Гадаад харилцааны сайд Л.Болд төвийг сахигч нэгэн. Элит гэр бүлээс гаралтай мөртлөө 40 мянгатын атамануудын дунд хамгийн даруухан нь тэр байсан гэдэг.

Тэр чанар нь одоо ч хэвээрээ бололтой. Сүүлийн үед Л.Болд сайдыг сайнаасаа муугаар цоллох нь ихэсч. Энэ бүхэнтэй тэр шүүхдэлцээд байсангүй. Эр хүн шиг л байсан. Харин өчигдөр тэрбээр тэсгэл алдав бололтой, АТГ-т хандан өргөдөл бичжээ. “Сүүлийн үед намайг Батлан хамгаалахын сайд байх үедээ хууль бус ажилд оролцсон, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх агуулгатай мэдээллүүд зохион байгуулалттай гарах боллоо. Тухайн цаг үед нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иймэрхүү гэмт хэрэгт холбогдолгүй гэдгээ мэдээлж, хариу өгч байсан ч улам даамжирч, зохион байгуулалтад орж, улс төрийн захиалгаар хэн нэгний удирдлага дор хийгдэж байгаа нь мэдэгдэх болсон тул танай байгууллагад хандаж байна. Эдгээр ярьж, бичиж буй асуудлуудад намайг холбогдолгүй болохыг, энэ бүх гүтгэлэг, зохион байгуулалттай гүжирдлэгийн цаа­на хэн байгааг тодруулж, улс төрийн өндөр хариуцлагатай албаа зохих ёсоор нь хаших боломжийг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлнэ үү” хэмээн өргөдөлдөө бичжээ. Өмнө нь Зам тээврийн сайд А.Гансүх бас яг ингэж АТГ-д хандан өөрийгөө шалгуулж байсан. Сайн хүний үйлдлийг дуурайна гэдэг сайхан чанар. Буруу, булхай хийгээгүй л бол ингээд шалгуулчих л хэрэгтэй. Л.Болд сайд овоо эр юм аа. 

 

Б.Оюунгэрэл