Хүнсний манлай үйлдвэр "Талх Чихэр" ХК ажилчдынхаа  эрүүл мэнд, бие бялдрын хөгжил мөн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тал дээр өндөр ач холбогдол өгдөг. Тухайлбал, "Тачи" явган аялал, сагс, воллейболын тэмцээнүүдийг тогтмол явуулдаг билээ.

Энэ спортлог хамт олон энэ сарын 18-ны өдөр буюу өчигдөр шинэхэн фитнесс төвтөй болсон юм. Ингэснээр цаг зав, мөнгө гарздалгүйгээр хөдөлгөөнөөр эрүүлжиж, эрч хүчээр дүүрэн ажиллаж амьдрах боломж бүрджээ.

Уг фитнесс төв нь нэг зэрэг 50 – 60 хүн хичээллэх боломжтой  бөгөөд гүйлтийн зам, суурин цана, суурин дугуйгаар тоноглогдсон байна. Солонгос улсын өндөр чанар, үзүүлэлт бүхий тоног төхөөрөмжөөр 100 хувь тоноглогдсон учраас хичээллэх явцад бэртэл авахгүй байх боломжоор хангагджээ.

Фитнесс төвийг нээхэд нийт 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд орчин үеийн фитнесс төвд байвал зохих амралтын танхим, саун, аэробекийн заал, душ, гэх мэт зүйлүүд бүгд багтсан байна.

Шинэхэн фитнесс төвийн онцлог нь мэргэжлийн багш дасгалжуулагчдын зөвөлгөө дэмжлэгтэйгээр хичээллэх болсноороо онцлогтой юм.

Нээлтийн үйл ажиллагаанд “Талх Чихэр” ХК-ийн гүйцэтгэх захирал М. Базар- Ууган, СХД-ийн Засаг Даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н. Ганаа, СХД-ийн иргэдийн хурлын ажлын албаны дарга н.Бат-Өлзий нар тус фитнесс төвийн нээлтийн туузыг хайчилж үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Компанийн ажилчдын сэтгэгдлийг хуваалцлаа.

"Талх Чихэр" ХК- ийн борлуулалтын менежер Т.Тулгаа: Манай компани ажилчдынхаа эрүүл мэнд нийгмийн асуудал дээр маш өндөр анхаарал хандуулж ажилладаг. Үүүний нэг илрэл бол энэхүү фитнесс төв гэж би бодож байна. Залуус бидэнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг газар тун ховор, байсан ч өндөр үнэ төлбөртөй байдаг. Харин бид өөрийн фитнесс төвтэй болсоноор маш олон давуу тал бидэнд нээгдлээ. Миний адил олон залуус энэ үйл явдалд  маш сэтгэл хангалуун байна.

“Талх Чихэр” ХК-ийн хангамжийн ачигч Н.Лутбат: Ийм сайхан фитнесс төвтөй болсондоо туйлын баяртай байна. Удирдлагууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Одоо илүү мөнгө зарж хол явж цаг заваа үрэхгүйгээр хичээллэх боломжтой боллоо.

“Талх Чихэр” ХК-ийн нягтлан бодогч Б. Оюунчимэг: Манай компанийн 30 жилийн ойг угтах ажлын хүрээнд энэхүү саун, душ, аэробик болон чанартай тоног төхөөрөмжтэй иж бүрэн фитнесс төвийг нээж, ажилчидынхаа эрүүл, зөв бие галбиртай байхад нь дэмжлэг болж байгаад маш их баярлаж байна. Нийт ажиллагсаддаа Эрүүл хүн-Эрүүл хүнс гэсэн уриан дор энэхүү фитнесс төвд хичээллэхийг уриалж байна.