Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хангамжын талаарх мэдээллийг БШУЯ-наас ирүүллээ. Засгийн Газрын 2009 оны 28 дугаар тэмдэглэлийн дагуу төрөөс бага ангийн сурагчдын 100%, дунд, ахлах ангийн сурагчдын 40%-д сурах бичгийг үнэ төлбөргүйгээр, сургуулийн номын сангаар дамжуулан олгож байна.

Шинэ хичээлийн жилд шинээр хэвлэх шаардлагатай бүх сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажил дуусах шатандаа орсон байна. Өнөөдрийн байдлаар сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бүх сурах бичиг бүрэн нийлүүлэгдэх юм.

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 95 нэрийн 2 148 661 ширхэг сурах бичиг, 65 нэрийн 100 431 ширхэг багшийн ном тус тус хэвлэгдэнэ. Үүнээс,

  • Дунд, ахлах ангийн шинээр /7,12 анги/ зохиосон 33 нэрийн 380 860 ширхэг сурах бичиг, 27 нэрийн 45900 ширхэг багшийн номыг хэвлэн нийлүүлж дууссан.
  • Нөхөн хангалтаар IX, XI ангийн 29 нэрийн 90 600 ширхэг сурах бичгийг хэвлэж, нийлүүлж дууссан.
  • Бага ангийн 33 нэрийн сурах бичгийг 1 677 201 ширхэг, 38 нэрийн багшийн номыг 54531 ширхэг хэвлэн нийлүүлэх ажил хийгдэж байна. Сурах бичиг 2014 оны 8 дугаар сарын 25 гэхэд бүрэн нийлүүлэгдэж дуусна.
  • Бага ангийн бүх сурах бичгийг багшийн номын хамт шинээр зохиож, хэвлэн нийлүүлж байгаагаараа энэ жилийн  сурах бичиг ханган нийлүүлэлт онцлог юм

Сурах бичгийн хүртээмжийн хувьд, Бага ангийн сурагч бүр бүх сурах бичгээр үнэ төлбөргүйгээр хангагдана. Бага ангийн сурагчдын сурах бичгийн хүртээмж 100 хувь байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн нийт сурагчдын 85.0 хувь буюу 10 хүүхэд тутмын 8 нь төрийн дэмжлэгтэйгээр бүх сурах бичгээрээ хангагджээ.

  • Дунд, ахлах ангийн нийт сурагчдын 40 хувь болох 104135 сурагч тухайн ангид судлах  бүх хичээлийн сурах бичгээ багцаар нь үнэ төлбөргүй хэрэглэнэ. Үүнд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхэд, бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон ерөнхий боловсролын сургуульд 3 буюу түүнээс дээш хүүхэд нь суралцдаг өрхийн 1 хүүхэд хамрагдана.
  • Дунд, ахлах ангийн нийт сурагчдын 46,9 хувь болох  122127 сурагч сурах бичгээ сургуулиасаа түрээсэлж хэрэглэнэ. Сурах бичгийг түрээсээр хэрэглэх сурагчид тухайн ангид судлах бүх хичээлийн сурах бичгээс бүрдсэн багц сурах бичгийн түрээсийн төлбөрт 9000-18000 төгрөгийг төлнө. Өөрөөр хэлбэл, сурагчид сурах бичгийг зах зээлийн үнээс 2-4 дахин бага үнээр бүх сурах бичгээ хичээлийн жилийн турш хэрэглэх боломж бүрдэнэ (Жишээ нь, 11 дүгээр ангийн сурагч 42000 төгрөгийн үнэ бүхий 12 нэрийн сурах бичгийг багцаар нь 10500-16800 төгрөгөөр түрээсэлнэ).

2014-2015 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын 506 сургуулийн дунд, ахлах ангийн 122127 сурагч нийт 1 419 001 сурах бичгийг түрээсээр ашиглана.

Харин ядуурлын түвшин бага бүс нутагт байрлаж буй төрийн өмчийн үлдсэн 115 ерөнхий боловсролын сургуулийн (Нийслэлийн төвийн сургуулиуд, Сэлэнгэ, Дархан-Уул, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн төвийн болон төвийн бүсийн зарим сумдын сургууль, энэ онд шинээр байгуулагдсан болон их, дээд сургуулийн лицей сургуулиуд) дунд, ахлах ангийн сурагчид сурах бичгээ зах зээлээс худалдан авна.

  • Дунд, ахлах ангийн нийт сурагчдын 13.1 хувь болох 34076 сурагч нь зах зээлээс сурах бичгээ худалдан авна.

Сурах бичгийн үнийн хувьд, зах зээлд худалдаалагдах сурах бичгийн дундаж үнэ 2820 төгрөг байна. Өнгөрсөн жилүүдэд хэвлэгдсэн сурах бичгүүд энэ онд хуучин үнээрээ борлуулагдах юм.

2014-2015 оны хичээлийн жилд зах зээлд худалдаалах сурах бичгүүд энэ сарын 20-ны өдрөөс эхлэн худалдаанд гарна. Эдгээр сурах бичгийг худалдан борлуулах цэгийн байршил болон худалдах үнэтэй холбоотой мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

2014 онд шинээр зохиосон сурах бичгийн онцлог

  • Бага, дунд боловсролын шинэчлэлийн хүрээнд шинэчлэн боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу 1-5 дугаар ангийн бүх хичээлийн сурах бичгийг багшийн номын хамт шинээр зохиож, туршин хэвлэн нийлүүлж байгаа
  • Хичээл бүрийг багшийн номтой болгох ажлыг энэ жил үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн. Энэ жил шинээр зохиогдсон 7, 12 дугаар ангийн сурах бичиг бүрийг багшийн номтой цогц байдлаар боловсруулж, хэвлэн нийлүүллээ. Энэ нь багшийн ачааллыг хөнгөрүүлж, хүүхдэдтэй ажиллах цаг нэмэгдэн, сургалтын чанарыг сайжруулах ач холбогдолтой.
  • Хөгжлийн бэрхшээтэй хүүхдийн боловсролын чанарт анхаарч, оюуны хөгжлийн бэрхшээтэй хүүхдийн болон сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 3 дугаар ангийн монгол хэл, 2 дугаар ангийн математикийн сурах бичгийг шинээр зохиож хэвлэлээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтыг чанартай зохион байгуулах боломж бүрдэж байна.
  • Казак хэлээр сургалт явуулдаг Баян-Өлгий аймаг болон Ховд аймгийн Ховд сумын сургуулиудын бага ангийн сурах бичгийг 3 жилийн өмнөөс эхлэн казак хэл рүү орчуулан хэрэглэж байна. Түүнчлэн Эх хэл /казак хэл/-ний сурах бичгийг зохиож, хэвлэн хэрэглэж байна.
  • Шинээр зохиосон сурах бичгийн агуулгыг сургалтын хөтөлбөртэй нийцтэй, зөв бичих зүйн алдаагүй, ойлгомжтой байх, сурах бичгийн зохиомжийг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон байх, хүүхэд бүрийн хөгжих боломжийг бүрдүүлсэн сонирхолтой арга зүй, технологийн дагуу зохиох, номын зохион бүтээлт, өнгө үзэмж сайтай байхад онцгой анхаарсан.
  •  Сурах бичгийн эдэлгээ, хэрэглээ даах чадварыг нэмэгдүүлэхийн тулд чанарын шаардлага хангасан цаасаар хэвлэн, оёж, наах технологийг нэвтрүүлээд байна.
  • Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн, ялангуяа нэгдүгээр ангийн сурагчдын үүрэх ачааг хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байхад анхаарч ажилласнаар нэгдүгээр ангийн нэг сурах бичгийн дундаж жин 140 грамм, нийт сурах бичгийн жин 1,5 кг-аас хэтрэхгүй байна.

Бага ангийн бүх сурах бичгийг Боловсрол, шинжлэх ухааны яамны болон багшийн хөгжлийн цахим хуудсанд байршуулснаар сурагч, эцэг эх болон бусад хэрэглэгчид сурах бичгийг интернетээр ашиглах боломжийг бүрдүүлээд байна. Цаашид дунд, ахлах ангийн сурах бичгийг электрон хэлбэрт оруулах ажлыг зохион байгуулна.

2014 онд шинээр хэвлэж буй ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг Монгол улсын үндэсний үйлдвэрлэгч “Соёмбо принтинг” ХХК, “Бит пресс” ХХК, “Мөнхийн-Үсэг” ХХК, “Адмон принт” ХХК, “Сод пресс” ХХК, “Би Си Ай” ХХК, “Тэнгэрлэг-Үсэг” ХХК, “Сэлэнгэ пресс” ХХК, “Өнгөт хэвлэл” ХХК, “Таван богд” ХХК, “Экимто” ХХК зэрэг хэвлэлийн үйлдвэрүүд хэвлэн нийлүүлж байна.