УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг дахин хэлэлцэв. Ингэхдээ өрийн хэмжээг нэмэхгүй байх, өрийн тодорхойлолтыг өөрчлөхгүй байх, одоо хэрэгжиж буй Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг суурь хууль гэж үзнэ гэсэн гурван нөхцөлтэйгөөр Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг дэмжинэ гэж саналаа нэгтгэлээ.

      Өөрөөр хэлбэл, Засгийн газрын зээл болон баталгааг оруулахгүйгээр өрийн үлдэгдлийг ДНБ-ий 70 хувь болгож өсгөхийг дэмжихгүй гэсэн үг юм. Мөн өрийн тодорхойлолтыг өөрчилж орон нутаг, төрийн өмчит үйлдвэрүүдээр дамжуулан авсан зээлийг улсын өр биш гэж үзнэ гэсэн санааг Өрийн удирдлагын тухай хуулийн төслөөр оруулж ирсэн. Харин МАН-ын бүлэг төрийн өмчит үйлдвэр, орон нутгийн авсан өрийг улсын нийт өрд тооцож явах ёстой. Учир нь эдгээр өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төсвөөс эргүүлэн төлнө. Тиймээс орон нутаг, төрийн өмчит үйлдвэрийн газрын өрийг улсын өрд тооцохгүй гэсэн тодорхойлолтоо өөрчилж хуучнаар нь явуулах ёстой гэж шийдвэрлэв. Ингэснээр улсын өрийг нэмэхгүй, өрийн тодорхойлолтыг өөрчлөхгүй, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг суурь хууль гэж үзсэн тохиолдолд Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг дэмжин батлахаар болов.

Мөн УИХ дахь МАН-ын бүлэг "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ асуудлыг тал бүрээс нь судлах шаардлагатай гэж үзэж, ажлын хэсэг байгуулахаар болов.