Монголын Залуучуудын Холбооноос 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Номын баяр” өдөрлөг энэ жил цар хүрээгээ тэлж өдөрлөгийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг номын сан, дэлгүүр болон хувь хүмүүс өөрсдийн шинэ болон хуучин номын үзэсгэлэн худалдаа явуулж байгаа бөгөөд ном хандивлах, номын хямдралтай худалдаа, номын солилцоо, оюутан залуучуудад номын сангийн үнэмлэх нээх /үнэгүй/, шинэ номын танилцуулга, номын дуудлага худалдаа гэх мэт үйл ажиллагаанууд зохион байгуулагдсан байна. МЗХ залуус танхимд хоёр өдөр зохион байгуулагдсан өдөрлөгт Интерном, Аз хур, Сэлэнгэ пресс, Хөх судар, Анар, Манлайлах урлаг төв, Номтой нөхөрлөе клуб, Миний ном клуб болон хувиараа ном худалдаалдаг хүмүүс оролцож долоо хоногийн бестселлер ном, хүүхдийн ном, уран зохиолын ном, цуврал ном гэх мэт шинэ болон хуучин номын худалдаа явуулж, Монголын Үндэсний төв номын сантай хамтран өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн эртний ном товхимолуудтай танилцах, тэдгээрийг олон нийтэд танин мэдүүлж, ном эрдмийг хүндэтгэн дээдлэх зорилгоор “Үнэт ховор номын музейтэй танилцах аялалыг 19, 20-ны өдөр зохион байгуулсан. Уг музейтэй танилцах аялалд 50 гаруй залуучууд хамрагдсан бөгөөд үндэсний түүхийн хосгүй ховор бүтээлүүдтэй танилцсан. Ховор номын бүтээлүүдээс дурьдвал Бурхан багшийн сургаал, зарлигийг агуулсан /108 боть/ Ганжуур, Бурхан багшийн зарлигийн тайлбар болох /226 боть/ Данжуур, Буддын их хөлгөн судруудын гайхамшигтай сан хөмрөгийг, Нартан барын Ганжуур (102 боть), Дэргэ барын Ганжуур (100 боть), Хүрээ барын Ганжуур (105 боть), Монгол шунхан барын Ганжуур (108 боть), Алтан Ганжуур (102 боть), дэлхийд ганц хувь есөн эрдэнийн Ганжуур зэрэг 10 гаруй төрлийн Ганжуур, Чингис хааны алтан ургийн ургийн бичиг, 1700-д онд бүтээгдсэн одон орны зураг гэх мэт үнэт ховор бүтээлүүдтэй танилцсан юм. Мөн энэ үеэр хандивын үйл ажиллагаа зохион байгуулсан бөгөөд нийт 50 гаруй номыг залуучууд хандивласан юм. Эдгээр цугларсан номыг хорих ангид хандивлах юм байна.