Зууны манлай дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяаг “Өглөөний зочин”-оор урьж, чин сэтгэлийн яриа өрнүүллээ.

 -Та төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдог, яруу найрагч А.Дандий-Ядам нарын “Миний сай­хан ээж” дууг шинэчлэн дуулжээ. Энэ дуу таны бусад уран бүтээлээс юугаараа онцлог болсон бэ?

-Өмнө нь миний уран бүтээлүүдээс дандаа эрэм­гий, дайчин Сараа харагддаг байсан бол энэ удаа энэрэнгүй зөөлөн Сарааг олж харах болов уу. Би одоо 42 настай. Миний том хүү 15, охин маань зургаан нас хүрч байна. Энэ л үедээ Монголынхоо бүх ээжид зориулж, энэ сайхан дууг дуулж чадсандаа баяртай байна.


-Чухам яагаад энэ дууг дуулахаар шийдэв?

-Энэ бол ээжийгээ хайрладаг хүн бүрийн сэтгэлд ойр дуу. Би уг нь дууныхаа клипэнд ээжийгээ тоглуулчих юмсан гэж бодож байсан. Гэвч сүүлийн үед уран бүтээлийг өмчлөөд байна гэсэн үзэл уран бүтээлчид, сонсогч, үзэгчдийн дунд хүчтэй явагдаж байна. Тиймээс өөр ээжүүдийг тоглуулахаар шийдсэн. Миний ээж зусландаа галаа түлээд, цайныхаа дээжийг өргөөд л намайг хү­лээж суугаа. Заавал кли­пэнд тоглуулах нь сонин биш л дээ. Гэхдээ би ээждээ энэ дууг дуулж өгсөн. Өмнө нь ээжийгээ романтик маягаар баярлуулж байгаагүй юм билээ. Ээжийн минь сэтгэл их хөдөлсөн байсан.


-“Миний сайхан ээж” дууны бичлэгийн үеэр таны сэтгэл ч бас их хөдөлсөн гэж сонссон?

-Би хүүхдүүдээ болон ээжийгээ бодоод л уйлаад байсан. Надтай явсан эгч маань хүртэл сонин болчихсон, “Их аймаар дуу байна аа” гэсээр угтсан. Учир нь, олон хүний дунд сэтгэл хөдлөлөө барьж, уйлахгүй юмсан гэж их хичээснээс болоод сонин мэдрэмж төрсөн юм шиг байна лээ. Гэхдээ энэ бол ээжийгээ санаж, цөхөрсөн хүний дуу биш. Сайн яваагаа ээждээ дуулгах гэсэн бахдангуй сэтгэлээс гарсан дуулал юм болов  уу гэж бодогдсон. Тий­мээс ч би их доогуур дуул­сан. Философийнхоо хувьд ч “Ээж ээ, би танд хайртай” гэж аялж хэлэх нь хүний сэт­гэлд илүү хүрэх болов уу.


-Та энэ дуундаа их ач холбогдол өгч байгаа бо­лолтой. Ээжийн тухай олон дуу дуулахаар төлөв­лөж байгаа юу?

-Олон улсын эмэгтэй­чүүдийн баяраар ээжийн тухай дуунуудаас бүрдсэн тоглолт хийе гэсэн бодолтой байгаа.


-Ца­гаан сарын битүүний өдөр Солонгост ажиллаж, амь­дарч байгаа монгол­чууд­даа зориулан тоглохоор төлөвлөж байгаа гэл үү?

-Тийм ээ. Солонгос улсад 30 мянга гаруй монгол хүн ажиллаж, амьдарч, сурч боловсорч байна гэсэн статистик тоо баримт байдаг юм билээ. Тиймээс “Аргагүй монгол аялгуу” аялан тоглолтоо ирэх сарын 10-нд Сөүл хотын Сёжон соёлын ордонд хийх гэж байна.


-Та шинэ оноо Солонгост угтсан. Цагаан сараар ч бас тэнд байх нь ээ?

-Битүүнд тэнд тогло­чихоод, шинийн нэгэнд эх орондоо ирнэ. Цагаан сарын эхний хоёр өдөр ээждээ тусалж, гэртээ байна. Шинийн 3-наас гэр бүлээрээ хамтдаа Төв аймгийг зорьж, тэнд байдаг хамаатнуудынхаа мэндийг мэднэ дээ. Бас өвөө маань гэр бүлийн галын тахилга хийнэ.  


-Солонгост ажиллаж, амь­дарч байгаа монгол­чууд­даа хөнгөлөлттэй үнээр тоглох уу?

-Би үнэгүй юманд дур­гүй. Яагаад гэвэл, үнэ төлбөргүй зүйлийн цаана заавал өр үлддэг. Тиймээс би үнэ төлбөргүй тоглож чадахгүй. Харин тоглолтын үеэр зургаан азтан тодруулж, хадгаламжийн дэвтэр, гар утас бэлэглэнэ.


-Өмнө нь та “Аргагүй монгол аялгуу” тоглолтоо АНУ-д хийхдээ тасалбараа онлайнаар худалдаалж байсан. Энэ удаа яах вэ?

-Би онлайнаар гүйлгээ хийсэн анхны монгол дуучин байх шүү. Монголд байгаа гэр бүлийнхэн нь Солонгост амьдарч байгаа дотны хүндээ бэлэг барихыг хүсвэл онлайнаар тасалбар худалдаж авч болно.


-Онлайн худалдаа зөв­хөн тасалбараар хязгаар­лагдахгүй биз дээ?

-Дуучид, хамтлагуудын бүтээлийг зөвшөөрөлгүйгээр интернэтэд байрлуулж, ашиг олдог олон сайт байна. Бид нэг дуу гаргахын төлөө маш их хүч хөдөлмөр зарцуулдаг. Зовж бүтээсэн зүйлээ тавган дээр тавьсан хоол мэт бусдад өгчихөж болохгүй шүү дээ. Уран бүтээлчийнхээ эрхийг хамгаалах ёстой. Тиймээс шинэ цомгийнхоо дуу­нуудыг цахим хууд­сан­даа байрлуулна. Сонсог­чид миний цомгийг заавал бүтнээр нь худалдаж авах­гүйгээр, сонсож үзээд, таа­лагдсан дуугаа тодорхой хэмжээний төлбөрөөр тэндээс татаж авч болно.


-Төрийн соёрхолт дуучин Д.Болд шинэ цомгийн тань продюсерээр ажиллаж бай­гаа байх аа?

-Д.Болдын зохиож, дуу­чин Эгшиглэнгийн дуулсан “Яг одоо би дурлаж байна” гэдэг дуу надад их таалагддаг. Тиймээс орон нутгийн сонгуулийн үеэр хөдөө хамт явж байхдаа Д.Болдод “Би чиний дууг дуулмаар байна” гэж санал тавьсан юм. Хариуд нь Д.Болд шинэ цомгийг маань продюсерлэж өгөхөөр болсон. Д.Болдын нүдээр Сарааг харна л гэсэн үг шүү дээ. Хэрхэн, яаж харагдсан нь цомог гарсны дараа л то­дорхой болох байх.


-Та өнгөрсөн онд Ка­захстан улс, Америкийн дөр­вөн хот, Европоор аялан тоглосон. Энэ онд аялан тог­лолтоо үргэлжлүүлэх үү?

-Хамгийн гол нь “Аргагүй монгол аялгуу” тоглолтоороо дэлхийг тойрно гэж өөртөө амласан амлалтаа биелүүлж байгаадаа баяртай байна. Энэ онд Япон улс, Улаан-Үд, Эрхүү, Якутск хотуудад тоглохоор төлөвлөж байгаа. Он дуустал аялах байх. 2015 он хүртэл өөртөө амралт өгөхгүй гэж байгаа.


-Та “Ромео, Жульетта хоёр” мюзиклын өрлөг эхийн дүрд тоглож байгаа. Энэхүү дуулалт жүжиг хэзээ үзэгчидтэйгээ уулзах бол?

-Анх би өрлөг эхийн дүр гэхээр нь “Би тийм хөгшин хүний дүрд тоглохгүй” гээд тийм ч таатай хүлээж аваагүй. Харин дууг нь сонссоны дараа миний хоо­лойны цараанд тохирох юм байна гэдгийг мэдэрсэн.

Өнгөрсөн долоо хоногт клип­ний зураг авалт хийгд­сэн. Жульеттагаа тэвэрч, зураг авахуулсны дараа би дуучин Отгончимэгт “Отгоо, эгч нь чамайг охин шигээ хайрлаж чадах юм байна” гэж хэлсэн. Мюзикл маань тавдугаар сард үзэгчдийн хүртээл болно.


-Рок попынхон саяхан ам барихтай холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэг­лэгчийн төлөө газарт ханд­сан байна лээ. Та тэднийг дэмжиж байгаа биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Өөжгий надад энэ тухай дуулгасан. Би ч дэмжиж байгаагаа хэл­сэн. Би аль дээр үеэс “Амаараа биш уушгиараа дуулах хэрэгтэй” гэж ярь­саар ирсэн шүү дээ. Би ам барих тун дургүй. Бичлэг тавьж, гоёмсог хувцсаар нүд хуурч, ам барьж, таазаа хөдөлгөдөг дуучны тоглолтын тасал­барыг үзэгчид өндөр үнээр худалдаж авч байгаа нь л хамгаас харамсалтай байна.

Хүмүүс уран бүтээлийн чанар чансааг шүүмжлэх ёстой. Гэтэл манайхан өмссөн хувцас, хувь хүний зан төрх, царай зүсэнд анхаарлаа илүү хандуулах юм. Уг нь, дахин давтагдашгүй алхам хийсэн эсэхийг нь л үнэлж дүгнэх учиртай юм шүү дээ.


-Өнгөрсөн жил кинонд тоглох санал хүлээж ав­сан гэж дуулдсан. Яагаад тат­галзчихав?

-Түүхэн  кинонд  дүр    бүтээх байсан ч миний тог­лолтын хуваарь­тай дав­хац­сан уч­раас татгал­захаас өөр арга байсангүй. Кинонд тоглох, кино хийх хүсэл надад их бий. Эрэлхэг, дайчин, зорь­сон зүйлийнхээ төлөө өөрийгөө золиосолж чаддаг эмэгтэйн дүрд тоглохыг хүсдэг. Гэхдээ кинонд тог­лохгүй ч продюсер, хөрөнгө оруулагч нь байж болно шүү дээ. Зохиолыг нь бичсэн ч чадна. Харин хэзээ ч найруулахгүй.


-Кино зохиол бичвэл өөрийнхөө  амьдралаас сэдэв­лэх үү, эсвэл огт өөр сэдэв барьж авах болов уу?

-Би гомдол харуусал харуулсан эмгэнэлтэй ки­но хийхгүй. Тэгээс эхлээд зорьсондоо хүрч байгаа дэвшилттэй гол дүртэй кинонд дуртай. Гэхдээ кино гэдэг 100 хувь үнэн байдаггүй. Тиймээс өөрийнхөө амьдралыг олны өмнө дэлгэж, үнэнээс нь гуйвуулмааргүй байна. Тэгээд ч би кино болгохоор сонирхолтой амьдралтай хүн биш шүү дээ. Харин амьдралынхаа үнэн түүхээр ном бичиж болно. Гэхдээ цаг хугацаа, ном бичих туршлага шаардагдах байх.


-Эрх чөлөөг эрхэмлэдэг, юунд ч баригдахыг хүсдэг­гүй олон бүсгүй танаас үлгэр жишээ авдаг байх. Харин та яг одоо санасныхаа зоргоор эрх чөлөөтэй амьдарч чадаж байна уу?

-Над шиг зоргоороо амьдардаг бүсгүйчүүд олон байдаг юм билээ. Тийм хүсэлтэй бүсгүйчүүдэд үлгэр жишээ болж чадаж байвал сайн л байна. Зарим хүн “Сараа хоёр хүүхэд дээрээ дүүгийнхээ хүүхдийг авч өсгөөд амьдарч болж л байна. Би ч бас чадна” гэж харж, бодож, зоригжиж байгааг үгүйсгэхгүй.

Гэхдээ би нөхөртэй бүсгүй­­чүүдэд “Өөрт байгаа жаргалаа сэгсэрчихэв ээ. Дэргэдээ байгаа ханиа хайрла. Байгаа юмаа мэ­дэрч, хайрлаж сур” гэж хэлдэг. Хэрвээ би нөхөртэй байсан бол тэр хүнийг аргадаж, хөлд нь сууж, аялдан дагалдаж чадах юм шиг санагддаг. Учир нь, одоо надад эсэргүүцэхээс аялдан дагалдах нь илүү со­нирхолтой санагдаж байна.


-Хангалттай эсэргүүцсэн гэж үү?

-Би зөндөө сөрж амь­дарсан. Аливаа зүйлд хэм­жээ, хязгаар гэж бий. Одоо болно оо.  Одоо аяыг нь дагаж, эр хүнийг түшиж амьд­­рах ямар байдгийг үзмээр байна.


-Тийм хүлцэнгүй дүр танд тохирох болов уу?

-Энэ амьдрал надад хангалттай тэвчээр өгсөн. Би их адгуу, ааштай байсан. Гэтэл охин маань намайг тэр чигээр нь дуурайж байна. Тэвчээрийг минь бага багаар шалгаж эхэлж байна. Алгадчихмаар санагдах үе байвч тэвчээд л өнгөрнө шүү дээ. Нойргүй шөнүүд, хүнд хэцүү мөч миний амьдралд олон тохиолдсон. Эрийн зайг нөхөх гэж нойр, хоолоо умартан өдөр, шөнөгүй ажил­ласнаа бодохоор би бусдын нүдэнд урьд урьдын­хаасаа илүү ядарсан харагдаж байгаа юм биш байгаа даа гэж ч бодогддог.


-Гэхдээ та ямагт өөрийгөө өөрчилж, шинэчилж, өнгө засч байдаг шүү дээ?

-Баярлалаа. Хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа нэлээд жин нэмсэн. Охин хүүхэд гаргана гэдэг хамаг гоо үзэсгэлэнгээ өгөхийн нэр юм байна гэж бухимдах ч үе байсан. Гэхдээ би тэр бүхэнтэй тэмцэж, спортоор хичээллэж эхэлсэн. Одоо би өөртөө сэтгэл ханга­луун байна. Тиймээс ч залуугийнхаасаа ч зоригтой шийдлээр зургаа авахуулж, янз бүрийн өөрчлөлт хийж байна.


-Цаашид ч таныг олон өөрчлөлт хүлээж байгаа даа?

-Тийм ээ. Ирэх он жилүүд надад олон содон бэлэг бэлдчихээд хүлээж байгаад итгэж байна.