Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс хуурамч цахим хаяг буюу фэйсбүүк хаяг ашиглаж насанд хүрээгүй охидтой танилцан садар самуун үйлдэлд уруу татаж байсан "Ч" гэгчийг дайчлан баривчилжээ.

Гэмт этгээд нь ганцаардсан болон эцэг эхийн хяналт сул байж болзошгүй охидыг урьдчилан судлаж тэдэнтэй харилцаж сэтгэл зүйн эмзэг байдлыг ашиглан өөртөө татдаг байсан аж. Мөн эцэг эхдээ энэ талаар хэлэхгүй байхыг сануулж, садар самуун агууламжтай үйлдэлд уруу татаж охидыг зурагаа авч үзүүлэхийг шаардах зэргээр сэтгэл зүйн хүнд дарамт шахалтанд оруулдаг байжээ.

Түүний сүүлийн тохиолдлуудад 16 насанд хүрээгүй хоёр охиныг ийнхүү дарамт шахалтад оруулж байхад нь гэмт үйлдлийг таслан зогсоосон байна.

Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих хяналт хамгийн чухал бөгөөд хүүхдийн онлайн ертөнц дахь найз нөхөд, харилцаж байгаа хүмүүсийн талаар эцэг эхчүүд тодорхой мэдээлэлтэй байх шаардлага тулгарлаа.

Эл хэргийг одоо Баянгол дүүрэг дэхь Цагдаагийн хоёрдугаарт хэлтэст шалгаж байна. Дээрх мэдээг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.

Х.Даваа