Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10/39 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрийн 52 байршилд 15309 га газарт 16 мянга орчим иргэнд газар өмчлөлийн ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэхүү ажлын хүрээнд Баянгол дүүргээс “Нэг газар-нэг өмчлөгч” арга хэмжээг зургаан сарын хугацаанд зохион байгууллаа.

Уг арга хэмжээ нь шинээр газар өмчлүүлэх ажилд оролцогч иргэдийн өмнө нь газар өмчилж аваагүй байх эрх зүйн шаардлагыг хангах зорилгоор өмчлөгдсөн нэгж талбар бүрийг гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлж, хамтран өмчлөгч бүрийг хасах зорилготой юм. Ингэснээр гэр бүлийн гишүүн бүр газар өмчлөх эрхтэй болж байна.

Нийслэлийн Засаг даргын 10 удаагийн захирамжаар 178 өмчлөгдсөн нэгж талбараас 525 хамтран өмчлөгчийг хассан нь 1 сард 88 өмчлөгч хассан дүн юм. Өмчлөгдсөн нэгж талбараас хамтран өмчлөгч хасах ажлын дүн “Нэг газар-нэг өмчлөгч” арга хэмжээг хэрэгжүүлсэнээр 2 дахин олон иргэдийг хамруулж чаджээ.