Эрүүл мэндийн сайдын 2013 оны 09 дүгээр сарын 19-ний 344 дугаар тушаалаар “Сэтгэлд шингэсэн найман үйлчилгээ”-г 2013 оны 10 сарын 15-наас эхлэн орон даяар хэрэгжүүлэхийг бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал нарт даалгасан. 

Үүний дагуу Арьсны өвчин судлалын үндэсний төвийнхөн хэрхэн сэтгэлд нийцсэн угтах, эргэх, лавлах, зөвлөх, оношлох, эмчлэх, сувилах үйлчилгээнүүдийг нэвтрүүлснээ өчигдөр Эрүүл мэндийн сайд болон бусад эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад танилцууллаа.

 Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ үеэр гурав дахь шатлалын болон тусгай мэргэжлийн төвүүдийг төрөлжсөн лавлагаа төв болгож эхэлснээ дурьдаад арьсны өвчин судлалын үндэсний төвийнхөн улсын хэмжээний харшил судлалын үндэсний төв болох учиртайг онцолсон юм. Сүүлийн жилүүдэд манай улсын хүн амын дунд цаг уур, хоол тэжээлийн онцлогоос хамааран харшлын гаралтай өвчлөл ихсэж, төрөлжсөн оношилгоо, эмчилгээ төдийлөн хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаа. 

alt

 Арьсны өвчин судлалын үндэсний төвийнхөн иргэдэд найрсаг үйлчлэх, угтах ажилтныг сургаж ажиллуулж байгаагийн зэрэгцээ дуугүй хөтөчүүдийг ч нилээдгүй байршуулсан байлаа. Мөн бүхий л төлбөрт үйлчилгээний үнэ өртөгийг нийтэд ил харагдахуйцаар тавьсан байсан. Тус төвийнхөн анх удаа хүүхдийн амбулаторийн тасгийг шинээр нээж, хүүхдийг гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйцээр орчныг засаж тохижуулсныг салбарын сайд сайшаасан юм. 

alt

alt

Бага насны хүүхдүүдийг бэртэхээс сэргийлж ширээний өнцөгт зөөлөвч бэхэлж, хөлөндөө арьсны тууралттай хүмүүст зориулсан хөлийн боолт хийх тавиур бэлтгэж, үйлчлүүлэгчдэд зориулсан цэмцгэр ариун цэврийн өрөө, ажилчдынхаа мэдлэг ур чадварт нэмэр болох И-номын сан, ажлын стрессийг бага ч болов тайлах чийрэгжүүлэх танхим байгуулсан гээд дурьдаад байвал энэ хамт олны хийсэн зүйл мундахгүй байлаа. Үйлчлүүлэгчид ч сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр хэлж, талархлаа илэрхийлж байсан.

Мөн энэхүү танилцуулах уулзалтын үеэр нэгэн сайхан үйл явдал болсон нь Арьсны өвчин судлалын үндэсний төвийнхөн олон улсын стандартад нийцсэн Чанарын удирдлагын тогтолцоог ISO 9001:2008/ MNS ISO 9001:2010 стандартын шаардлагын дагуу нэвтрүүлснийг гэрчлэх батламжийн эзэн болов. Уг батламжийг Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр гардуулан өгөөд амжилтаа улам бататган ажиллахыг хүсэн ерөөсөн юм. 

alt

alt

 Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал А.Цогцэцэг хэлэхдээ, “Хоёр жилийн өмнөөс олон улсын стандартад хүрэх зорилго тавин ажилласны үр дүн өнөөдөр гарлаа. Манай хамт олон санаа нийлж, нэгэн сэтгэлээр ажиллаж чадсан. Энэ батламж бол нэр хүндийн баталгаа төдийгүй бидэнд асар их хариуцлага нэмэгдэж байгааг илтгэж байна. Сэтгэлд шингэсэн найман үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд бид юунаас эхлэх вэ гэдгээ их бодсон. Тэгээд хоёр чиглэлээр арга хэмжээ авч эхэлсэн. Нэгд, сэтгэл шингэсэн үйлчилгээ гэж юу вэ, хоёрт, ажлын байрны бахархалыг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Энэ нь зөв алхам болсон” хэмээв. Уг батламж оношилгоо, эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг хамарна. Дэлхий нийтэд дээрх стандартыг авсан сая гаруй аж ахуй нэгж байдаг байна. Харин манай улсад одоогоор 51 байгууллага байгаа бол эрүүл мэндийн салбараас Арьсны өвчин судлалын үндэсний төвийнхөн хоёр дахь нь болж байгаа юм. Өмнө нь Улсын хоёрдугаар төв эмнэлэг авч байжээ. 

Олон улсын стандартад хүрнэ гэдэг бид зорилгодоо хүрэх шатаа хоёроор ахиулж байна гэсэн үг юм хэмээгээд Эрүүл мэндийн сайд Н.Удвал тус төвийн хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.