Монгол Улсад товлосон хугацаандаа ашиглалтад ордог орон сууц, барилга бараг байдаггүй юм. Тиймээс байр захиалах гэж байгаа уншигчдадаа хандаж сонгосон байраа жилээс хоёр жилийн дараа ашиглалтад орно гэж тооцоолоорой хэмээн нийтлэлийнхээ өмнөтгөлд захия.

Эс тэгвэл “Барилга-Асуудал”-д энэ удаа онцолсон орон сууцны хорооллын захиалагчид шиг жил дамнан хүлээж, мөнгө төгрөг, эд хөрөнгөөрөө хохирох вий гэдгийг давхар сануулъя.

 

БАЙРАА НЭХЭХИЙН ТУЛД ФЭЙСБҮҮК ГРУПП НЭЭЖЭЭ

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдвартын эцсийн буудлаас 200 метр зайд босч байгаа “Цагаан хуаран” гэх орон сууцны хороололд хоёр жилийн өмнөөс захиалга авч эхэлжээ. Энэ бол БНХАУ, Монгол Улсын Засгийн газрын гэрээний дагуу өмнөд хөршийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн төсөл. Нийт хөрөнгө нь 18 сая ам.доллар буюу 30 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй босох хотхон. Захиалагч нь “Цагаан хуаран консалтинг” компани бол гүйцэтгэгч нь “Бээжин констракшн” компани юм. Хоёр жилийн өмнө буюу 2012 оны хавар захиалга авахдаа эхний блокыг тэр оныхоо дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулна гэж захиалагч компанийнхан амлаж байж. 2012 онд “Цагаан хуаран” хотхоны ам метрийн үнэ зах зээлийн үнээс харьцангуй хямд байснаас 432 айлын эхний блокын захиалга дорхноо дууссан гэж байна. Гэвч өдийг хүртэл барилгын ажил үргэлжилсээр байгааг харах захиалагчид хүнд байдалд оржээ. Тэд урьдчилгаа мөнгөө өгөхийн тулд зээл тавьж, зарим нь хашаа байшингаа хүртэл заржээ. Байраа хүлээх явцдаа айл айлаар дамжин, хажуу өрөө түрээслэсээр анх бүрэн тавилгатай байснаа одоо хөргөгчтэйгөө л хоцорсноо нэгэн захиалагч ярьж байна. Түүнчлэн байргүйн дээр сургууль, цэцэрлэгийн улирал дөхөж амьдралд нь улам дарамт болж буйг онцлох захиалагчид олон байна. Түүгээр зогсохгүй аргаа барсан иргэд цахим хуудаст групп байгуулж нэгдэн, компанийнханд шаардлага тавих болжээ. Одоогоор тус группэд 250 орчим захиалагч нэгдээд байгаа аж.

 

ХОТХОНЫ ЭХНИЙ БЛОКЫГ ИРЭХ САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА ГЭЖЭЭ

400 гаруй захиалагч ийнхүү хоёр жил хүлээсэн шалтгааныг төслийн нэгжийн зохицуулагчаас тодруулахад “Барилгын ажил зургийн дагуу үргэлжилж байгаа. Манай гэр хорооллынхон газраа чөлөөлж өгөхгүй байсаар маш их цаг хугацаа алдсан. Санхүү, мөнгөтэй холбоотой жаахан асуудал гарсан. Яахав, ашиглалтад орох хугацаа нэг, хоёр сараар хойшилж байгаа. Гэхдээ ирэх сард эхний блокыг, үлдсэнийг нь энэ ондоо багтааж ашиглалтад оруулна. Манайд яг товлосон хугацаандаа ашиглалтад орчихдог барилга тун ховор шүү” гэж байна. Гэвч түүний яриа хариуцагч компани захиалагчдад өгсөн мэдээлэлтэй хол зөрөх юм.  Төслийн зохицуулагчийн ярьсанчлан газар чөлөөлөлт барилгын ажилд саад болсон гэсэн ч жилийн өмнө энэ асуудал шийдэгдээд, барилгын суурь босчихсон байсан талаар иргэд онцлов. Харин ажлын гүйцэтгэлд голчлон нөлөөлсөн нь санхүүжилт болон ажиллах хүчний квот байсан гэнэ. Манай Засгийн газраас санхүүжилтийг олгодоггүй бөгөөд барилга дээр ажиллах хятад ажилчдын квотыг баталж өгөхгүй байснаас олон монгол иргэн байрандаа орж чадахгүйд хүрсэн бололтой. Учир нь Хятадын хөнгөлөлттэй зээлээр, тус улсын улсын өмчит үйлдвэрийн газар хариуцаж байгаа болохоор заавал хятад ажилчдыг ажиллуулах сонирхолтой юм байна. Тиймээс хятад ажилчид нутаг буцчихаар барилгын ажил зогсчихдог байна. Одоогоор тус барилгад 200 орчим ажилчин байгаагаас 170 орчим нь БНХАУ-ын иргэн гэнэ.

Түүнээс гадна захиалагчдын хэлж буйгаар барилгын ажил ганц, хоёр сараар бус хоёр жилээр хойшилж байгаагаас гадна хоёр дахь блок нь энэ онд битгий хэл дараа жил ашиглалтад ороход бүрхэг гэнэ. Харин “Цагаан хуаран консалтинг” компани захиалагчдаа хоёр жилийн өмнөөс байранд оруулна гэсэн ч мэдээллийн самбартаа 2014 оны дөрөвдүгээр улиралд эхний блок, 2015 оны нэгдүгээр улиралд хоёр дахь блокоо хүлээлгэж өгнө гэжээ. Цахим хуудсаар нэгдсэн захиалагчид олон сарын турш тэмцсээр өнгөрсөн зургадугаар сараас эхлэн долоо хоног бүр барилгын ажлын явцын мэдээллийг авч байхаар тохиролцжээ. Тэр үед захиалагч компани долдугаар сарын 31-нд байрандаа ор гэсэн ч бас л хойшлогдож, ирэх сарын 31 болж товлогдсон байна. Хэрэв тэр үед байрандаа орж чадахгүй бол захиалагчид суулт зарлахаар ярьцгаажээ.