Улс орны эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой авто зам, төмөр замын бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгайлсан журам баталлаа.

Ийм төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг Засгийн газрын шийдвэрээр олгоно. Эрх эзэмшигч нь дээрх төрлийн ашигт малтмалыг өөрийн зардлаар байгалиас шууд олборлон ашигладаг, бүтээн байгуулалтын ажил нь улирлын шинжтэй, ашиглалтын талбайг зөвхөн тухайн төсөл, хөтөлбөр хэрэгжих хугацаанд ашигладаг байх шаардлагатай.

Бүтээн байгуулалтын ажлыг шуурхайлах энэ журмын хэрэгжилтэд Зам, тээврийн болон Уул уурхайн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хяналт тавьж ажиллахыг Засгийн газраас даалгалаа.