--- Хохирогч охин шүүхдэж байхад ЭСЯ, Консулын газрынхан хаана байв ---

 Т.АМАРТҮВШИН

БНСУ-д суралцдаг монгол охиныг сургуулийнх нь хүүхдүүд ялгаварлан гадуурхаж, хүчирхийлсэн хэрэг явдал Монголчуудын сэтгэлийг эмзэглүүлж, санааг чилээхэд хүрэв. Арван гурван настай охин бусдад бүтэн зургаан цагийн турш хүчирхийлүүлж, балмад үйлдлийнх нь золиос болсонд монгол хүн бүр жихүүцэж байна. Харамсалтай нь,  Монгол Улсаа төлөөлөн сууж буй дипломат төлөөлөгчийн байгууллага асуудлыг мэдэлгүй “нүдэн балай чихэн дүлий” өнөөдрийг хүрчээ. Хэрэг явдал энэ оны долдугаар сарын 3-ны өдөр үйлдэгдэж, хохирогч охины ар гэрийнхний зүгээс цагдаагийн газарт мэдүүлж, мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн ч хэрэгт холбогдсон дөрвөн сурагчийн хоёр нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна.

 Харин үлдсэн хоёр сурагчийн хувьд хэрэг хүлээх чадвартай, насанд хүрсэн хэмээн үзсэн ч шүүхээс улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байх шийдвэр гаргажээ. Харамсалтай нь Монгол Улсын иргэн харь оронд хүчирхийлэлд өртөж, хуулийн байгууллагаар асуудлаа шийдүүлэх гэж хүчин мөхөстөж байхад, энэ хугацаанд улсаа төлөөлсөн Элчин сайдын яам, Консулын газрын төлөөлөгчид яагаад анхаарсангүй вэ гэдэгт эгдүүцэл төрж байна.Хэрэг үйлдэгдсэн БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янгсан хот нь Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын тойрогт хамаарагддаг. Өөрөөр хэлбэл, манай улсаас Пусан хотод суугаа Консулын газрынхан дээрх асуудалд анхаарал хандуулах ёстой байж. Түүнчлэн Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яам ч энэ асуудлыг анхааралдаа авах нь зүйн хэрэг байв. Гэвч хэрэг явдал өрнөснөөс хойш бүтэн таван сарын хугацаа өнгөрөхөд манай улсаас тус улсад суугаа дээрх Элчин сайдын яам, Консулын газрын төлөөлөгчид нэг ч удаа “хуруугаа хөдөлгөөгүй” байна. Тэр ч байтугай болсон явдлын талаар мэдээлэлгүй байгаа нь тус улсад суугаа манай дипломатчид ажлаа ямар хэмжээнд хийж байгааг харуулж байгааг бүрнээ илтгэнэ.

 БНСУ-ын “MBC” телевиз болсон явдлын талаар энэ сарын 1-нд мэдээлэл бэлтгэн хүргэсэн нь ийнхүү асуудлыг БНСУ болон Монгол Улсад анхаарлын төвд авчирлаа. БНСУ-д суугаа дипломатууд дээрх асуудлыг мэдээгүй болохоо ч өөрсдөө хүлээн зөвшөөрөв.Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа өчигдөр “БНСУ-ын Өмнөд Кёнсан мужийн Янсан хотын нэгэн дунд сургуулийн монгол сурагч охиныг дээд ангийн солонгос сурагчид нийлэн зодсон, хүчирхийллийн хэргийн талаар арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагаар цацагдаж эхэлсэн. Энэ хэрэгтэй холбогдуулан Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод байгаа Консулын газраас шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Консулын газрын зүгээс хохирогч охины ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллага, түүний сурдаг сургууль, хүүхдийн эрхийн байгууллагуудтай хамтран байнгын холбоотой ажиллаж байна. Консулын газар хохирогч охины асуудалд анхаарал хандуулан ажиллана” хэмээв. Эрхэм Консул яг ингэж хэлнэ лээ.  Хоёрхон хоногийн өмнө асуудлыг телевизийн мэдээнээс сонссон дипломатууд охины ар гэр, сурдаг сургууль, хүүхдийн эрхийн байгууллагуудтай байнгын холбоотой ажиллаж байна ч гэж юу байхав.

Монгол Улсаас гадаад оронд суугаа төлөөлөгч, дипломатууд нь улс орны эрх ашиг, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд анхаарал хандуулаад зогсохгүй, тухайн бүс нутагт суугаа иргэнийхээ аж амьдрал, эрх зүй, аюулгүй байдалд нь анхаарал хандуулах ёстой. Дипломат албаны тухай хуулийн 7.1.7-д “Суугаа болон хавсран суугаа оронд нь амьдарч буй Монгол Улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдэнд эд материал, санхүүгийн дэмжлэг, тусламж үзүүлэх” тухай Дипломат төлөөлөгчийн үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. Болсон явдалд  Пусан хот дахь Консулын газар анхаарал хандуулж, хохирогч охины ар гэрт өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх, шаардлагатай бол санхүү, хөрөнгийн дэмжлэг ч үзүүлэх хэрэгтэй байлаа. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагынхан ч энэ асуудалд өчигдөр хойрго хандсан. 

Яамныхан хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхгүй, байгаа үгүй нь мэдэгдэхгүй бүтэн өдөр өнжив. Хаалга үүдийг нь хэвлэлийнхэн балбаж байж, оройхон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр мэдээлэл өгнө лээ.Тэгэхээр бүтэн таван сар болоход дипломат албаныхны хэн нь ч анхаарал хандуулсангүй орхижээ. Эх орноо төлөөлсөн дипломат байгууллага нь иргэнээ мартсан байхад, ээж, охин хоёр “шүгэл үлээж” чадлаа. БНСУ-д Монгол Улсын 49 мянган иргэн ажиллаж, амьдарч байна.  Харь оронд эрх нь зөрчигдсөн олон мянган иргэний дуу хоолой болж чадсан, эр зоригтой ээж, охин хоёрт монголчууд талархах ёстой. Эрх ямба эдэлж, үүргээ мартдаг дипломатуудын үнэн төрхийг илчилж өгсөнд талархъя. Одоо харин хариуцлагагүй, сэтгэлгүй ажилласан дипломатуудад асуудал ярих ёстой болж байна. Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Эрдэнэтуяа, Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа нарт хариуцлагын асуудал ярих нь зүйн хэрэг билээ. Тэднийг эргүүлэн татах асуудлыг ч Монгол Улсын Ерөнхийлөгч Та анхааралдаа авна уу. Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа нь Монгол Улсын зургаа дахь Ерөнхий сайд Ц.Жигжиджавын ач охин.  “Миний өвөг эцэг Монгол Улсын Eрөнхий сайд Ц.Жигжиджав” хэмээн “сайрхдаг” дипломатч хатагтай, яагаад монгол иргэнийхээ төлөө анхаарал хандуулсангүй вэ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт ч хариуцлага тооцох асуудал яригдах ёстой.