Үндэсний статистикийн газраас гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулсан судалгааг хийдэг билээ.

Энэ сарын 11-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ 0.1 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.4 хувиар буурсан аж.

Махны дундаж үнэ: Зургадугаар сарын 11-ний  байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 1.7 хувь, адууны махны үнэ 1.8 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн цул мах 0.4 хувь, ямааны махны үнэ 6.8 хувиар өсчээ.

Өмнөх 7 хоногийнхоос үхрийн цул махны үнэ 2.0 хувь, хонины ястай махны үнэ  2.7 хувь, үхрийн ястай махны үнэ 0.5 хувиар буурч, ямааны  махны үнэ 6.8 хувиар өсч, адууны махны үнэ өөрчлөлтгүй байна.

1 кг хонины /ястай/ мах дунджаар 7670 төгрөг, үхрийн /ястай/ мах 8740 төгрөг, үхрийн цул мах 10775 төгрөг, адууны мах 6605 төгрөг, ямааны мах 6175 төгрөгийн үнэтэй.
 

Гурилын үнэ:  дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 1.5 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.4 хувь, 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 0.7 хувь,  2-р зэргийн гурилын үнэ 2.5 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногийнхоос 2-р зэргийн савласан гурилын үнэ 1.5 хувиар өсч, бусад төрлийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: цагаан будааны үнэ, элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ:  төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 36.4 хувь, төмсний үнэ 2.2 хувь, байцааны үнэ 1.7 хувиар өсч, манжингийн үнэ, сонгины үнэ өөрчлөлтгүй байна.

Өмнөх 7 хоногийнхоос төмсний үнэ 28.0 хувиар өссөн бол бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй аж.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ:  өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 9.5 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 8.0 хувиар буурч, задгай сүүний үнэ 2.1 хувиар өссөн байна, өмнөх 7 хоногийнхоос , савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.5 хувиар буурч, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна.          

Ургамлын тосны үнэ: өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, өндөгний үнэ өмнөх сарынхаас 3.1 хувь, өмнөх 7 хоногийнхоос 2.5 хувиар буурч, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй.

 

Х.Даваа