Монгол Улсын гурав дахь Ерөн хийлөгч Н.Энхбаяр эргэн моодонд ороод удаагүй байна. Моод эргэдгийг бодитоор харуулж, нэг хэсэг таг чиг болоод байсан түүний нэр сүүлийн хэдэн өдөр хэвлэлийн хуудаснаас салсангүй. Учир нь УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс түүнд дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл Н.Энхбаяр гэдэг хүнийг ийнхүү хэвлэлийн хуудаснаа дахин “амилуулах” нь тэр. Нэгэн цагт Төрийн тэргүүнээр ажиллаж байсан энэ хүн өнгөрсөн хугацаанд тэгтлээ унтаа байдалтай байв уу гэвэл үгүй. Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс 2.1 жилийн ял сонсч, жил гаруйн хугацаанд эмнэлэгт “хоригдох” хугацаандаа өлсгөлөн зарлаж, биеийн байдал нь дордсоноос гадагшаа гарч одсон. Эмчлүүлэх зорилгоор БНСУ-ыг зорьсон тэрбээр мөн л жил гаруйн хугацаанд тус улсад бүгсэн юм. Харин “урт шар дээлт” ирэх нь гэх мэдээлэл наадмын дараагаар олны чихэнд хүрсэн нь МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын хэвлэлд өгсөн ярилцлагатай холбоотой байв. Тэрбээр ярихдаа “Н.Энхбаяр даргын биеийн байдал ерөнхийдөө сайжирсан. Тиймээс долдугаар сарын 27-28-ны өдрүүдэд эх орондоо ирнэ. Гэхдээ шууд ажилдаа орчихгүй, цэвэр агаарт гарч хэд хоног амарч, сувилуулах шаардлагатай байгаа” хэмээж байлаа. Гэтэл үүнээс ердөө долоохон хоногийн дараа энэ яриа эргэж, Н.Энхбаярын ирэх хугацаа хоишилсон юм. Харин үүнийг намынх нь генсек “Эмчлэгч эмч нь эх орондоо буцахыг зөвшөөрөөгүй” гэх ядмагхан тайлбараар хаацайлаад өнгөрсөн. Гэтэл угтаа Н.Энхбаярын эх орондоо ирэх шийдвэр хэдийнэ гарсан байсан бөгөөд ар гэрийнхэн болон намынхан нь бэлтгэл ажилдаа ороод байсан юм. Гэтэл Н.Энхбаярыг ирэхээ больсонтой холбоотойгоор намынх нь генсек Г.Шийлэгдамба БНСУ-г зорихтой зэрэгцэн Н.Энхбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн талаарх мэдээлэл түгсэн юм. Өөрөөр хэлбэл, МАХН-ын дарга Н.Энхбаярын эх орондоо ирэхээс цэрвэсэн шалтгааны учир тайлагдсан нь эрүүгийн хүнд гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдсонтой холбоотой байв. Тодруулбал, МАХН-ын цагаан ордон эзнийгээ ийнхүү хэрэгт холболоо. Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн 148.4-өөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Энэ зүйл ангид зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учруулсан хэмээсэн байдаг. Энэ бол хүн амины хэргийн дараа тооцогдох хүнд гэмт хэрэг гэж эрүүгийнхэн үздэг. Учир нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүн 10-15 жилийн ял сонсох заалттай бөгөөд ялгүй өнгөрөх тохиолдол барагтаа гардаггүй гэдэг. Гэтэл манай улсын гурав дахь Ерөнхийлөгч ийнхүү хоёр дахиа эрүүгийн хүнд гэмт хэрэгт холбогдлоо. Харин өчигдрөөс эхлэн МАХН-ын байрыг битүүмжилсэн гэх мэдээлэл гарч эхэлсэн. Энэ талаар тодруулахаар тус намын байранд очиход ямар нэгэн лац ломбо зүүсэн зүйл харагдаагүй юм. Харин намын байранд байсан ажилчид “Манай намын байрыг битүүмжлэх ямар ч шалтгаан байхгүй. Хэвлэлээр гараад байгаа шиг битүүмжилсэн зүйл байхгүй. Бид хэвийн ажлаа хийж байна.Энэ бол хэн нэгний явуулга ” гэх тайлбарыг өгсөн юм. Харин энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад “Одоогоор Н.Энхбаяр хэрэгтэй холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг манайхаас хийгээгүй. Шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараагаар бид хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулдаг” гэсэн юм. Харин энэ талаар ЦЕГ-ын эх сурвалжаас тодруулахад “Намын байртай холбоотой гомдол ирсэн учраас мөрдөн байцаалтын явцад тухайн байрны бичигт баримт зэргийг шалгах ажиллагаа л хийгдсэн. Харин битүүмжлэх үйл явц болоогүй. Зөвхөн тухайн байртай холбоотой гомдол ирсэн, харин доторх эд хөрөнгө намын эзэмшлийнх болохоор тэр бүхэнд хүрэх эрх хэндч байхгүй” гэв. Энэ байдлаас харахад цаашид шаардлагатай гэж үзвэл МАХН-ын байрыг лацдаж, ломбодох, хүн оруулахгүй байхаар битүүмжлэхгүй гэх газаргүй боллоо. Ийнхүү байрыг нь битүүмжилж, намын даргад нь эрүүгийн хэрэг үүсгэсэн шалтгаан нь залилангийн хэрэгтэй холбоотой талаар дээр дурдсан. Харин энэ талаар тодруулбал, намын байртай холбоотой асуудлаар сар гаруйн өмнөөс цагдаагийн байгууллагад гомдол ирсэн байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр нь 2011 онд “Империал Гоулд” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Гэндэнгийн гудамжинд орших 900 метр квадрат талбай бүхий /одоогийн МАХН-ын байрлаж байгаа/ хоёр давхар байрыг эзэмшил газрынх нь хамт 1.5 сая доллараар худалдан авахаар тохиролцон аж. Улмаар өөрийн төрсөн дүү Н.Энхтуяагийн нэр дээр бүртгэлтэй “Эскон” ХХК- ийн гүйцэтгэх захирал Д.Цэнгэлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулуулж, гэрээнд тухайн байрыг худалдан авах үнийг 500.000 ам.доллар гэж тусган үлдэгдэл нэг сая ам.доллараа өнөөдрийг хүртэл төлөлгүй АНУ-ын иргэн “Г”-д онц их хэмжээний хохирол учруулсан байна. Удаан хугацаанд өрөө төлөхийг нь хүлээсэн гадны иргэн арага брахадаа ийнхүү хуулийн байгууллагад гомдол гаргаж байгаа нь энэ аж. Мөн 2008 онд Н.Энхбаяр нь иргэн “Б”-гээс Хуяг гэгч этгээдээр дамжуулан “Хар дун” ХХК-ийн санхүүжилт болон барилгын засварын ажилд ашиглана гэж зээлийн гэрээ үйлдүүлэн 1,2 тэрбум төгрөгийг тус тус залилан авсан байна. Дээрх үндэслэлүүдээр Н.Энхбаяр, Д.Цэнгэл, Н.Энхтуяа, Б.Хуяг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4- т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн аж.
 

М.Өнөржаргал