Өнгөрсөн орой буюу Улаанбаатарын цагаар шөнийн 00 цагт энэ удаагийн Хөлбөмбөгийн ДАШТ-ий хожигдох эрхгүй тоглолтуудын нэг болсон билээ.

Харин тоглолтын үр дүн мөн л Голланд-Испанийн багийн адилаар нэг багийн давуутайгаар дууссан юм. Энэ тоглолтод G хэсэгт сугалаа таарсан Германы шигшээ баг болон Португалийн шигшээ багийн тулаан боллоо. Энэхүү тулаанд Герман машинууд өрсөлдөгчөө төвөггүй хожин 4:0-ийн харьцаатай ялалт байгууллаа.

Тоглолтын 10 дахь минутад Португалийн хамгаалагч Германы Марио Гоце дээр торгуулийн талбайдаа алдаа гаргахад шүүгч пенальт заасан юм. Пенальтыг Томас Мюллер амжилттай цохиж, гоол оруулснаар Германчууд 1:0-ийн харьцаатай тэргүүлж эхэлсэн юм.

Харин тоглолтын 32 дахь минутад булангийн цохилтоос дамжуулсан бөмбөгийг Германы төвийн хамгаалагч Мац Хюммелс мөргөж гоол оруулсан.  Тоглолтын үеэр Португалийн төвийн хамгаалагч Пепе Германы довтлогч Томас Мюллертэй маргаан дэгдээн улмаар улаан хуудас авснаар талбайгаас хөөгдсөн бөгөөд энэ нь багийнхан нэлээд хүнд цохилт болсон билээ. 

Энэ маргааны дараа эхний үеийн сүүлийн нэмэлт цагт Томас Мюллер дахин гоол оруулан дабль хийснээр Германы шигшээ баг 3:0 харьцаатай тэргүүлэлийг бий болгоод амсхийв. 

II үед Португальчууд хамгаалалтандаа илүү анхаарлаа хандуулан өмнөх алдаа засан тоглосон ч хүн дутуу тэдний баг тоглолтын 78 дахь минтуад Томас Мюллерт гоол оруулан боломжийг дахин олгосон юм. Ингэснээр Мюллер 3 гоол оруулан хеттрик хийж, 2014 оны ДАШТ-ий мэргэн буучийн жагсаалтыг ганцаараа тэргүүлж эхэллээ.