Галсангийн ЖАМЪЯН

(1936-2021)

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч, сэтгүүлч Галсангийн Жамъян 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж, Монголын соёл урлаг, уран зохиол, үзэг нэгт нөхөд бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

 

Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч, сэтгүүлч Г.Жамъян 1936 онд Дорноговь аймгийн Алтанширээ суманд төржээ. 1961 онд Монгол Улсын их сургуулийн монгол хэлний анги, 1978 онд Марксизм-Ленинизмийн оройн их сургууль, 1984 онд Олон улсын сэтгүүлчдийн дээд курсийг тус тус төгсжээ. 1960 оноос Дорноговь аймгийн ХЗЭ-ийн хороонд зааварлагч, хэлтсийн эрхлэгч, 1962 оноос “Улаанбаатарын мэдээ” сонинд сурвалжлагч, 1979 оноос Мод боловсруулах комбинатад ажилчин, 1990 оноос “Улаанбаатар” сонинд сурвалжлагч, орлогч эрхлэгчээр тус тус ажиллаж байжээ.

 

Зохиолч Г.Жамъян 1960-аад оноос уран зохиол бичиж олон ном зохиол бүтээж үлдээжээ. “Миний Улаанбаатар”, “Чингис”, “Гал атгасан гар”, “Амьдралын намтраасаа”, “Хорьтын цагаан мөнгө”, “Сүнстэй нөгцсөн хүн”, “Угтал”, “Гавлай”, “Цасангаа” зэрэг шүлэг, найруулал, өгүүлэл, адал явдалт зохиолын номууд болон жүжгүүдээ олон түмэнд хүргэжээ. Мөн сэтгүүлзүйн бүтээлүүдээ эмхэтгэн олон арван ном бүтээж, уншигчдын гарт хүргэж байсан билээ. Тэрээр монголын утга зохиолд өөрийн гэсэн өнгө, онцлогоороо ялгаран танигдсан манай авьяаслаг зохиолчдын нэгэн байлаа.

Түүний Монголын утга зохиолын их сан хөмрөг, чөлөөт хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарт оруулсан их хувь нэмрийг нь төр засгаас өндрөөр үнэлж 1997 онд "Хөдөлмөрийн гавьяаны одон", “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, 2005 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, Соёлын гавьяат зүтгэлтэн цол шагналаар тус тус шагнагджээ.

Таны хүнлэг энэрэнгүй ариун сэтгэл, тууштай тэмцсэн шударга үйлс, нөхөрсөг зан чанар, эгэл төрх нь зохиолч, уран бүтээлчдийн зүрх сэтгэлд үеийн үед дурсагдах болно.

Ум ма ни бад мэ хум

 

 

 

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ

“УТГА ЗОХИОЛ, УРЛАГ” сонин

“ЦОГ” сэтгүүл