Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Монгол Улсад Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан олон талт арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэ удаа өнгөрөгч амралтын өдрүүдэд Засаг даргын Тамгын газар, харъяа хэлтэс, албадын 16 багийн 192 тамирчдын дунд Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд Цагдаагийн 1 дүгээр хэлтэс хошуучилж I байр, удаах байруудад Замын цагдаагийн тасаг, Боловсролын хэлтэс Спорт хорооны хамтарсан баг, Онцгой байдлын хэлтэс тус тус орж медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Мөн шилдэг довтлогчоор 9 гоолоор Замын цагдаагийн тасгийн тоглогч, цагдаагийн дэслэгч С.Одхүү, шилдэг хамгаалагчаар Онцгой байдлын хэлтсийн тоглогч, онцгой байдлын ахлагч Н.Түвшинтөгс нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

Ийнхүү албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх зорилготой тус тэмцээнийг цаашид уламжлал болгон зохион байгуулж байхаар боллоо.