Манай улсад энэ дөрөвдүгээр сарын 27-29-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлыг зохион байгуулах гэж байна.

Энэ хуралд дэлхийн 104 орны 1215 төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ. Хэвлэл мэдээллийн байгууллагууд хүртэл гаднаас ирж сурвалжлах юм гэсэн. Албан ёсны мэдээллээр бол 50 гаруй хэвлэл байгаа юм байх. Мөн энэ удаагийн хурлын төлөөлөгчдийн дунд улсын Ерөнхийлөгч нэг, дэд Ерөнхийлөгч хоёр, Ерөнхий сайд нэг, Шадар сайд дөрөв, бусад нь сайд нарын төвшний төлөөлөгчид байгаа бөгөөд олон улсын 20 байгууллага, иргэний нийгэм, бусад чиглэлийн төлөөлөгч хүрэлцэн ирэх юм гэнэлээ.

Мэдээжийн хэрэг олон улс орны төр засгийн өндөр албан тушаал хашдаг хүмүүс ирэх нь тодорхой. Тиймдээ ч манайхан хөл алдах шахаад л, байгаа юм аа барьж гүйгээд л, угаах юм аа хүртэл угааж цэвэрлэж, будаг ханхлуулсан Улаанбаатар хотыг зочиддоо үзүүлэх гээд сүүлийн нэг сарын хугацаанд нилээд ажил ихтэй байлаа.

Нисэхээс хот руу зорчих замын гажигаа ч мартсангүй тар няр болсон замаа ч гэсэн засч янзалж байгаа сураг дуулдлаа. Хэр их ач холбогдол өгч байгаа нь ирэх гадаадын зочдын тооноос гадна манай төр засгийн томчуудын гаргаж буй шийдвэрээс журмаас илхэнээ харагдаж байна.

Машинуудаа хоёр хувааж дөрвөн өдөр замын хөдөлгөөнийг зохицуулж байна. Троллейбусыг үнэгүй хүртэл үйлчлүүлэхээр болж байна. Зарим төрийн байгууллагууд даваа гаригт амрах ч сураг дуулдав. Саяхан хоёрхон хоногийн өмнө гал Коммандын машин төрийн ордноо усалж байгааг ч олоод харчихав. Услах ч юу байх вэ дээ угааж цэвэрлэж байгаа нь тэр л дээ.

Оройных нь цагаан өнгө хар болтлоо элэгдсэн дээврийг гал унтраах ангийн машин ирээд л усаар шүршээд өнгө оруулчихдаг юм байна лээ. Холоос харсан хүн бол төрийн ордонд гал гараа юу л гэж харахаар байсан биз. Гэвч үгүй ээ. Энэ бол гадныханд ядаж төрийн ордноо нүд гялбам харагдуулах гэсэн нэг ядмаг арга л даа.

Дотор нь бол духаараа гялбах нь төрийн түшээ байгаагаас чадлаараа, чадвараараа, шилдэг түшээгээрээ гялбах хүн ховор л байгаа байх. Яахав хэн ч гэсэн улс орноо гадныханд муу хэлүүлэхийг хүсэхгүй шүү дээ. Тиймдээ зочид төлөөлөгчдийг угтаж авахдаа тэдэнд муугаа харуулахгүйг хэн ч хичээх нь зүйн хэрэг. Ямар сайндаа л хэдэн зочдын явах зам харгуй, гудамж талбайг хүртэл шинээр тохижуулж засварлаад, гэрэл чимэглэл хийгээд гэрэлтүүлээд, зам саравчгүй янзалж байх вэ дээ.

Гай болж нэг нь гэр хорооллоор явчих вий дээ гэж айж суугаа ч төрийн түшээ байгаа биз. Тэгсэн нөгөө хэдэн гадныхан нь машинуудаа хязгаарлаад хөдөлгөөнд оролцуулахгүй байгааг нь мэдэхгүй Улаанбаатар гэж яасан ч машин багатай, жижигхэн хот вэ гэж бодох вий дээ.

Иргэд нь бүгдээрээ троллейбусандаа чихэлдээд социолизмийн үеэсээ салаагүй улс байна гэж бодчихвол одоо яана аа. Хэдэн төр засгийн тэргүүнүүд нь хүртэл хоорондоо маргалдаад нэгийгээ огцруулах гээд хэрэлдэж суугааг аягүй бол сонсч л таарна даа. Төрийн том түшээ нь ёсзүйн алдаа гаргаж албан тушаалаасаа бууж байгааг мэдээд юу гэж бодох бол...

За ер нь юу гэж бодох нь хэнд хамаатай гэж. Байгаа юм байгаагаараа л уг нь сайхан. Машинуудыг цөөллөө гээд, автобусыг үнэгүй болголоо гээд, төрийн ордноо гялалзтал нь угаалаа гээд, төмөр хайс хашаанууддаа будаг ханхлууллаа гээд, автозамаа засч янзаллаа гээд юу дээрдэнэ гэж. Хэд хоног хот өнгө үзэмжтэй л байна биз дээ.

Удахгүй аягүй бол зассан зам нь ховхорч, төрийн ордон нь буцаад тоос шороондоо дарагдаж, хэдэн хятадаас оруулж ирсэн чанар муутай гэрэл чимэглэл, будаг шохойнууд нь борооны усанд урсах нь урсаад, шатах нь шатаж эргээд хуучин төрхөндөө орох биз. Харин үүнийхээ оронд хэдэн төрийн түшээд маань л олон улсын өмнө нэр хүндээ хамгаалах нь юу юунаас илүү чухал байлтай.

Тэнэгээ гайхуулалгүй, тээр шаалгүй, түмнийхээ нэр нүүрийг баралгүй зөв үйлдэлтэй, цэх үгтэй байхыг л хүсэх байна. Бид ер нь ийм том хэмжээний олон улсын бага хурал зохиож байсан нь цөөхөн. Бараг л байхгүй. Улс төр, төр засгийн удирдлагуудыг цуглуулсан том хурал бол бүр ч хийж байгаагүй л санагдана. Хамгийн сүүлд Улаанбаатар хотод 2003 онд Ардчилалыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын бага хурлыг 500 орчим төлөөлөгчтэйгөөр хийж байснаас өөр ийм олон хүн оролцсон том арга хэмжээ зохион байгуулсан туршлага манай оронд байхгүй. Тиймээс Монголд анх удаа ийм өндөр хэмжээний хурал болж байгаа нь Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд өргөх, ардчиллын суурь зарчим, ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой хэмээн үзэж байгаа Монголын төр засгийн удирдлагууд та нөхдийн байгаа байдал л Монгол улсыг дэлхий нийтэд таниулах болохоос биш гудамжинд лааз түүж яваа ганц иргэн, золбин нохой хоёр Монгол улсыг илэрхийлэхгүй шүү гэдгийг санаарай.

 П.Галаа