УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг ээлжит хуралдаанаар өчигдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжих шийдвэр гаргажээ.

Энэ талаар тус эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг "Төмөр замын асуудлаа шийдээгүйн улмаас нүүрсний салбар уналтанд орсон. Тиймээс Засгийн газрын өргөн барьсан тогтоолыг УИХ цаг алдалгүй хэлэлцэн шийдвэрлэх батлах шаардлагатай" хэмээсэн юм.

Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Ашигт малтмалын тухай хуулийн төсөл юм байна. Уг асуудлыг хэлэлцэхдээ тус бүлэг уул уурхайн салбарын мэргэжилтнүүд мөн эрдэмтэн судлаачдыг оролцуулж санал бодлыг нь сонсчээ. Үүний эцэст стратегийн ордуудад төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол төрийн эзэмших хувь 51-ээс доошгүй байх, харин хөрөнгө оруулагчид өөрсдөө хөрөнгө гаргаж хайгуул хийсэн бол тухайн стратегийн ордод 34-50 хүртэл хувь эзэмших нь зөв хэмээн үзэж байр сууриа нэгтгэсэн аж.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нарын өргөн барьсан "Өршөөлийн тухай хуулийн" төсөлтэй агуулга нэг төслийг мөн Засгийн газраас өргөн барьсан. Тиймээс ажлын хэсгүүдийг нэгтгэн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатараар ахлуулах ёстой үзжээ. Хууль батлагдсан нөхцөлд авилга, хээл хахууль, эдийн засгийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд Өршөөлийн хуульд хамрагдах ёсгүй гэдгийг бүлгийн дарга Н.Батцэрэг онцлон сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэллээ.

 

Х.Даваа