Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дарга О.Магнай барцадтай байна.
Сар хагасын өмнө Засгийн газрын тэргүүн түүнд сахилгын шийтгэл ногдуулж, гурван сарынх нь цалинг 20 хувиар бууруулахаар болсон. Бухимдуулах болсон шалтгаан нь О.Магнай Засгийн газрын тэргүүндээ хэлэлгүй гадаадаар зугаалж, аливаа шийдвэрийг дураараа гаргаж том толгойлсон явдал аж. Төрийн албаны тухай хуульд “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан байдаг. Уг заалтын дагуу ШӨХТГ- ын даргыг томилсон Ерөнхий сайд ийнхүү сахилгын шийтгэл ногдуулсан юм. Мөн О.Магнай даргыг алдаагаа давтвал ажлаас нь чөлөөлнө гэдгээ Ерөнхий сайд хатуухан анхааруулсан байдаг. Харин О.Магнай дарга энэ тухайгаа “Торгуулах юу нь сайхан байх вэ. Уг нь айхтар юм болоогүй. Манайхыг хариуцдаг сайд нь Д.Тэрбишдагва. Тэрбээр Ерөнхий сайдад санал тавьсаар байгаад надад захиргааны хариуцлага хүлээлгэчихлээ. Би улсын мөнгөөр хувийн асуудлаа зохицуулж яваагүй. Пүрэв гаригт Бээжин явчихаад дараа долоо хоногийнх нь мягмар гаригт ирсэн. Хүний бие муудаад эргэх хэрэгтэй болсон юм. Үүнд манай Шадар сайд жаахан уурласан юм шиг байна. Ер нь хүний амьдралд ямар ч асуудал тулгарч болно биз дээ” гэж байлаа. Ийнхүү цалингийнхаа тодорхой хувийг суутгуулсан тэрбээр өдгөө есөн ажилтны 13 сарынх нь цалинг хувиасаа төлөх их өрөнд унаад байна. Эргэн сануулъя. ШӨХТГ-ын дарга О.Магнай 2013 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 88 тоот тушаал гаргаж, Д.Гантөмөр, Б.Итгэлбат, Ц.Тэрбиш, Б.Мөнхханд, Б.Хэрлэнчимэг, Т.Мөн гөн цэцэг, О.Мөнхзул, Ж.Сүглэгмаа, Д.Мөнхсолонго нарын хүмүүсийг ажлаас нь халсан. Халах болсон шалтгааныг ч тэрбээр ингэж тайлбарлаж байлаа. “Ажлаас нь халсан байцаагчдад урьд нь сахилгын шийтгэл ногдуулж байсан. Би энэ ажлыг аваад долоон сар өнгөрлөө. Энэ хугацаанд нэг ч хүнийг ажлаас чөлөөлөөгүй. Эдгээр хүнийг ажил хэр хийдгийг нь харья. Хэн нь хийдэг, хэн нь хийдэггүйг мэдье гэсэн. Өнгөрсөн хугацаанд эдгээр хүн ажлаа яаж хийдгээ харуулахад хангалттай хугацаа. Гэвч тэд харуулж чадсангүй. Төрийн байгууллага хүн тэжээдэг газар биш. Төрийн албаны хуулиар хамгаалуулчихаад ажил хийдэггүй хүмүүсийг энд байлгах шаардлагагүй. Төрийн албанд эрч, хүчтэй хүн ажиллах ёстой. Албан бичигт хариу өгчихөөд үүнийгээ ажил хийж байна гэж бодож болохгүй”. Төрийн албаны зөвлөлд ойрын хугацаанд албан бичиг явуулна гэж байлаа. Тиймдээ ч тэрбээр ажлаас халсан нь хууль зөрчөөгүй. Хуулийн хүрээнд хийсэн ажил хэмээн байр сууриа илэрхийлж байв. Харин ажлаасаа халагдсан есөн ажилтан гомдолтой байгаагаа хэлж, Монгол Улсын Шадар сайд, Захиргааны хэргийн шүүх болон Төрийн албаны зөвлөлд хандана гэдгээ мэдэгдэж байлаа. Энэ дагуу тэд холбогдох газарт нь хандсанаар нэг жилийн дараа тус тусынх нь шийдвэр ч гарчээ. Тухайлбал, Төрийн албаны зөвлөл 2013 оны 20 дугаар хуралдаанаараа Д.Гантөмөр нарын есөн хүний гомдлыг хянан хэлэлцээд ШӨХТГ-ын дарга О.Магнайн гаргасан 88 дугаар тушаал эрхзүйн чадамжгүй гэсэн дүгнэлт гаргаж, халсан шийдвэрээ хүчингүй болгож, ажилд нь эргүүлэн авахыг даалгасан юм байна. Харин О.Магнай дарга үүнд нь тоомжиргүй хандаж, Төрийн албаны шийдвэрийг хугацаанд нь биелүүлээгүй учраас дээрх есөн ажилтан Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. Гэвч шүүх Төрийн албаны зөвлөлөөс гаргасан шийдвэрийг бататгаж, үндэслэлгүйгээр халсан хэмээн шийдвэр гаргасан нь О.Магнай даргын эгдүүцлийг төрүүлж, тэрбээр Захиргааны хэргийн давж заалдах шатны болоод Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхэд хандсан ч шийдвэрийг хэвээр баталсан юм. Үндэслэл нь халсан есөн ажилтан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тодорхой бус, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйг зөрчсөн тухай Ёс зүйн хорооны дүгнэлт гараагүй байхад ажлаас нь халсан гэж үзжээ. Шат шатны шүүх О.Магнай даргыг буруутгасан тул тэрбээр буруу шийдвэр гаргаснаа хүлээж, есөн ажилтны 13 сарынх нь цалинг хувиасаа төлөхөөр болж байгаа юм. Мэдээж чамгүй тоо гарах нь дамжиггүй. Харин О.Магнай дарга халсан ажилчдаа ажилд нь эргүүлэн авах уу. Энэ үнэхээр эргэлзээтэй. Учир нь, ШӨХТГ-ын дарга нэгэн ярилцлагадаа би юү тэд үү. Аль нэг л энэ байгууллагад үлдэнэ хэмээн мэдэгдэж байсан удаатай. Энэхүү ярилцлагаас иш татбал, 

-Таны Төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас нь халсан есөн байцаагчийг Төрийн албаны зөвлөлөөс ажилд нь буцаан томилох шийдвэр гарчихлаа. Та мэдсэн үү? 

-Харин тийм байна лээ. Төрийн албаны Цогоо гээд дарга надтай уулзах байлгүй дээ. 

-Та тэр хүмүүсийг ажилд нь буцаан авахгүй гэсэн үг үү? 

-Авахгүй. Яагаад гэхээр хэнийг ч би хууль бусаар халаагүй. Би ажил хийдэггүй хүмүүстэй хамтарч ажиллахгүй. Энэ бол миний зарч мын байр суурь. Ажилдаа сэтгэлгүй, санаачлага гаргадаггүй тийм хүмүүсийг багтаах орон зай Монголын төрд байх ёсгүй. 

-Шийдвэрийг биелүүлэхгүй бол та буруутна биз дээ? 

-Үнэхээр тэднийг ажилд нь буцааж оруулах бол намайг явуулсныхаа дараа оруулна биз. Ийн мэдэгдэж байсан О.Магнай дарга өнөөдөр буланд шахагдана гэгч л болж байна. Тэрбээр нааш харж инээж, цааш харан уйлж байгаад есөн ажилтнаа ажилд нь эргүүлэн авах уу эсвэл чигээрээ гүрийсээр байгаад эцсийг нь үзэх үү. Ийм салаа зам дээр ирээд байгаа О.Магнай дарга ямар сонголт хийхийг харах л үлдлээ.