Ц.Элбэгдорж З.Энхболдод МоАХ-г “Шонхор” фракцитай хамт удирдахыг санал болгожээ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Х.Баттулгыг өрөөндөө дуудаж зэмлэсэн нь олон нийтийн ярианы сэдэв хэвээр байна. Харилцан яриагүй, бүр ямар ч асуулт, хариултгүй, хөндий хүйтэн болсон энэ уулзалтын дараа улс төрийн хүрээнийхэн янз бүрийн таамаглал дэвшүүлэх болов. Зарим нь “Төрийн тэргүүн маань “Алтангадас”-ынхантай бодлогоо нэгтгэчихэж. Угшил гарвалыг нь бодвол тэрбээр МоАХ-д элэгтэй хэвээр баймаар юм. Гэтэл Н.Алтанхуяг тэргүүтэй эрх баригчдын эсрэг зогссон “Женко” Х.Баттулгад яагаад ийм хатуу үг хэлэв. Тэрхүү нэвтрүүлэг агуулгын хувьд хэт нэг талыг барьсан нь үнэн. Гэхдээ Ц.Элбэгдорж МоАХ фракцийн лидерийг дуудаж, телевизийн камерын өмнө загнах хэрэг байсан уу” гэж байгаа бол нөгөө хэсэг нь “Улс төрийн тавцны нэг талд Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, харин эсрэг талд Х.Баттулга зогсож байна” хэмээн тун товчхон дүгнэлээ. Үнэхээр ч Ерөнхийлөгч, эрхэм гишүүн хоёрын уулзалт ардаа олон асуулттай үлдэв. 

    МоАХ бол АН-д “Алтангадас”-аас дутахгүй их хүч. Эрх мэдлээр тэд Н.Алтанхуягийн фракцийг гүйцэхгүй ч хүний олноор бол хол хоцрохгүй. “Женко” Х.Баттулгын хувьд, МоАХ-г төдийгөөс өдий хүртэл ивээлдээ авч, АН-ыг сөрөг хүчин байх үед тарж бутрахаас нь аварч чадсаныг хэн ч үгүйсгэхгүй. Төрийн тэргүүний зүгээс ч эрхэм гишүүнийг дэмжиж, улс төр дэх гол нөмөр түшиг нь болж ирсэн. Гэвч одоо байдал өөр болж, тэдний ашиг сонирхол өөр өөр зүгт огтлолцож эхэлсэн бололтой. Учир нь “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МоАХ фракцийн хувь заяаг Х.Баттулгад биш, З.Энхболдод атгуулахаар шийдсэн” гэх мэдээлэл анхаарал татаж эхэллээ. Эх сурвалжийн хэлснээр, Төрийн тэргүүн УИХ-ын даргатай саяхан уулзаж МоАХ-г “Шонхор” фракцитай хамтад нь удирдахыг санал болгожээ. Гэхдээ З.Энхболд түүнд “За” гэж хэлсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм