1980-аад  онд нийслэлийн өнгө үзэмжид нэмэр болон  сүндэрлэсэн 14 давхар “Хангай” зочид буудал өнөө цагт новшноос дорд үзэгдэх болсон.

Сүүлийн 20 гаруй жил энэ барилгыг хэн яах гээд байгаа нь ч мэдэгдэхгүй  учир битүүлэг дүнхийх нь хотын өнгө үзэмжийг гутаав. Өчигдөрхөн тэр хавиар явж байхад ойр тойрны байруудын  оршин суугчид тэр барилгаас болж мянган зовлон үзэж байгаагаа гомдоллож байсан. Хэрэгтэй юм бол ашиглаад, хэрэггүй юм бол буулгаад хаячихвал яасан юм бэ гэж хөгшчүүл учирлах. Энэ барилга балгас болсноос хойш золбин нохой,муур,тэнэмэл хүмүүс орогнож, ойр орчмын хэдэн байрны оршин суугчдын тэвчээрийг барж байгаа гэлцэнэ. Балгас болсон байшинг сүнстэй гэж жийрхэх хүмүүс ч байдаг аж.

Юуных нь сүнс вэ,тийм юм байхгүй гэж уцаарлах хүн ч тааралдах. Харин тэр балгаст эзэн суусан муур, нохой уралцан  гангинах нь  өдөр шөнийн аль ч цагт амар тайван  байх аргагүй болгодог нь тэсэхүйеэ бэрх гэж хөгшчүүл үгээ барна. Тэр ч байтугай гэмт хэргийн бүлэглэл ч юм уу ямар нэгэн залуус байсхийгээд л ирж баахан муур нохой алж, тахилга хийдэг тухай  сонин хэвлэлээр ч гарсан гэх.

Уг нь “Хангай” зочид буудал гэж сайхан үйлчилгээний газар байж билээ. 1980 онд уг барилгыг ашиглалтад оруулахад Гадаадын мэргэжилтнийг үйлчлэх газар хариуцаж авсан бөгөөд тэр үед Монголд уригдан  ирж  ажиллаж байсан гадаадынхныг тэнд байрлуулж “нүүрээ тахалдаг” байсан. Орос,чех,польш,герман,болгар хэдэн зуун мэргэжилтэнд тэр зочид буудал үйлчилж байсан нь түүх болон үлджээ. Цагтаа харуул хамгаалалттай, үйлчлэгч цэвэрлэгчтэй, инженер техникийн ажилтнуудтай том байгууллага энд байсан. Гэвч одоо тэр түүх он цагийн элээнд хийсэн оджээ. Социализмын үед гадаадын мэргэжилтэн урьж авчирдаггүй байгууллага Монголд байгаагүй. Ардчилын салхи сэвэлзэж эхэлмэгц тэднийг ганцхан хашгираад л хөөгөөд явуулчихсан. Яг тэр үед гадаадынхны амьдарч байсан байр хүртэл буруутай юм шиг балгас болсон нь тэр.Манайхан туйлшрахаараа бүр солиордгийн сонгодог жишээ энэ. 1990-ээд оны эхээр гадаадынхныг хөөж явуулангуутаа “Хангай” зочид буудлыг эвтэйхэн бөөцийлсөн бол өдийд  хайран хөрөнгө ийм болохгүй байж болох байсан биз.Тухайн үед  “Од” компанийн захирал “герман” О.Шийтэр гэх хүнд түрээсээр ашиглуулж байсан гэдэг. Гэвч тэр нөхрийн халаас нимгэн, ачаалал даах чадал тэнхээ  барагдсан тул буудлыг  төрд буцааж өгсөн.  Тэр үед нийслэлийн удирдлагууд  дуудлага худалдаагаар уг зочид буудлыг  “Буян”-гийн Жагаад 600 сая төгрөгөөр зарсан гэнэ билээ.
Тэр үеийн ханшаар бараг сая доллартай тэнцэх хэмжээний мөнгөөр зарагдсан гэх дээрх хөрөнгө яагаад балгас болов гэх мэтчилэн нууц хэзээ ч тайлагдашгүй оньсого хэвээр байсаар  23 дахь жилийнхээ нүүрийг үзэв. Өнгөрсөн жилийн өдийд “Буян”-гийн Жагаа балгасаа засч янзлаад ашиглахаар боллоо гэж баяртай мэдээ дуулгаж “магнай хагалах” дөхсөн. Өмнө нь “Миний хөрөнгө үрэгдэнэ үү, өнгө зүсээ алдана уу хэнд ч хамаагүй. Балгас болсон ч яадаг юм” хэмээн гэдийж байсан түүнийг “одоо л нэг хөдлөх нь дээ” гэж горьдсон хүмүүс өнөө хэр чих тавьсаар байна.
Олон жил хотын  төв цэгт том амьтны араг яс шиг болтлоо тоногдож хэрзийсэн уг барилгын хувь заяаг нэг тийш шийдэх цаг болсныг  хотын шинэ дарга Э.Бат-Үүл ажлаа авсан даруйдаа анзаарсан. За ашгүй дээ,одоо л нэг юм дуулгах нь гэтэл одоо хэр ямар нэгэн шийдэлд хүрсэнгүй, таг чиг. Тэр том балгасыг нурааж хотоос гаргаж  хаяхад хэдэн зуун саяар тоологдох  мөнгө хөрөнгө хэрэгтэй нь лавтай. Үүнийг хэрхэн шийдвэрлэх нь эзэн ба хотын даргын хувьд давагдашгүй хүчин зүйл  болжээ. Хотын үе үеийн дарга нар 20 жил шийдэж чадаагүй асуудлыг шийднэ гэдэг тийм амар ч хэрэг биш байх. “Хангай” зочид буудлыг сүнстэй хэмээн хүмүүс сэжиглэдэг. Хэд, хэдэн ч удаа гал гарч, хүний амь хохирсон  байдаг. Тиймээс  хотын дарга нар  “сүнстэй байшин”-гаас айж цэрвээд байдаг ч байж магадгүй. Тус барилгыг  тухайн үедээ Төрийн өмчийн хорооноос хувьчилсан гэдэг.  Тэгэхээр хувь заяаг нь хааш  яасхийж шийдсэнээ яагаад өнөө хэр ил гаргадаггүй юм бол. Бас сүнснээс нь айгаад байдаг юм уу.“Хангай” зочид буудал гэх барилгын суурь хазайлт өгсөн, арматур нь цуурсан гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан учраас ашиглах боломжгүй байгаа гэх яриа дуулддаг.  Үүгээр далимдуулан  “Буян” компани улсад газрын татвар төлдөггүй гэсэн. Тэгсэн атал  тийм хэрэггүй хогийг яагаад байлгаад байдаг нь бас хачирхалтай.

Хотын төвд байгаа энэ новшноосоо зориг гаргаад салбал ямар ва,хотын дарга аа.  “Хангай” зочид буудал  траншейныхан  хоног төөрүүлдэг, элдэв урсгал сонирхогчдын зугаагаа гаргадаг газар болсоор олон жилийг үдэв, одоо болсон биш үү. Энэ байшингаас авах юм юу ч үлдээгүй, ердөө л араг яс болсон. Юуг нь хайрлаад байлгаад байдаг юм бэ. Одоо орчин тойрныхон нь уг барилгыг хэзээ ч нурж магадгүй хэмээн  ихэд  болгоомжилдог болсон байна шүү, хотын дарга минь.

Н.ДӨЛ