photo IMG_0930_zps313fc2fc.jpg

Монголын Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нар, хур тэгширсэн сайхан өдөр нээлтээ хийлээ. Наадамчин олны сэтгэл тэнүүн сайхан наадаж байна. Морин жилийн наадмын нээлтэнд хүрэлцэн ирсэн УИХ-ын гишүүд сэтгэгдлээ хуваалцаж, түмэн олондоо наадмын мэндчилгээ дэвшүүллээ.

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: Нар хур тэгширсэн их сайхан монгол наадам эхэлж байна. Сэтгэл өөдрөг бөхчүүд хүчтэй морь хурдтай, харваачид маань цэцэн. Жил жилийн наадам нэг зүйлээр ялгардаг. Энэ жилийн наадмын онцлог бол үндэсний, бидний бахархадаг орчин цагийн хийж бүтээж байгаа зүйлүүдийг маань манай үндэсний компаниуд жагсаалаараа харууллаа. Зочин гийчин их байна. Дэлгэр сайхан монгол наадам дэнж хотойтол сайхан эхэллээ. Одоо хурдан морьдоо очиж сонирхож үзнэ. Монгол улсын ерөнхийлөгчийн зоогонд оролцоно.  Түмэн олон маань сайхан наадаарай.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Сайхан зун болж байна. Энэ жилийн наадмаар 100 гаруй сумдын ой тохиож байгаа. Тийм болохоор монгол орон даяар наадмаа өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрүүлэх нээ. Миний хувьд бас их онцлог наадам болж байна. Анх удаагаа наадмаар нум сум харваж байгаа. Эрийн гурван наадмынхаа нэг төрөл болох сураа сурталчилж байгаа зүйл л дээ. Монгол түмэн минь сайхан баярлаарай.

УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар: Өвөрхангай 9 сумын ой тохиож байгаа. Албан ёсоор томилогдож зохих сумдад очиж баярын мэндчилгээ дэвшүүлнэ.

-Та хэний дээлийн захыг мушгиж байна?

-Залуучуудыг дээшээ цол ахиасаа гэж бодож байна. А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар Дархан аварга боллоо их баяртай байна.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Монголын Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярын мэндийг монголчууддаа дэвшүүлье. Энэ жилийн наадам өмнөх жилүүдийнх шигээ өргөн дэлгэр сайхан наадам болж байна. Өнөөдөр монголчуудын маань нийгэм эдийн засгийн амьдрал төдийлөн сайнгүй байгаа ч гэсэн монголчууд маань сэтгэл зүрхээрээ баяр наадмаа тэмдэглэж байгаад баяртай байна. Маргааш хүй долоо худаг явна. Ард түмнийхээ нэгэн адил соёолонгийн тоосондоо дарагдана.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Нар, хур тэгширсэн сайхан өдөр тохиож байна. Энэ жилийн наадмын нээлт сайхан бэлэгдэлтэй сайхан наадам эхэллээ. Монгол улсын хэмжээнд их олон сумдын тэгш ой болж байна. Соёолнгийн тоосондоо даруулна. Мөн сүүлийн давааны бөхчүүдийнхээ барилдааныг үзнэ. Өвөрын сайхан нутгаас минь шинэ цолтнууд төрөх байх. Наадамчин олондоо хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Дэлхийд ганцхан байдаг наадмаараа их бахархдаг. Зөвхөн монголчууд бид өөрсдөө наадаад өнгөрөх биш дэлхийн бүх хүмүүс манай наадмыг онцгойлон сонирхдог байхаар зохицуулвал их сайхан санагдлаа, эдийн засгийн хувьд ч гэсэн. Баяр баясгалан авахаасаа илүү эдийн засгийн хувьд ч гэсэн нэмэгдэнэ. Нийт монголчууд минь сайхан наадаарай.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Монгол орон даяар байгаль цаг агаар сайхан байна. Зон олны маань сэтгэл тэнүүн, наадамчин олон өргөн дэлгэр сайхан наадаж байна. Бүх монголчууддаа баяр наадмын мэндийг дэвшүүлье. Сайхан наадаарай.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энэ жилийн баяр наадам үнэхээр сайхан болж байна. Таван их аварга барилдаж байгаа. Үндэсний баяр наадам маань сайхан болох шинжтэй.  Сайхан наадаарай.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: Бүх хүмүүстээ баярын мэндчилгээг дэвшүүлж байна. Морин жилийн наадам сайхан болж байна. Соёлын наадам болно түүнийхээ нээлт рүү явна.

 
















М.Мөнхзул

Х.Даваа

А.Баярмаа