Улсын Их хурал 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт барих Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийг импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталлаа. Энэ хуульд уг дулааны станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батлахаар зохицуулсан байна. Хуулийг 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ.