Гадаад харилцааны сайд Л.Болд гадаад томилолтын зардлаа нэмэгдүүлсэн нь “ногоон” гайхлын буруу гэнэ. Энэ тухай тус яамны Хэвлэлийн албаны мэдэгдлээс харж болно.

Тэгвэл гайхлыг галзуурахад хүргэсэн буруутан хэн бэ. Ам.долларт улс даяараа эрүүдүүлж байгаа энэ зовлонг Уул уурхайн сайд Д.Ганхуягаас салгаж ойлгох аргагүй юм. Хөрөнгө оруулалт буурсан нь яах аргагүй мань эрийн алдаатай бодлогын үр шим гэдгийг салбарынхан нь хүртэл хүүрнэдэг. Үүнийгээ ч өөрийн биеэр мэдэрч яваа нэгэн. Тодруулбал, түүний гадаад томилолтын зардал 93.4 сая төгрөгөөр хэтэрсэн нь энэ бүхний баталгаа гэлтэй.  

Хэдийгээр гүйцэтгэх засаглалын тэргүүн кабинатынхнаа гадагш нь тоотой явуулна эс бөгөөс хариуцлага тооцно гэж онцолсон ч одоогоор биелэлээ олоогүй байна. Хэрэв тэр хэлсэндээ хүрнэ гэвэл эхний ээлжинд Л.Болд, Д.Ганхуяг нарыг эрүүдэн шүүж, эргүүлэн татах шаардлагатай. Үүний тулд Уул уурхайн сайдыг, Эдийн засгийн хөгжлийн сайдтай нь хөтлөлцүүлээд хөөх хэрэгтэй болох нь. Учир нь Гадаад харилцааны яамны мэдэгдэлд энэ тухай шууд биш ч шулуун шугам тэнд хүрэхээр тодорхой дурьджээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд салбарын төсвийг батлахдаа нэг ам.долларыг 1336.1 төгрөгөөр тооцсон ч бодит байдалд жилийн дундаж ханш 1523.6 төгрөг байснаас их хэмжээний санхүүжилтийн дутагдал үүссэн гэнэ.    

Харин Уул уурхайн сайд Д.Ганхуяг яасан байх нь уу. Хөрөнгө оруулагчдыг хөөж гаргачихаад, гүйцэх санаатай араас нь хилийн дээс алхсан байх нь. Уг нь мань эрийн гадаад томилолтын зардлыг 103.2 сая төгрөгөөр төлөвлөжээ. Чамлахаар чанга атга гэгчээр Л.Болд сайдын хэмжээнд хүрэхгүй ч Н.Удвал сайдынхаас бараг л гурав дахин их хөрөнгө зарцуулах эрх бүхий албан тушаалтан байгаа юм. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд Н.Удвалын гадаад томилолтын зардал 38.9 сая төгрөг. Тийм байтал Д.Ганхуяг сайд төлөвлөснийг хэтрүүлэн биелүүлж 196.6 сая төгрөгийг хилийн дээс алхахад зарцуулчихаж. Товчхондоо, 93.4 сая төгрөгөөр хэтрүүлэн хэрэглэсэн хэрэгт унаад буй. Хайран мөнгө. Эдийн засаг хүндэрч, иргэдийн амьжиргаа доройтоод байхад ингэж халаглах ч багадаад байна, сайд аа.

Түүнчлэн дотоодын хөрөнгө оруулалтыг төлөвлөсөн хэмжээнд хүргээгүй атлаа гүйцэтгэх ажилтнуудынхаа тоог нэмэгдүүлсэн нь ариун явдал уу. Энэ тухай Аудитын газрын тайланд “Дотоодын хөрөнгө оруултыг 4.279.0 сая төгрөгөөр төлөвлөсөн ч 3.596.8 сая төгрөгийн гүйцэтгэлтэй гарчээ. Тийм байтал Уул уурхайн яамны гүйцэтгэх ажилтны тоог 15-аар нэмэгдүүлсэн гэхчлэн дурьдаж болно. Иймээс ирэх долоо хоног хүртэл хойшлуулсан Эдийн засгийн хямралын сайдын асуудалтай хамтатган бусдыгаа буруутгагдахад хүргэсэн Уул уурхайн сайд Д.Ганхуягийг ч хэлэлцэх шаардлага гарах нь. Нэг үгээр хэлбэл, фракциудын ханцуйн доторх наймаа ирэх долоо хоногт олон нийтэд ил болж мэдэх гэнэ.   

Зүй нь Н.Батбаярыг өөрийн хүсэлтээр өргөдлөө өгдөг монгол жаягийг дагахыг УИХ-ын дарга болоод намынх нь нэр бүхий гишүүд зөвлөж, анхааруулж, бас сануулжээ. Хэрэв санал хураалт явагдаж кноп дарвал МАН-ынхантай хүч хавсрах гишүүд АН-д цөөнгүй байгааг түүнд анхааруулсан аж. Иймээс МАН-ынхны шахалтаар албан тушаалаа өгч байхаар өөрийн хүсэлтээр өргөдлөө өгвөл намд ч, өөрт ч ашигтай хувилбар гэдгийг сануулжээ. Гэвч мань эр хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан аж. Хэдийгээр Н.Алтанхуяг зөрүүд эрийн асуудлаар бүлгийнхээ гишүүдийн байр суурийг нэгтгэх гэж чармайсан ч бүтэлгүйтсэн нь өчигдрийн хуралдаанаас тодорхой байлаа. Учир нь санал хураалт эхэлбэл, Н.Батбаяр давхар дээлээ тайлах шаардлагатай болно. Иймээс энэ удаагийн асуудлыг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнбат шалтаг, шалтгаан тоочин байж хойшлуулав. Түүнчлэн шатрын өрөг дээр Зэ-гийн эсрэг Н.Алтанхуяг Д.Ганхуягийг түлхсэн гэх мэдээлэл бий.

Учир нь “Монгол Улсын эдийн засаг хүндэрсэн нь бодит үнэн. Тиймээс одоо маш хурдан яах ёстой вэ гэдгээ тодорхой төлөвлөж  шуурхай арга хэмжээ авах цаг болжээ” хэмээн олон улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөгчид парламентад суугаа намуудын төлөөлөлүүдэд зөвлөжээ. Тэд энэ талаарх байр сууриа Төрийн ордонд хаалттай хаалганы цаана болсон “Монгол Улсын макро эдийн засгийн хэтийн төлөв” дээд хэмжээний зөвлөгөөний үеэр илэрхийлжээ. Ингэхдээ ямарч бодлогогүй хурдан гүйсээр төд удалгүй туйлдаад унадаг “Mickey mouse” хүүхэлдэйн киноны баатар шиг байдалд орох дүр зураг харагдаж байгаа тул үүнээс болгоомжлохыг сануулжээ. Өөрөөр хэлбэл, төсөв тэлсэн  үйл ажиллагаагаа боль, төсвөөс гадуур мөнгө зарцуулахаа зогсоо, аль болох хурдан хумиж төсвийн сахилга батаа чангатгахад анхаарахыг Засгийн газарт гадны төв банкны туршлагатай акулууд зөвлөсөн байна. Цаашдаа эдийн засагт өсөлт буурч төлбөрийн тэнцэл улам алдагдах, чанаргүй зээлийн хэмжээ өснө гэсэн таамаглалыг тэд мөн хийжээ. Товчхондоо, дээрх шиг байдлаар асуудалд хандахгүй байхыг салбар хариуцсан сайд нарт анхааруулаад авчээ. Иймээс энэ бүхний эхлэлийг тавьж, хөрсийг нь бэлдсэн Уул уурхайн сайдыг нэн тэргүүнд унагаах их нүүдэл эрчимжиж эхлэх бололтой.

Үргэлжлэл бий...

Д.ДОРЖ