Саяхан зургаан жилийн өмнө сураггүй алга болон хөдөө мал маллаж байгаад эргэж ирсэн Рэнцэн хүүгийн тухай хэсэг шуугисан.

Түүнийг МУГЖ С.Ганзоригийн аав ээж хоёр дэргэдээ байлган малдаа явуулж  бас тэнэмэл хүүг харж хандаж байсан гэж өөрсдийгөө өмгөөлсөн. Эцэст нь хулгайлсан хулгайлаагүй, зарцалсан зарцлаагүй хэмээн баахан талцаж маргаад эцэст нь хүүгийн эцэг эх гомдолгүй гэсэн тул энэ хэрэг хаагдсан.

Тэгвэл үүнээс ч ноцтой маягийн нэгэн хэрэг Дундговь аймагт гарчээ.  Дуу хуурийн өлгий аймгийн Цагаандэлгэр сумын нэгдүгээр багийн малчин Ж.Оросоо нь эхнэр Оюун-Эрдэнийн хамт шунахай сэдэлтээр үгсэн тохиролцож бүлэглэн “Хархорин” захын орчмоос 11 настай Л.Отгонбаяр гэдэг хүүг хүч хэрэглэн хулгайлж  албадан хөдөлмөрлүүлж мөлжсөн гэх хэрэгт сэжиглэгдэн баригджээ. Хүү хараа хяналтгүй ганцаараа явж байхад нь эмзэг байдлыг нь далимдуулан хүч хэрэглэн хулгайлсан гэнэ. Мөн бүтэн жил илүү Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт мал маллуулан албадан хөдөлмөрлүүлж байхдаа хонь мал муу хариулсан хэмээн байнга чулуугаар цохиж ташуур, сураар ороолгох, шавхуурдах, зодох, хүйтэнд малгай бээлийгүй малд явуулах, намар өвлийн орой гадаа зогсоох зэргээр тарчлаан зовоосон гэх ял нэмэгджээ. Үүний улмаас Отгонбаяр хүүгийн толгойн хуйх, хүзүү цээж, нуруу өвдөг зэрэгт зулгаралт сорви, зүүн нарын дунд хуруунд шархны сорви зэрэг олон тооны хөнгөн гэмтлийг үүсгэсэн гэж буруутгагдсан гэнэ.

Оросоо нь Цагаандэлгэр сумын мянгат малчин агаад таван хошуу малтай чинээлэг эр гэнэ. Хүү нь дөрвөн настай агаад мал маллах хүн бүл муутай айл байжээ.Хонь ямаа хариулаад байх туслах малчин авах боломж байсан ч яагаад ч юм хотоос тэнэмэл буюу хараа хяналтгүй хүүхэд олж авчирахаар болж. Харин Отгонбаяр хүү нь  “Хүүхэд хамгаалал хаяг тогтоох төв”-д олон удаа очиж байсан, хараа хяналтгүй, сургуулиас завсардсан өөрийгөө бусдад өнчин гэж ойлгуулдаг байсан гэнэ. Тэрээр “Хархорин” зах хавиар байнга эргэлддэг тэндхийн зарим наймаачид зүс таньдаг байжээ. Мөрдөн байцаалтаар  хүүг 6-р сарын эхээр оройхон зах хавийн нэгэн автобусны буудлын орчмоос хүчээр хэрэглэн авч явсан нь тогтоогдсон. Энэ хэрэгт нэг нутгийн болох Долгорсүрэн хамжин туслагчаар оролцсон байж магадгүй. Тэрээр “Хархорин” зах дээр жижиглэнгийн эд бараа зардаг байсан бололтой. Энэ үедээ хүүг нүдэлсэн байхыг үгүйсгэхгүй гэнэ. Мянгат малчин эхнэртэйгээ нийлэн хүүг хулгайлснаа үгүйсгэж Долгорсүрэн замын унаанд суулгаж явуулсныг бид тосож авсан гэдэг гэнэ. Оросоо нь хүүг хэн гэдэг жолооч Цагаандэлгэр суманд авчирч өгснийг мэдэхгүй байна гэсэн ч дараагийн байцаалтандаа Батсайхан гэдэг хүн авчирч өгсөн гэж мэдүүлжээ. Тэр жолооч мөн л нэг сумын хүн гэнэ. Харин Отгонбаяр хүү Оросоо эхнэртэйгээ “Хархорин” зах хавиас хүчээр машинд суулган авч явсан, Долгорсүрэн гэдэг хүнийг Оросоогийнд ирэхэд нь анх удаа харсан гэдгээ мөрдөн байцаалтын үеэр хэлжээ. Мянгат малчин эхнэр нөхөр хоёр хүүг албадан хөдөлмөрлүүлэх мөлжих зорилгоор хотоос хүчээр авчирсан, мал маллуулж гэрийн ажил хийлгүүлж байснаа хүлээсэн гэнэ. Хүү насандаа ахадсан биеийн хүчний ажил хийж өдөр алгасалгүй хонь мал хариулж байж. Мал хариулах, услах, хот хороо цэвэрлэх, аргал түлш түүх ус авах зэргээр өглөөнөөс орой хүртэл хүнд хөдөлмөр хийж байжээ. Мянгат малчин эхнэр нөхөр хүүтэй хатуу ширүүн харьцаж байсныг хүү мэдүүлсэн гэнэ. Загнах зодох гэсгээх зэргээр тарчлааж байсныг хүүгийн биен дэх олон шарх сорви баталсан. Дааж давшгүй хүнд хөдөлмөр хатуу ширүүн харьцааг тэсвэрлэж чадаагүй хүү зугтаахаар хэдэнтээ оргож. Нэг удаа оргоход нь мянгат малчны ээж Өлзийт араас нь хөөж барин хүүдээ өгсөн гэнэ. Хэрэгтэн нар эхний үед хүүг албадан хөдөлмөрлүүлэх зорилгоор авчирснаа хүлээсэн ч дараа нь гэнэт мэдүүлгээсээ буцаж “Отгонбаяртай харилцан тохирсон, гэр орондоо байлгаж хооллож ундалсан, ажлын дөртэй болгосон” гэх зэргээр өөрсдийгөө хамгаалж эхэлсэн гэнэ. Хотоос авч явахдаа л хүүгийн саналыг асуухад танайд очьё гэж зөвшөөрсөн болж таарчээ.  Гэхдээ л чулуу ташуураар зодож тарчлааж байсныгаа үгүйсгэх аргагүй болж. Хэрэгтнүүд мэдүүлгээсээ буцсан тул өдгөө хэргийг  мөрдөн байцаалт руу буцаажээ. Мянгат малчин эхнэр нөхөр хоёрт авсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр болж.  Ийнхүү мал нь ихэдсэн Монголын хөдөөд боолын хөдөлмөр цэцэглээд эхэлжээ. Нударгаа салбагнуулсан торгон дээлтэй мянгат малчид хямд үнэгүй ажиллах хүч хайн хотын тэнэмэл хүүхдүүдийг ангуучилдаг болж.