УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2013 оны төсвийн гүйцэтгэлд өгсөн дүгнэлтээ МАН-ын бүлэг танилцууллаа. Төсвийн гүйцэтгэлд Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтаар төсвийн ерөнхийлөн захирагчдын хууль зөрчин данс нээсэн, гадаад томилолтын зардал хэтэрсэн, автомашин унах эрхгүй 222 албан тушаалтан, төрийн албан хаагчдын тоо нэмэгдсэн зэрэг олон зөрчлийг илрүүлсэн. Иймд Монгол Улсын 2013 оны төсвийн, Төсвийн тогтвортой байдлын, Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, журам зааврыг ноцтой зөрчиж 2013 оны төсвийн гүйцэтгэлийг хангалтгүй биелүүлсэн гэж УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэж, 11 асуудлыг УИХ-аас гарах тогтоолын төсөлд тусгах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Мөн Засгийн газарт хандан эдгээр асуудлаар шаардлага хүргүүлэхээр болжээ. Тухайлбал:

  1. Засгийн газар хэмнэлтийн горимд шилжин зарим чиг үүрэг нь давхардаж буй яамдыг татан буулгаж нэгтгэж, нийлүүлэх замаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг 9 хүртэл байхаар цөөлөн холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулан УИХ-д нэн яаралтай өргөн барих;
  2. Монгол Улсын нэгдсэн төсвөөс гадуур хяналтгүй зарцуулагдаж байгаа “Чингис” болон “Самурай” бонд зарцуулалтыг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн төсөвт тусгах арга хэмжээг яаралтай авах;
  3. Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн Үндэсний аудитын газрын тайлангаар илэрсэн зөрчил дутагдалд тавигдсан актуудын биелэлтийг хангаж буруутай албан тушаалтнуудтай хариуцлага тооцож, үр дүнг 2014 оны 10 дугаар сарын 15-ны дотор УИХ-д танилцуулах.
  4. Засгийн газрын  2007 оны 349 дүгээр тогтоолд зааснаас бусад автомашин унах эрхгүй 222 албан тушаалтны хэрэглэж байгаа автомашиныг борлуулж төсөвт орлого оруулах,
  5. Аудитын дүгнэлтэд 157 тэрбум төгрөгийн төсвийн зөрчил гаргасан 100 гаруй албан тушаалтантай хариуцлага тооцож, авсан арга хэмжээний талаар УИХ-ын холбогдох байнгын хороонд тайлагнах,
  6. Засгийн газрын тусгай сангийн зарцуулалтад аудитын дүгнэлт гаргаж, 2014 оны 10 дугаар сарын 15-ны дотор УИХ-д тайлагнах,
  7. Улсын төсөвт ашиглах төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтсон аргачлал, эх сурвалжид үндэслэн тооцох,
  8. УИХ-ын Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай 34 дүгээр тогтоол болон Засгийн газрын Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай 147 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж УИХ-д танилцуулахыг Засгийн газарт үүрэг болгох,
  9. Ерөнхий сайдын зарцуулсан 50 тэрбум төгрөг, “Гудамж” төслийн 47 тэрбум төгрөг, "Чингис" бондын эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр зарцуулж буй хөрөнгийн хэсэгт санхүүгийн гүйцэтгэлийн болон үр дүнгийн аудит хийлгэх,
  10. УИХ-ын 2012 оны 60 дугаар тогтоол, Төсвийн тухай хуулийн 28.8 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцох,
  11. Санхүүгийн хяналтыг сулруулж, өр авлагыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн төсвийн ерөнхийлөн захирагч нарт хариуцлага тооцох.