухай маргаж суухад автобусанд иргэд маргаашийн үмх мах, ганц шуудай нүүрсэндээ санаа зовниж байна. Шатахууны үнийг чөлөөллөө хэмээн дэд сайдын хэлсэн даруйд импортлогчид литр шатахуун дээр 100 төгрөг нэмсэн бол үүргийн худалдаачид шатахууны үнэ нэмэгдсэн гээд маргааш дэлгүүрийн лангуун дах барааны үнээ нэмнэ. Гэхдээ манай дэлгүүрүүдийн үнийн нэмэгдэл өргөн хэрэглээний барааны хувьд хэзээ ч буурдаггүй. Харин цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгддэггүй.

Манай сурвалжлах баг “Амьдрал ямар байна?” гэсэн асуултын араас Чингэлтэй дүүргийн Дэнжийн 1000, Хайлааст орчмыг зорилоо.

 

“Мах чинь тансаг хэрэглээ болсон”

Цас орсон өвлийн тэргүүн сарын жихүүн өдөр хотын захын гэр хороололд иргэд бужигнаж, дор бүрнээ л ямар нэгэн ажилтай, завгүй харагдана. Тоотой хэдэн хүн орж, гарч харагдсан гэр хорооллын найман нэрийн дэлгүүрт орлоо. Бидний өөдөөс эрэгтэй, эмэгтэй гэлгүй архи, тамхи аваад гарсан үйлчлүүлэгчийн ард зарим нь бэлэн хоол, талх зэрэг өдөр тутмын бараагаа сонгож зогсов. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Гоожуурын хүрхрээ” дэлгүүрийн худалдагч М.Чулуунцэцэгээс ойр орчмын өрхүүдийн худалдан авалтын талаар лавлалаа.

-Иргэд ихэвчлэн ямар бараа худалдаж авч байна вэ?

-800 төгрөгний үнэтэй бэлэн гоймон л их авдаг. Дараа нь тамхи.

-Зээлээр бараа авдаг иргэн олон уу. Бие биенээ таньдаг болохоор харилцан итгэлцэл дээр л тулгуурлааад л өгч байна уу?

-Энэ хавийн хүмүүс ихэнх нь зээлээр авна аа. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр зэрэг чинь зээлсэн бараандаа эргүүлж өгөөд л таардаг. Өрөө дарчихаад дараа сар хүртлээ зээлнэ. Манайх тухайн айл хэдэн хүүхэдтэй, ямар орлоготой зэргээс нь хамаарч зээлээр бараа өгдөг.

-Зээлээ цаг тухайд нь төлөх үү?

-Гайгүй нь ч гайгүй. Зарим нь бүүр алга болчихдог. Жишээ нь, гурван хүүхэдтэй айл байлаа гэж бодоход сард зөвхөн идэх хоолонд мөнгөө зарцуулахгүй. 

Хэрэглээний бараа, түлээ нүүрс, өмсөж зүүх хувцсаа авна. Тиймээс хүүхдийнх нь мөнгөний 30-40 хувьд нь тааруулж зээл олгодог. Хэтрүүлбэл, мөнгөө олж авахгүй шүү дээ. Энд ч гэлтгүй зөвхөн хүүхдийнхээ мөнгөөр амьдардаг айл хаа сайгүй. Ажилгүй хүүхдээ хараад гэртээ байдаг хүмүүст зээл өгөхдөө болгоомжтой хандах хэрэгтэй. Ялангуяа өвлийн улирал эхлэхээр зээлээ багасгадаг. Айлд түлээ нүүрс, өвлийн хувцаснаас авахуулаад хэрэглээ нэмэгддэг. Зун бол гайгүй л дээ.

-Зөвхөн энгийн иргэдэд ч гэлтгүй, худалдаа эрхлэгчдэд ч хэцүү байна биз дээ?

-Мэдээж орлогод нөлөөлнө. Гэхдээ бид нарт барааны үнэ нэмэгдэх тусам хэцүү болж байна. Би яахав бараан дээрээ 10 хувь нэмээд зардгаараа зарна. Зээл өгч байгаа ч ашгаа эргүүлээд авч чадна. Харин хүмүүс 10000 төгрөгөөр 5 килограмм будаа авдаг байсан бол одоо 3 килограмм авдаг боллоо. Худалдан авагчдын хувьд хэцүү байна. Үнэ нь нэмэгдээд байдаг, цалин нь хэвээрээ. Он гараад нүүрс, цахилгаан үнэд орно. Ганцхан сарын дараа.

-Дэлгүүрт орж ирсэн хүмүүс мах гэхээсээ илүү цувдай, дотор гэдсэн таташ аваад гарч байгаа харагдлаа?

-Хар даа, энэ жаахан мах чинь хэчнээн үнэтэй. Би үнийг нь хэлэхээсээ заримдаа ичдэг юм. Өрх толгойлсон эхчүүд бэлэн гоймон, цувдай, элэг л авна. Арай дөнгүүр амьдралтай хүмүүс л мах авдаг. Мах чинь нэг талаар тансаг хэрэглээ болоод байна.

Дэлгүүрээс гарч, зам уруудаад “Хүнсний дэлгүүр” гэх хаягаас өөр зүйлгүй ойролцоох дэлгүүрээр орж, худалдагчтай ярилцав. Дэлгүүрийн борлуулагчаар ажилладаг  Ц.Уянга “Манай энд янз бүрийн амьдралтай хүмүүс бий. Тэд мах авч чадахгүй, ихэвчлэн жижиглэн, махан таташ, элэг, бэлэн гоймон зэргийг худалдаж авдаг. Иргэд зээлээс зээлийн хооронд л амьдарч байгаа нь үнэн. Бэлэн мөнгөөр хамгийн хямдхан, жижиг зүйл л авдаг. Манайх шиг жижигхэн дэлгүүр дандаа л зээлээр бараа өгдөг. 

Зээл хамгийн ихтэй нь 400-500 мянган төгрөг, бусад нь харилцан адилгүй. Ажилгүй, найдваргүй зээлэгч зөндөө. Иргэд зээлээр голдуу нь талх, гурил, будаа, төмс зэрэг хоолны бүтээгдэхүүн авдаг. Хэдий өмнөх шигээ тэг зогсолт хийгээгүй ч дээрдсэн зүйл алга. Хүмүүс цалингаа аваад шууд зээлээ өгдөг, маргааш, нөгөөдөр нь дахиад л зээлнэ. Манайх архинаас бусдыг л зээлээр өгч байна. Коронавирусын халдвараас шалтгаалж зээл нэмэгдэж, орлого буурсан.” гэлээ

Он гараад бүх юм үнэдорох байх даа

Цар тахлын нөлөөгөөр тэдний “хэцүү” байсан амьдрал улам хүндэрч, өдөр ирэх тусам дэлгүүрийн өрийн дэвтэр зузаарчээ. Хотын төвөөс холгүй орших атал гэр хорооллын амьдрал нь үнэхээр “ялгаатай”. Төв рүүгээ дөхөх тусам барилга, байшин, хүмүүсийн хувцас, зам, машин зэргийн өнгө тодорно. Харин цаашлах тусам усны тэргээр түлээ, нүүрс, ус, хайрцаг, өөр юу ч юм зөөх иргэд. Нүүрсээ усны тэргэндээ ачаад түрж яваа Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны иргэн М.Баяртай ярилцлаа.

-Сайн байна уу. Танайд долоо хоногт зургаан шуудай нүүрс хангалттай хүрч байна уу?

-Хүрэхгүй шүү дээ. Дээрээс нь цас ороод хүйтэрчихлээ. Мод, түлээгээ холиод нэг юм болгож л байна. Уг нь айл болгон хоёр карттай бол болох л юм. Гэтэл цаанаасаа хязгаарлаад байхаар тэрэнд нь л тааруулж байна.

-Нүүрсээ авахаар очиход дуусчихсан үе таарч байна уу?

-Нүүрс буунгуут нь авахгүй бол дуусчихна. Орой ажлаа тараад хүмүүс ихээр авдаг учраас эртхэн очоод авсан нь дээр байдаг. Манай энд өглөө ирсэн түлш өдөртөө дуусчихдаг ч үдээс хойш ахиад ирдэг л юм.

-Зөвхөн түлээ нүүрс гэлтгүй таны амьдрал ямар байна?

-Амьдралд амархан зүйл гэж байхгүй. Ус үнэгүй ч картаар авахад хэцүү. Зарим газар нь гацаад уншихгүй бол өөр тийшээ явж авдаг. Он гараад бүх юм үнэд орно. Тэр үед яахаа мэдэхгүй л байна. Тэгээд амьдрах л байхдаа. Манай хажуу айлын хүүхдүүд өвлийн хувцас муутай хичээлдээ явах юм. 

“Улаан загалмай” ч билүү тусламжийн байгууллагууд нь одоо ажиллахаа больсон уу. Зарим хүн чинь шулсан яс, нохойны хоолоор л өдөр хоногийг өнгөрөөж байна... хэмээн  явуут дундаа ярилцсаар тэргээ түрээд яарсаар цааш алхав.Ердөө хотын төвийн зургаан дүүргийн нэг Чингэлтэйд амьдрал ийм байна.

Шинэ он гараад шинэ бараа, шинэ үнэ угтахгүй. Өчигдөрхөн литр шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдсэн учраас маргааш ямар барааны үнэ нэмэгдэж, дэлгүүрийн лангуун дээр өрөгдөхийг таах арга алга. Үнэ өсдөгөөрөө өсөж, амьдрал үргэлжилдгээрээ үргэжилнэ гээд хүлээж суух. Өнгөрсөн онд Засгийн газраас Монгол Улсын бүх айлын цахилгааны төлбөр, 100 хүртэл метр квадраттай байрны өрхийн дулаан, ус, хогны мөнгийг тэглэж, нэг шуудай шахмал түлшний үнийг 75 хувь хүртэл бууруулсан. Харин ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ус, дулаан тэглэхээс өмнө иргэд хэрхэн амьдарч байсан тэр хэвэндээ орно гэвэл “үгүй”. Коронавирусын цар тахлын улмаас айл өрх, аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлт үзүүлсэн ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахуун, хувцас хэрэглэлийн үнэ нэмэгдэж цалин, тэтгэвэр тэтгэмж нь хэвээр үлдсэн. Тиймээс цар тахлаас өмнө хүмүүсийн хэрэглээ, зардал ямар байсан тэр хэвэндээ оруулах гэж хичээвч ковид-19-өөс үүдсэн зах зээлийн үнийн өсөлт, ажилгүйдэл иргэдэд тийм таатай боломж олгохгүй л болов уу.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН