Шоронгоос суллагдсанаас хойш нэг жилийн хугацаанд БНСУ-д эмчлүүлж, сүм хийдээр аялж, ном судартай ойр яваа гэгдэх МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ сарын сүүлээр ирэх нь тодорхой болжээ.

Даргыгаа ойр ойрхон эргэхээр  хилийн дээс алхах намын нөхдөд нь хэцүүхэн байсан гэдэг. Харин Н.Энхбаяр эх орондоо ирээ намынхаа их хурлыг хуралдуулах нь тодорхой болсон гэнэ. Үүний нэг баталгаа нь МАХН-ынхан их хуралдаа бэлтгээд эхэлжээ. Зарим эх сурвалж Н.Энхбаяр эх орондоо ирээд улстөртэй зууралдахгүй гэх. Нэр хүнд, амь насаараа дэнчин тавих байж МАХН-ыг байгуулчихаад ийм амархан орхихгүй. БНСУ-аас удирдан чиглүүлж байсан тэрээр их хуралдаа оролцохгүй байна гэж байхгүй. харин ч биеэ тэнхэрсэн дээрээ намынхаа их хурлыг удирдаж олон толгойтой мэт болчихоод байгаа нөхдийг нэг гарт базна хэмээн үнэнч гэгдэх нөхдүүд хэлж байна.

Харин МАХН-ын удирдлагад буй зарим эх сурвалжийн хэлж буйгаар Засгийн газрын 100 хоногийг дуустал МАХН-ын их хурал хуралдахгүй. Хуралдсан тохиолдолд цаашдаа засгийн газарт үргэлжлүүлэн ажиллах эсэхийг хөндөх болно. Энэ нам ганц хүний улстөрийн тоглоомын талбар биш болсон гэж байна. Тэгэхээр Н.Энхбаяр эх орондоо ирээд МАХН-ыг тийм ч амархан эмх цэгцэнд нь оруулаад эзэн суучихгүй бололтой.