Монголын нийгмийг оволзуулж болзошгүй байсан  “Газрын тухай хууль”-ийн төслийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газар эргүүлэн татсан.

Гэвч Засгийн газар хуулиа татаж авлаа гээд асуудал дуусчихгүй, намраас  УИХ-д ахиж өргөн барина хэмээн Ерөнхий сайд  чуулган дээр мэдэгдсэн. Энэ хуульд олон түмэн анхаарлаа хандуулж, нийгэм сөргөөр хүлээн авч байгаа учир хуулийг өргөн барих үед эсэргүүцлийн “вирус”  дахин идэвхжиж, жагсаал, цуглаан зохион байгуулах асуудал ч энүүхэнд юм. Эрс шүүмжлэх гол шалтгаан нь гадаадын иргэнд газар эзэмшүүлэх тухай заалт байлаа.

Гэтэл олон нийтийг цочроож, араасаа хэл ам дагуулсан, газар нутгаа харийнханд найр тавин өгөх ажлыг зохион байгуулсан, бас ч үгүй дарамт сүрдүүлгэнд өртөж хууль шүүхийн байгууллагад хандаад байгаа гэх Б.Гарамгайбаатар гишүүн бас л нэгэн чухал хуулийн төслийг ахалсан сураг дуулдаадхав. Түүнийг Ашигт малтмалын тухай ажлын хэсгийн ахлагчаар сонгож, 15 хүний бүрэлдэхүүнийг 7 болгон цөөлжээ.

Засгийн газраас “Ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихдаа ашигт малтмалын лиценз олголтыг сэргээхийг гол зорилгоо болгосон заалт орсон нь бас анхаарал татаж эхэллээ. Энэ нь эдийн засгийг хямралаас гаргах далбаан дор Засгийн газар сүүлийн 4 жилд олгогдохгүй байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дахин олгож, гадныхантай сүлбэлдэн авахаар завдаж байна уу гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлж байна. Ийнхүү гадныхантай сүлбэлдэхдээ гаргууд байж мэдэх Гарамгай гишүүний ашиг сонирхлын зөрчлийг ард түмэн асуух нь тодорхой юм. Газрын тухай хуулийг гайгүй сайн будилаантуулсан түүнийг Ашигт малтмалын хуулийг аятайхан хийчихсэн гэхэд итгэх хүн байхгүй байна.