Монгол түмний уламжлалт Үндэсний их баяр наадам албан ёсоор нээлтээ хийхэд хоёрхон хоног үлдлээ. Энэ жилийн баяр наадмыг хэрхэн зохион байгуулах тухай асуудал төр засгийн хэмжээнд яригдаж эхлэхээс авахуулан сайд, дарга нар өнөө хүртэл бэлтгэлээ базаасаар байна.

Өөрөөр хэлбэл, тэд наадмаар хэдэн төгрөг төсөвлөж, хэр их тансаглах, хаагуур зугаалах, аль аймаг, сумын ойд очиж оролцох гэх мэт амралт, зугаалгын шинж чанартай асуудлуудад голчлон анхаарлаа хандуулах болсон. Харин иргэд энэ байдалд нь таагүй хандаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Сайд, дарга нар цэнхэр дэлгэцээр зугаа цэнгэлийн тухай цэц булаалдан ярилцах атлаа нийгэмд тулгамдсан гол хүндрэл, бэрхшээлүүдийг харсан ч хараагүй, сонссон ч сонсоогүй мэт царайлж байна” хэмээн шүүмжилж байна. Үнэндээ эрх баригчдад иргэдийн эрүүл, аюулгүй байдал бус баяр наадам, амралт зугаалга нэн чухал бололтой. Одоогийн байдлаар, зарим даргын албан өрөө аль хэдийнэ эзгүйрч, орон нутгийн ой, баяр наадмуудын нээлтэд оролцож яваа сурагтай. Гэтэл өнгөрсөн сарын сүүлээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэрт “Нью-кроп” ХХК-ийн гахайн аж ахуйнд дэлхийд “А” зэрэглэлийн халдварт өвчний тоонд багтдаг гахайн сонгомол мялзан, гахайн үржил амьсгалын замын хам шинж гэх хоёр төрлийн гоц халдварт өвчин илэрсэн байна. Уг өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори шинжилгээ хийж дээрх төрлийн өвчин мөн болохыг тогтоосон аж. Гэвч төр засгийн хэмжээнд сандал, ширээний тухай маргаан, баяр наадмын зохион байгуулалтын талаар хэлэлцэж байснаас биш дээрх аюулт өвчний тухай дурсаагүй.

Тэр дундаа энэ бол Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Д.Тэрбишдагватай хариуцлага тооцох асуудал. Дэлхийд “А” зэрэглэлд тооцогддог гоц халдварт өвчнөөр гахай өвчилж, олон зуугаар нь устгах хэмжээнд хүрээд байхад Шадар сайд таг дуугүй суугаад байж. Тэрбээр наадмын бэлтгэл ажил ямар төвшинд яваа, хэрхэн ажиллаж байгаа тухайгаа л мэдээлдгээс биш “Нийслэлд гахайн гоц халдварт өвчин илэрлээ. Үүнийг дарахын тулд ийм арга хэмжээ авлаа” гэж ер яриагүй. Хэрэв мэдээлсэн бол иргэд “Юун тэр баяр наадмын комиссын дарга, наад халдварт өвчиндөө анхаарал хандуул...” гэх учраас чимээгүй өнгөрөөхийг эрмэлзсэн болов уу. Тиймээс энэ асуудлыг нам жим байлгаж Нийслэлийн мал эмнэлгийн газар, НМХГ, НОБГ-ын байцаагч, мэргэжилтнүүд газар дээр нь ажиллан тус орчинд хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм байна. Тэд өнгөрсөн долоо хоногт гахайн гоц халдварт сонгомол мялзангаар өвчилсөн 451 торойг устгажээ. Мөн шинжилгээгээр 500 гаруй гахайнд энэ өвчин илэрсэн тул яаралтай устгах шаардлагатай байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Харин эдгээр гахайг устгаж, халдваргүйжүүлэхэд 21 сая төгрөг шийдвэрлэж өгөхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит хуралдааны үеэр хүссэн. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга баяр наадмаас өмнө өвчилсөн гахайнуудыг устгах ажлыг зохион байгуулж, аюулгүй байдлыг хангах үүргийг холбогдох хүмүүст өгч шаардлагатай хөрөнгийг гаргахыг Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа даргад үүрэгдсэн. Хэрвээ хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэхгүй бол өвчилсөн гахайнуудыг устгах боломжгүйг холбогдох хүмүүс хэлсэн. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг гахайн 218 аж ахуй, иргэдэд дүүргүүдийн Мал эмнэлгийн газраар дамжуулан анхааруулга, сэрэмжлүүлэг өгч, мал эмнэлгийн үзлэг тандалтыг хийж байгаа юм байна. Уг нь Олон улсын мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас манай улсыг гоц халдварт өвчний тайван статустай орны тоонд хамруулдаг гэдэг. Гэвч дээрх халдвар одоогоос найман жилийн өмнө Баянхонгор аймагт илэрч, 20 гаруй гахайг устган яаралтай арга хэмжээ авсан байдаг аж. Дараа жил нь нийслэлийн Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт илрэн 130 гаруй гахайг устгаж байжээ. Мөн хоёр жилийн өмнө Дархан-Уул аймагт хоёр өрхийн гахайн аж ахуйд уг өвчин илэрч цөөнгүй гахайг устгасан. Энэмэтчилэн сонгомол мялзангаас гадна гахайн цусан халдварт өвчин ч өнгөрсөн оны сүүлчээр Сэлэнгэ аймагт илэрсэн нь бий. Стандарт, журамд зааснаар бол гахайн мялзан өвчин гарсан бүсэд 21 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоож, нийт гахайг устгах журамтай байдаг. Эх сурвалжийн мэдээлснээр “Нью-кроп” ХХК-ийн ойролцоо “Алтан тариа” ХХК байрладаг бөгөөд мөн иргэдийн 3800 орчим гахай байдаг гэнэ.

НМХГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Д.Хоролмаа “Өвчилсөн торойнуудыг устгаж аж ахуйн нэгжийн хашаан дотор нь 3.5 метрийн гүн нүх ухаж, зохих зааврын дагуу булаад ариутгал хийсэн. Үлдсэн 527 гахайг мөн устгана. Гэхдээ Улсын онцгой комисс хуралдсаны дараа Засгийн газраас шийдвэр гарах ёстой. Өвчлөл нь байгалийн гаралтай гэдэг нь тогтоогдсон. Тийм учраас нөхөн олговрын асуудал ярих ёстой. Энэ олон гахайг устгахаар багагүй хэмжээний мөнгө олгох хэрэгтэй болох байх. Аж ахуйн нэгжийн буруугаас ч юм уу, өөр шалтгаанаар халдвар гарсан бол нөхөн олговор олгохгүй л дээ. Тухайн аж ахуй нь ямар ч асуудалгүй, шаардлага хангасан нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж байсан. Тэднийх нийт 900 гаруй гахайг 3.5 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна” гэжээ. Энэмэтчилэн нийслэлд дэлхийд “А” зэрэглэлийн гоц халдварт өвчинд багтдаг гахайн халдварт өвчин гараад удаж байхад сайд, дарга нар найр, наадам хөөсөөр байна. Үүнээсээ болж халдварт өвчнийг газар авахуулж нийслэлийн бүх гахайг устгах хэмжээнд хүрэхвий гэж анхааруулъ
 

Эх сурвалж: Монголын үнэн сонин