2007 онд хүнд зодуулж, улмаар тахир татуу болж, эрүүл мэндээрээ хохирсон Н.Батмягмар гэдэг залуугийн талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат- Ялалт өчигдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэ залуу эрүүгийн гэмт хэргийн улмаас хэлмэгдэн, өнөөг хүртэл хохирсон. Гэтэл төр засгаас энэ хүний эрүүл мэнд, амь насных нь баталгааг хангаж байгаа юм алга. Маргааш /өнөөдөр/ шүүх хурал нь Сонгинохайрхан дүүрэгт болно. Н.Батмягмар бусдад зодуулсан байтал зодсон хүн нь Өршөөлийн хуулиар суллагдсан. Харамсалтай нь энэ залуу өнөөдөр нуруу нугасны гэмтэлтэй, өдрөөс өдөрт бие нь муудсаар байна. Гэтэл гэмт хэргийн улмаас хохирсон иргэний эрүүл мэндийн хохирлыг төлдөг сан, иймэрхүү санал санаачлагыг гаргахаар дэмжих улстөрийн хүчин, улстөрчид байдаггүй” хэмээн мэдэгдсэн юм. Бусдад зодуулж хохирсон энэ залуугаар төлөөлөл болгож, олон мянган хохирогчдын эрх ашгийн төлөө энэхүү хэвлэлийн хурлыг хийж байгаа нь энэ аж. Түүний хэлснээр “Иргэдийн шударга шүүх”-д хохирсон, хэлмэгдсэн хэмээн хандсан 10 мянга гаруй хүний гомдол байгаа. Гэвч нэгэнт улстөрийн хүчин болон эрх бүхий албан тушаалтанууд үүнийг авч хэлэлцэхгүй байгаа учраас иргэдийн гомдлыг цуглуулахаа зогсоосон байна. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг хамгаалах ёстой хуулийн байгууллагууд үнэнч шударгаар ажиллахгүй байгаа гэнэ. Тиймээс хэлмэгдүүлэлт, хилс хэргийн эсрэг бүх нийтээрээ тэмцэх ёстой гэж үзэн УИХ-д суудалтай улстөрийн таван намд өчигдөр шаардлага хүргүүлжээ. Ингэхдээ эхний ээлжинд намуудын төлөөлөлтэй чөлөөт уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Тэдэнд мөрийн хөтөлбөртөө шударга ёсны тухай ямар нэгэн байдлаар тусгах, шүүхийн шинэчлэлийн талаар үг өгүүлбэр оруулах санал тавих ажээ.

Хүү маань хүнд зодуулаад ярьж чадахаа больж дүлийрсэн
Хохирогч Н.Батмягмарын ээж Наранцэцэг:

-Хүү чинь хаана ажиллаж байгаад хүнд зодуулсан юм бэ?
-Миний хүү “Метрополис” шөнийн цэнгээний газарт ажиллаж байгаад 2007 оны арванхоёрдугаар сарын 26- ны 20.30 цагт цалингаа авах гэснийхээ төлөө зодуулсан. Зохион байгуулагч хийдэг Равдансамбуу гэдэг залуугаас 21 хоног ажилласны цалингаа авахыг хүссэн юм билээ. Гэтэл хүүг маань хоёр хоног ажилласан гэж худал гүтгээд цалинг нь өгөлгүй агуулахад оруулж, хаалгаа түгжиж байгаад зодсон байгаа юм. Зодуулсны улмаас миний хүү биедээ их олон гэмтэл авсан. Гэтэл Баянзүрх дүүргийн цагдаа Ганхүү гэдэг хүн санаатайгаар энэ үйлдлийг үгүйсгэсэн.

-Зодуулсны улмаас биеийнхээ олон хэсэгт бэртсэн гэж байна Энэ талаар тодруулж болох уу?
-Өрөөнд оруулж байгаад араас нь өшиглөж, шанаа, чих, хамар уруу нь цохисон гэсэн. Тэр бүү хэл хана мөргүүлж, төмсөг рүү нь хүртэл өшиглөсөн байгаа. Үүнээс болж хүүгийн маань ууц, нуруу өвдөж, шээсээр нь цус шүүрээд, явж ч чадахгүй байсан. Эмнэлгийн оношоор “Бэлэг эрхтэн нь ажиллагаагүй болж, төмсөгний няцрал, найм, есдүгээр үеийн ясны хугаралтай байна” гэсэн. Мөн эрүүний яс нь хугарсан учир дуугарч, хатуу зүйл идэж болохгүй, чих рүүгээ цохиулснаас болоод баруун чих нь дүлийрсэн. Хамар нь хугарч, бөөрний өвчтэй болсон. Өдөр ирэх тусам өвчин нь хүндэрч, ой санамжаа хүртэл алдаж эхэлж байна.
-Хүүг чинь зодсон хүн анхаарал тавьж, эргэсэн үү?
-Равдансамбуу гэгч тэр хүн хүүгийн маань биеийг нэг ч удаа асууж ирээгүй. Эрүүл, саруул явж байсан хүнийг тахир, татуу болгочихоод одоо Таван шард “Доктор авто сервис”-ийн газар захиалга авагч менежер хийгээд л сууж байгаа. Гэтэл хүү бид хоёр хувь, хувьсгалын эмнэлгээр ороогүй газаргүй болоод байна. Ер нь хууль, шүүхийн зарим хүн нь ядуу буурай, танил талгүй хүний эсрэг л ажилладаг юм байна гэдгийг ойлгож авсан даа. Гэхдээ олны дунд хүүг маань хэлмэгдүүлж, зодож гэмтээсэн хүний гэм бурууг үнэн зөвөөр нь тогтоох хуульч бий гэдэгт итгэлтэй л байгаа. Маргааш /өнөөдөр/ болох шүүхийн шийдвэр үнэний талд гараасай л гэж хүсч байна.

-Баянзүрх дүүргийн байцаагч нь таны хүүг “Равдансамбуу санаатайгаар зодоогүй юм билээ” гээд байгаа гэсэн үү?
-Тийм. Зодсон хүмүүсийг нь байцаагч Ганхүү хамгаалахараар барахгүй хүү, бид хоёрыг хүртэл дарамтсан. Тэгээд сүүлдээ Равдансамбуугийн үйлдсэн эрүүгийн хэрэг иргэний хэрэг болоод Сонгинохайрхан дүүрэгт шилжиж ирсэн юм.

-Өнөөг хүртэл хүүгийнхээ эмчилгээнд хэчнээн төгрөг зарцуулсан бэ?
-Бодит зардал 24 сая 372 мянга 300 төгрөг гарсан. Үргэлж л эмч нарын хяналтад байгаа. Цаашид Америк явж эмчлүүлэхийг эмч нар нь зөвлөдөг. Тэгэхийн тулд хэчнээн ч төгрөгний шаардлага гарах юм билээ. Хүүгээ явуулаад эмчлүүлээд эрүүл, саруул болгоод авбал түүн шиг сайхан юм надад юу байхав. Гэхдээ яаж явуулах аргаа л олохгүй байна. Миний хүү Техникийн их сургуулийн дулааны инженерийн анги төгссөн. Гэтэл өнөөдөр ажлын чадваргүй, амьдрах, сэхэхээ мэдэхгүй л болчихсон байгаад нь би үнэхээр их харамсч, өрөвдөж, өр өмөрч явна.